Хайх

Холливүүдэд ямар кино зохиол зонхилж байна вэ?

Холливүүдэд ямар кино зохиол зонхилж байна вэ?

Beasts of No Nation, Son of Saul, Carol

Text: Б.Энхжин


Өнгөрч буй 2015 онд бүтээгдсэн Холливүүдын кинонууд ямар зохиолтой байгааг Холливүүд Репортер сэтгүүл шинжилсэнээс бид танд түүвэрлэн хүргэж байна

Холливүүдын шагналын улирал улам ойртсоор. Тэгэхээр Оскарын шагнал гардуулах ёслол эхлэхээс өмнө кинонуудад ямар зохиол давамгайлж байгааг сонирхоод үзье. Холливүүдын кинонууд урьдын адил өшөө авалт, гэмт хэрэг, донтолт зэрэг нэг үгээр харгис, балмад үйл явдлыг тойрон эргэлдсэн хэвээрээ л байна. Харин нийгмийн асуудлыг тусгаж, өөртэйгөө зөрчилдөж буй хүмүүсийг харуулсан кино одоо л гарч ирж байна. Жишээ нь Аарон Смитийн бичсэн Стив Жобс киноны Жобсын амжилтанд хүрэхийн тулд гаргаж буй хэрцгий зан чанар, Чарли Кауфманы Аномализа хүүхэлдэйн киноны өөртэйгөө зөрчилдөж буй баатрыг энд дурьдаж болох юм. 

Холливүүдэд ямар кино зохиол зонхилж байна вэ? (фото 1)

Хайр дурлал
Хайр дурлалын сэдвээс уламжлалт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондоо сэтгэлтэй болдог энгийн түүх одоо мартагдах нь уу гэлтэй. Оскарын шагналд олон төрлөөр нэр дэвших боломжтой "Carol" кинонд хоёр эмэгтэй хүний хайр сэтгэлийн талаар өгүүлдэг. Энэ киног Патриция Хайсмитын зохиолоос санаа авч Филлис Наги зохиолыг бичжээ. Мөн "The Danish Girl" киноны хувьд трансжендер Лили Эби болон түүний эхнэрийн харилцааны талаар өгүүлэх ба Дэвид Эберсхоффын зохиолоос Люсинда Коксон санаа авч бичжээ.

Ник Хорнби "Brooklyn" киногоо Колм Тойбины зохиолоос сэдэвлэж бүтээсэн ба 1950-д оны үеийн Ирландаас ирсэн цагаач хосын талаар өгүүлнэ. Харин Орен Моверман болон Майкл Алан Лейнер нарын "Love&Mercy" кино 1960-1980-аад оны хүмүүсийн хайрын талаар өгүүлэх бол Анжелина Жолигийн "By the Sea" кинонд 1970-аад онд хүмүүсийг хооронд нь албадан гэрлүүлдэг байсан талаар гарна. 

Холливүүдэд ямар кино зохиол зонхилж байна вэ? (фото 2)

Холливүүд хэв маягтай түүхэн хичээлүүд
Найруулагч Жон Макнамар "Trumbo" киногоо Брюс Күүкийн номноос сэдэвлэж бүтээсэн ба шилдэг кино зохиолч Далтон Трамбо хэрхэн хар жагсаалттай нүүр тулж, амьд гарсан талаар өгүүлнэ. Жеймс Вандербилтын "Truth" кинонд Дан Радер болон найруулагч Мэри Мэвисийн тухай гарах ба киног Мэвисийн дурсамжаас сэдэвлэн бүтээжээ. Дараагийн түүх өгүүлэх кино бол Мэтт Чарман, Итан Коэн нарын "Bridge of Spies" кино бөгөөд үзэгчдийг Хүйтэн дайны үе рүү эргэн аваачих болно.

Холливүүдэд ямар кино зохиол зонхилж байна вэ? (фото 3)

Тэмцэл, хүчирхийлэл
Энэхүү сэдвээр бүтээгдсэн киноны талаар бичихэд богино жагсаалт хангалтгүй. Кевин Уилмотт болон Спайк Ли нар "CHI-RAQ" кинондоо өнгөт арьстнуудын хүчирхийллийн талаар харуулжээ. Тэгвэл цагдаа нарын харгис, дээрэнгүй байдлын талаар найруулагч Жонаттан Хэрман болон Андрэа Берлофф нар "Straight Outta Compton" нэртэй кино бүтээсэн байна.  Хар тамхины эсрэг тэмцэж буй зохиол Холливүүдын тайзнаас холдох болоогүй бөгөөд Тэйлор Шерипаны "Sicario" киноноос ийм зүйл үзэж болно. Мөн католик сүм дэх бэлгийн дарамт, мөлжлөгийн талаар "Spotlight" киногоороо Жош Сингер болон Том МакКарти нар үзүүлсэн байна. Хүчирхийллийн сэдэв дотор сүүлийн үед хүчтэй байр суурь эзлэх болсон Африкийн хүүхдийн армийн талаар Кэри Фукунага "Beasts of No Nation" кинондоо үзүүлжээ.

Эдгээр жагсаалт цааш дуусахгүй мэт хөврөнө. Харин бид удахгүй дэгдэх шилдэг кино шалгаруулах "шуурга"-нд өртөж болзошгүй гэсэн гол бүтээлүүдээс онцлон сонирхлоо. 

цааш үзэх