Хайх

Киану Ривзийг хайрлах 7 шалтгаан

Киану Ривзийг хайрлах 7 шалтгаан

Төрсөн өдрийн мэнд!

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Киану Ривз 55 нас хүрлээ! Сайн жүжигчин, сайн хүн, Холливүүдийн хамгийн сонирхолтой баатруудын нэг гээд түүнийг тодорхойлох үгс маш олон бий.

Хэдэн жилийн өмнө гудамжинд сандал дээр суун, гунигтайгаар хачиртай талх идэж буй Киану Ривзийн зураг цахим ертөнцөд цацагдсаны дараа түүний талаарх олон зуун мим дэлгэрсэн бөгөөд өнөөдөр тэрээр жинхэнэ домог, "мим хүн" болсон гэхэд хилсдэхгүй. Бид Киану Ривзийн төрсөн өдрийг тохиолдуулан түүнийг хайрлах шалтгаануудыг дэлгэж байна.

"The Matrix" киноны төлөө

Киану Ривзийг хайрлах 7 шалтгаан (фото 1)

Киану Ривзийн урын санд байгаа хамгийн алдартай бөгөөд хамгийн сайн бүтээлүүдийн нэг бол яах аргагүй "The Matrix" кино юм. Өнөөдөр энэхүү киноны харилцан яриа, кадр бүр домог болж, компьютер график, кино зохиол нь олон арван бүтээлийг шинээр мэндлэхэд хүргээд зогсохгүй шүтэн бишрэгчдийн бүхэл бүтэн арми үүссэн билээ.

Стандарт бус хоббитой байсных нь төлөө

Киану Ривзийг хайрлах 7 шалтгаан (фото 2)

Тийм ээ, өнөөдөр Киану Ривз 55 нас хүрч, нам гүн амьдрах болсон ч залуу насандаа тэрээр олон сонирхолтой зүйлсийг хийж байв. Жишээ нь тэр Америкийн ард түмний "стандарт" спорт гэж хэлж болох хоккейн спортоор хичээллэж байсан удаатай. Хачирхалтай нь Киануд өөрт нь Америк гэх зүйлс асар ховор байсан юм. Түүний аав нь Хавай, Хятадын эрлийз бол ээж нь Англи эмэгтэй. Гэхдээ үүнийг үл харгалзан Киану сургуулийнхаа хоккейн багт амжилт гаргаж, хаалгачийн үүргээ сайн биелүүлснийхээ төлөө "Хана" хэмээх хоч авч, тэр ч бүү хэл MVP буюу хамгийн үнэ цэнэтэй тоглогч болж байжээ. Сонирхуулахад түүний хамгийн анхны томоохон кино ч бас хоккейтoй холбогдож байв. Тэрээр 1986 онд "Youngblood" кинонд хаалгачийн дүрийг бүтээж байсан түүхтэй.

Түүний бас нэгэн хобби нь дуу хөгжим. 1980-аад онд Киану Dogstar нэртэй гранж хамтлагийн гитарчин байсан бөгөөд үүнээс 20 жилийн дараа Becky гэх хамтлагийн гишүүн болсон байдаг.

Тэсвэр хатуужлынх нь төлөө

Киану Ривзийг хайрлах 7 шалтгаан (фото 3)

Ирээдүйн супер одын хүүхэд нас Холливүүдээс холхон өнгөрсөн. Үнэн хэрэгтээ унших чадваргүй (дислекси) хүүхэд ирээдүйд жүжигчин болно гэж мөрөөдөж ч байгаагүй биз ээ. Гэсэн хэдий ч өвчин эмгэг, хар тамхины хэргээр шоронд хоригдож буй аав, дахин гэрлэсэн ч хувийн амьдрал нь бүтэлгүйтсэн ээж зэрэг хүнд хэцүү зүйлсийг үл харгалзан тэрээр өөрийн амьдралаа босгож чадсан юм.

Харамсалтай нь 2000-аад оны эхэн үед түүний амьдралд дахин хоёр эмгэнэлт явдал тохиолджээ. Эхлээд түүний бие давхар найз бүсгүй Женнифер Сайм төрөхөөс долоо хоногийн өмнө хүүхдээ алдсан бол энэ явдлаас нэг жилийн дараа тэрээр автомашины осолд орон таалал төгссөн юм.

Дүрийн сонголтынх нь төлөө

Киану Ривзийг хайрлах 7 шалтгаан (фото 4)

Түүнийг домог болгосон "The Matrix", "John Wick" кинонуудаас гадна Киану Ривз хэд, хэдэн сайн кинонд тоглосон байдаг. Тухайлбал Гас Ван Сентийн "My Own Private Idaho", Тейлор Хэкфордын "The Devil's Advocate", Стивен Фрирзийн "Dangerous Liasons", Алехандро Агрестигийн "The Lake House", Бернардо Бертолуччигийн "Little Buddha" зэрэг бүтээлүүдийг дурдаж болно.

Оскарын шагнал аваагүйнх нь төлөө

Киану Ривзийг хайрлах 7 шалтгаан (фото 5)

Зарим жүжигчид Оскарын шагнал хүртэхэд дэндүү "гоёдсон" мэт санагддаг уу? Тэгвэл тэдгээр жүжигчдийн нэг нь гарцаагүй Киану Ривз гэдэгт итгэлтэй байна.

Ард түмэнтэй ойр байдгийнх нь төлөө

Киану Ривзийн талаар цацагдаж буй мэдээллийн дийлэнх нь түүний карьерын талаар бус харин шүтэн бишрэгчидтэйгээ хэрхэн харилцдаг тухай байдаг. Тухайлбал тэртээх 2001 онд тэрээр залуу шүтэн бишрэгчээ баярлуулахын тулд зайрмаг худалдан авч, баримт дээр нь гарын үсгээ зуран өгч байв. Харин саяхан Стейси Хант гэх шүтэн бишрэгч бүсгүй гэрийнхээ гадаах талбайд Киану Ривзэд зориулан "Чи гайхалтай" гэсэн бичигтэй самбар өлгөсөн байсан бол үүнийг нь олж харсан Киану тэрхүү самбар дээр "Стейси чи гайхалтай" хэмээн нэмж бичиж, гарын үсгээ зурж үлдээжээ. Ингээд ч зогсохгүй алдарт жүжигчин эмнэлгүүдийг спонсорлож, гудамжинд төөрсөн хүмүүст тусалж, тэр ч бүү хэл ослын буулт хийж буй онгоцны зорчигчдыг тайвшруулахын тулд хөгжөөдөг. Ямартаа ч энэ жил түүнийг Time сэтгүүлийн оны онцлох хүнээр нэрлэхийг хүссэн шүтэн бишрэгчидтэй бид 100% санал нийлж байна.

Загварын сонголтынх нь төлөө

2019 оны дөрөвдүгээр сард Киану Ривз Saint Laurent брэндийн эрэгтэй хувцасны нүүр царайгаар тодорсон билээ. Францын алдарт загварын ордны хувцсыг өмссөн Киану огт хичээл зүтгэл гаргаагүй атлаа маш догь харагдаж байсан гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Тус брэндийн бүтээлч захирал Энтони Ваккарелло тэр бүр шинэ төсөлд оролцоод байдаггүй жүжигчнийг хамтран ажиллахыг ятгаж чадсанд гайхахын зэрэгцээ маш их баярлаж байна.

 

цааш үзэх