Хайх

“Bridgerton” цувралын гуравдугаар бүлгийн тов зарлагдлаа

“Bridgerton” цувралын гуравдугаар бүлгийн тов зарлагдлаа

Text: Buro.Mongolia


Зохиолч Жулиа Куинны найман боть номоос сэдэвлэн бүтээсэн Netflix-ийн хамгийн амжилттай кинонуудын нэг болох “Bridgerton” цувралын эхний бүлэг цацагдсан даруйдаа 28 хоногийн дотор 82 сая үзэлтийг дэлхий даяар цуглуулж чадсан түүхтэй. Харин өнөөдрийн байдлаар эхний бүлэг нь Netflix-ийн хамгийн их үзэлттэй цувралын дөрөвдүгээрт, хоёрдугаар бүлэг нь наймдугаар байранд тус, тус жагсаж амжилтаа алдаагүй яваа юм. Тэгвэл цувралын гуравдугаар бүлэг нийт хоёр хэсэгтэйгээр 2024 оны зун цацагдахаар болсон тухай баярт мэдээг кино багынхнаас дуулгалаа. Эхний хэсэг нь тавдугаар сарын 16-нд, дараагийн хэсэг нь зургаадугаар сарын 13-ны өдөр тус бүр дөрвөн ангитайгаар үзэгчдийн хүртээл болох аж.

Цувралын эхний бүлэгт Дафни Бриджертон, Саймон Бассет нарын гэнэн хонгор атлаа гал халуун хайрын тухай өгүүлсэн бол удаах бүлэгт Дафнигийн ах Энтони Бриджертон болон эгч дүүс Кейт Шарма, Эдвина Шарма нарын ээдрээтэй хайрын гурвалжны тухай харуулдаг. Тэгвэл шинэхэн бүлэг цувралын гол зангилаа болох хатагтай Уислдаун буюу Пенелопа Фезерингтон болон Колин Бриджертон нар дээр төвлөрөх болно. Түүнчлэн хатагтай Уислдаун тус бүлэгт маш олон цочирдом, гэнэтийн нууцуудыг задлах болно гэдгийг кино багынхнаас зарлажээ. 

Мөн үзэгчдийн хамгийн хайртай дүрүүдийн нэг Саймон Бассет буюу жүжигчин Реже-Жин Пэйжийг гуравдугаар бүлэг дээр эргэн ирж магадгүй хэмээн олон нийт нууцхан горьдлого тээж байсан билээ. Харамсалтай нь Реже-Жин Пэйж цувралд дахин тоглох боломжгүй болсон гэдгээ өөрийн Instagram-аараа дамжуулан мэдэгдсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх