Найруулагч Кристофер Ноланы шинэ төсөлд дүр бүтээх жүжигчид зарлагдлаа
Ихэвчлэн цаг хугацаа, сансар огторгуй, сэтгэлзүй гэхчлэн шинжлэх ухааны нарийн сэдвүүдийг бүтээлүүддээ тусгаж өгдөг Оскарын шагналт найруулагч Кристофер Нолан өнгөрсөн сард шинэ төсөл дээр ажиллаж буй талаараа мэдэгдсэн билээ. Одоогоор киноны нэр, зохиол, үйл явдал гэхчлэн чухал мэдээллүүд цацагдаагүй байгаа хэдий ч тус бүтээлд тоглох жүжигчдийн нэрс зарлагдсан байна.
Найруулагч Кристофер Нолан түлхүү өмнө нь хамтарч байсан жүжигчидтэйгээ дахин гар нийлж ажилладаг гэдгээрээ алдартай. Тэр ч утгаараа жүжигчдийн бүрэлдэхүүнд түүний Interstellar бүтээлд тоглож байсан Мэтт Дэймон, Энн Хэтэуэй, мөн Tenet кинонд дүр бүтээсэн Роберт Паттинсон, Жон Дэвид Вашингтон нар нэгджээ. Цаашлаад Оскарын шагналт жүжигчин Шарлиз Терон, мөн Холливүүдийн хамгийн алдартай хос болох Зендея, Том Холланд нар тус кинонд дүр бүтээхээр болсон нь үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа юм.
Түүнчлэн жүжигчин Том Холланд Good Morning America нэвтрүүлэгт оролцохдоо энэ талаар дурдсан бөгөөд тэрээр "Дүрийн санал ирэхэд амьдралд ганц тохиох боломж мэт санагдсан. Арван жилийн өмнө Хүн-Аалзны дүрд тоглох санал ирэхэд яг ингэж баярлаж, догдолж байсан юм. Тус бүтээлд дүр бүтээнэ гэдэг миний хувьд үнэхээр гайхалтай, бахархууштай зүйл гэж хэлж болно" хэмээжээ.
Киноны зураг авалт ирэх оны дундуур эхлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2026 оны долоодугаар сарын 17-нд нээлтээ хийхээр товлогджээ.