
Памела Андерсон болон Лиам Нисон нар болзож эхэлжээ
Алдарт жүжигчид Памела Андерсон болон Лиам Нисон нар болзож эхэлсэн тухай People сэтгүүл мэдээлжээ. Тэд энэ наймдугаар сарын 1-нд үзэгчдийн хүртээл болох The Naked Gun кинонд хамтран тоглосон бөгөөд зураг авалтын үеэр хосууд нэгэндээ татагдаж, болзож эхэлсэн байна.
Тодруулбал Памела Андерсон болон Лиам Нисон нар Лондон болон Нью-Йорк хотод болсон The Naked Gun киноны улаан хивсний арга хэмжээнүүдэд оролцож байх үедээ нэгнээ тэвэрч, үнсэж байсан нь олны анхаарлыг багагүй татаад амжжээ. Мөн Лиам Нисон “Би Памелад ухаангүй дурласан. Түүнтэй хамтарч ажиллах үнэхээр гайхалтай байсан” хэмээн нэгэн ярилцлагынхаа үеэр дурдсан бол Памела Андерсон түүнийг "жинхэнэ эрхэмсэг эр хүн" тодотгон хэлсэн байна.
Жүжигчин Лиам Нисоны хувьд 2009 онд эхнэр Наташа Ричардсоныг ослоор алдаж, хэцүүхэн цаг үеийг туулсан. Харин Памела Андерсоны хувьд 2020 онд өөрийн бие хамгаалагч Дэн Хэйхурсттай гэрлэлтээ батлуулсан боловч тэд 2022 онд хоёр тийш болсон юм.
