Хайх

Хоёрдугаар сард цацагдах шинэ кино, цувралууд

Text: Buro.Mongolia


Кино урлаг, телевизийн салбар өмнөх оны шилдгүүдээ шалгаруулж буй энэхүү  "шагналын улиралд" олон шинэ бүтээл нээлтээ хийж, кино сонирхогчдод бэлэг барих нь ээ. Ийнхүү үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байгаа хоёрдугаар сард цацагдах онцлох кино, цувралуудыг танилцуулж байна.

"Mr. & Mrs. Smith"

Цацагдах огноо: Хоёрдугаар сарын 2

Amazon Prime Video стриминг платформын албан ёсны бүтээл болох, "Mr. & Mrs. Smith" киноны шинэчилсэн хувилбар ирэх сарын 2-ноос эхлэн 8 ангит цуврал болж цацагдана. Ноён Смитийн дүрд дуучин, жүжигчин Дональд Гловер, хатагтай Смитийн дүрд жүжигчин Майя Эрскин тоглож байгаа юм. 


"The Jungle Bunch: Operation Meltdown"

Нээлтээ хийх огноо: Хоёрдугаар сарын 2

Ширэнгэн ойд амьдрах өхөөрдөм амьтдын сонирхолтой түүх дахин үргэлжлэхээр боллоо. Энэ удаа тэдний амьдардаг ойд хорт бодис тархаж, амьтад золгүй байдлаар үрэгдэж эхэлнэ. Тэд ой болон найзуудаа аврахын тулд ерөндгийг хайхаар дэлхийг тойрон аялж буйгаар үйл явдал өрнөнө. 


"Dead Man"

Нээлтээ хийх огноо: Хоёрдугаар сарын 7

Чу Жин Үн, Ким Хи Э, И Сү Гён зэрэг чадварлаг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй тус бүтээл нь И Ман Жэ хэмээх залуу санамсаргүй байдлаар 100 тэрбум вон завшсан хэрэгт гүтгэгдэж хятадын шоронд хоригдож буйгаар эхэлнэ. Харин түүнийг Өмнөд Солонгос улсад нас барсан гэж бүртгэх бөгөөд Ман Жэ Хятад улсын шоронгоос зугтаж, өөрийг нь хэрэгт гүтгэсэн хүнийг барихаар эх орондоо ирж буйгаар үйл явдал өрнөнө. 


"A Killer Paradox"

Цацагдах огноо: Хоёрдугаар сарын 9

"Parasite" бүтээлээрээ олонд танигдаж чадсан жүжигчин Чой Ү Шиг болон этгээд алуурчны дүрийг бүтээхдээ гарамгай жүжигчин Сун Сог Ү нарын шинэхэн бүтээл Netflix-ээр цацагдахаар болжээ. Жүжигчин Чой Ү Шиг тус цуврал дээр гэнэн цайлган төрхтэй цуврал алуурчны дүрийг бүтээж байгаа бол эсрэгээр нь жүжигчин Сун Сог Ү мөрдөгчийн дүрд тоглож байгаа юм. 


"Upgraded"

Нээлтээ хийх огноо: Хоёрдугаар сарын 9

Урлагт хайртай боловч карьертаа ахиц, дэвшил гаргаж чаддаггүй дадлагажигч бүсгүй Ана нэгэн өдөр онгоцонд таарсан залуудаа өөрийгөө амжилттай яваа, захирал бүсгүй хэмээн худлаа ярьснаар үйл явдал эхэлнэ. Гол дүрд "Riverdale" цувралаараа олонд танигдсан Камила Мендес болон "Spider-Man" бүтээлээрээ алдартай Мариса Томей нар тоглосон юм.


"Lola"

Нээлтээ хийх огноо: Хоёрдугаар сарын 9

Лола хүчирхийлэгч эцэг, эхээсээ холдож, дүүтэйгээ цуг өөр хот руу нүүхийн тулд олон ажил зэрэг хийдэг нэгэн. Гэвч нэг шөнө түүнд санаанд оромгүй, гэнэтийн зүйл тохиолдсоноор үйл явдал эхэлнэ. 


"Madame Web"

Нээлтээ хийх огноо: Хоёрдугаар сарын 14 

Удтал хүлээлгэсэн Marvel-ын ертөнцийн цоо шинэ франчайз "Madame Web" нээлтээ хийхэд бэлэн болжээ. Тус бүтээлд Дакота Жонсон, Сидни Суини, Эмма Робертс зэрэг салбартаа танигдсан алдартай жүжигчид дүр бүтээж байгаа юм. Үйл явдалд Кассандра Уэбб хэмээх бүсгүй нэгэн ослын улмаас ирээдүйг зөгнөх чадвартай болдог ба цаашлаад гурван охиныг гэнэтийн үхлээс аврах шаардлагатай нүүр тулна. 


"Players"

Нээлтээ хийх огноо: Хоёрдугаар сарын 14

Буг чөтгөр Люциферийн дүрээр бүсгүйчүүдийн сэтгэлийг татаад амжсан жүжигчин Том Эллис романтик, инээдмийн жанрын "Players" киногоор Netflix-т эргэн ирж байна. Валентины өдөр цацагдах тус бүтээл нь үзэгчдийн дунд нэлээдгүй хүлээлт үүсгээд байгаа гэнэ. 


"Mission: Cross"

Нээлтээ хийх огноо: Хоёрдугаар сарын 25

Нэгэн цагт хамгийн шилдэг тагнуулч гэгдэж байсан Кан Мү тэтгэвэртээ гарч, эхнэртээ туслан, гэртээ цагийг өнгөрөөдөг болсон байлаа. Нэг өдөр түүнд хуучин ажлаас нь аюултай даалгавар ирснээр үйл явдал өрнөнө. 


"Exhuma"

Нээлтээ хийх огноо: Хоёрдугаар сард

"Old Boy", "I Saw the Devil" зэрэг сэтгэлзүйн, триллер төрлийн кинонуудаараа олонд танигдсан жүжигчин Чой Мин Шигийн ээлжит бүтээл "Exhuma" ирэх сард цацагдахаар болжээ. Тус бүтээлд жүжигчин Ким Гу Ин, И Ду Хён нар бөөгийн дүрийг бүтээж байгаа ба кинонд нэгэн айлд шүглэсэн аймшигт чөтгөрийг үгүй хийхээр хичээж буй залуусын тухай өгүүлэх аж.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх