Хайх

Ямар кино үзэх вэ?: Үзэгчдийн дунд эрэлттэй байгаа онцлох 8 цуврал

Ямар кино үзэх вэ?: Үзэгчдийн дунд эрэлттэй байгаа онцлох 8 цуврал

Text: Buro.Mongolia


Оюутан сурагчдын амралт эхэлсэн, их хотын хөл хөдөлгөөн багассан, баяр наадмын өдрүүд ар араасаа цуварсан урин дулааны улирал эхэлжээ. Үүнийг дагаад сэтгэл сэргээм үйл явдлаар дүүрэн, сонирхолтой адал явдлаар баялаг, үзэгчдэд хором ч уйдах завдал өгөмгүй олон бүтээлүүд нээлтээ хийгээд амжсан байна. Эдгээрээс бид үзэгчдийн дунд хамгийн их эрэлттэй байгаа найман цувралыг танилцуулахаар бэлтгэлээ.


Lovely Runner

Lovely Runner цувралын үйл явдал алдартай хөвгүүдийн хамтлагийн дуучин Рюү Сунжэ нэгэн өдөр амиа хорлосон талаар мэдээлэл цацагдаж буйгаар эхэлнэ. Харин энэ үеэр тус хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч бүсгүй Им Сул гэнэтийн байдлаар цаг хугацаагаар аялж, 2009 онд ирсэн байна. Ийнхүү Им Сул энэ боломжийг ашиглан хайртай дуучнаа аврахаар шийдсэнээр үйл явдал цааш өрнөнө. 

Тус бүтээлийн гол дүрүүдэд залуу жүжигчин Бён Ү Сог болон Ким Хэ Юүн нар тоглосон ба цуврал цацагдсан даруйдаа үзэгчдийн хоног тоолон хүлээдэг цувралуудын нэгт бичигдэж эхэлжээ. Мөн жүжигчин Бён Ү Сог энэхүү бүтээлд тоглохын тулд усан сэлэлт, дуу, бүжгийн мэргэжлийн дамжаанд хамрагдаж, цувралынхаа дуунуудаас өөрөө дуулсан гэнэ. Сонирхуулахад, түүний цувралдаа зориулан дуулсан Sudden Shower дуу нь Солонгос улсын хөгжмийн чартуудыг тэргүүлээд байгаа билээ.

Та тус цувралыг TVING платформоос үзэх боломжтой.


The Big Cigar

1960-аад онд маш алдартай байсан Африк гаралтай Америкийн хувьсгалч, улс төрийн идэвхтэн Хьюи П. Ньютоны бодит түүхээс сэдэвлэсэн тус цуврал нь нээлтээ хийсэн даруйдаа нийгмийн сүлжээн дэх халуун ярианы сэдвүүдийн нэг болсон юм. Хьюи П. Ньютон нь тухайн үед Black Panther Party хэмээх нийгэмлэгийг байгуулж, нийгэмд тустай 60 гаруй төслийг санаачилж байсан түүхтэй. Гэвч тэрээр 1967 онд хүн амины хэрэгт сэжиглэгдэж, хилээр гарах эрхээ хязгаарлуулсан бөгөөд улмаар Холливүүдийн продюсер Берт Шнайдертай хамтран The Big Cigar гэх хуурамч кино бүтээх нэр доор Куба улс руу дүрвэх ажиллагаа явуулахаар шийдсэн гэдэг. 

Цувралын гол дүрд Moonlight бүтээлээрээ олонд танигдсан жүжигчин Андре Холланд тоглосон байна. 

Та тус цувралыг Apple TV + платформоос үзэх боломжтой.


Bridgerton гуравдугаар бүлэг

Тэртээ 1800-аад оны эхэн үеийн Их Британид өрнөх романтик, сонирхолтой үйл явдлыг өгүүлэх Bridgerton цувралын гуравдугаар бүлэг үзэгчид төдийгүй кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байна. Цуврал Netflix платформ дээр цацагдсан эхний долоо хоногтоо 2.3 тэрбум минутын үзэлтийг цуглуулж өмнөх хоёр бүлгийнхээ амжилтыг эвдэж чаджээ. Та тус цувралын талаарх сонирхолтой баримтуудыг уншихыг хүсвэл энд дараарай. 

Та тус цувралыг Netflix платформоос үзэх боломжтой.


The Atypical Family

Эрт үеэс өвлөгдөж ирсэн ер бусын хүч чадалтай нэгэн гэр бүл орчин үеийн амьдралын хэв маягаас шалтгаалан хүчээ ашиглах боломжгүй болдог. Харин тэдний амьдралд Ду Да Хэ гэх бүсгүй гарч ирснээр жигтэй бөгөөд хачирхалтай үйл явдал тохиолдож эхэлнэ. 

The Atypical Family цуврал нь яг одоо Netflix-ийн Англи хэл дээрх биш (non-English) шилдэг бүтээлүүдийн жагсаалтын зургаадугаар байранд бичигдэж байгаа билээ. Мөн тус цувралд Avengers: Age of Ultron, Fantastic Beasts зэрэг бүтээлүүдэд тоглож байсан чадварлаг жүжигчин бүсгүй Клаудиа Ким дүр бүтээсэн гэдгээрээ үзэгчдийн анхаарлыг татаад байгаа юм. 

Та тус цувралыг Netflix платформоос үзэх боломжтой.


Under the Bridge

Killers of the Flower Moon киногоороо олон нийтийн хараанд өртөж чадсан жүжигчин Лили Гладстоны тоглосон Under the Bridge цуврал Hulu платформ дээр цацагдсан даруйдаа тэдний хамгийн амжилттай бүтээлүүдийн нэгт тооцогдох болжээ. Энэхүү цувралыг бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд үйл явдалд 14 настай охин Рина Вирк найзуудтайгаа үдэшлэгт явсан боловч гэртээ эргэж ирдэггүй. Удалгүй өсвөр насны долоон охин, нэг хөвгүүн аймшигт хүн амины хэрэгт сэжиглэгдэж эхэлснээр цуврал цааш өрнөнө. 

Та тус цувралыг Hulu платформоос үзэх боломжтой.


Doctor Who 14-р бүлэг

1963 оноос эхлэн одоог хүртэл гарч байгаа тус цуврал нь бүх цаг үеийн түүхэнд төрсөн хамгийн шилдэг бас хамгийн урт хугацааны туршид гарсан цувралуудын нэг билээ. Мөхөх дөхөхөөрөө шинэ биед төрж, шинэ зан авиртай болдог 2,000 гаруй настай Доктор нэртэй харь гарагийн хүний тухай ер бусын, адал явдлаар дүүрэн түүхийг өгүүлэх тус цувралын 14-р бүлэг үзэгчдийн анхаарлыг нэлээдгүй татаад байгаа юм. Энэ удаад гол дүрд Sex Education цувралаар нь бидний сайн мэдэх жүжигчин Нкути Гатва тогложээ.

Цувралын бүлэг бүр өөр, өөр цаг хугацаанд шинэ Докторын дүртэйгээр эргэн ирдэг учир цувралыг заавал эхнээс нь гэлтгүй аль ч улирлаас нь эхлэн үзэх боломжтой юм. 

Та тус цувралыг Disney+ платформоос үзэх боломжтой.


Eric

Алдартай хүүхдийн нэвтрүүлгийн зохион бүтээгч Винсентийн есөн настай бяцхан хүү нэгэн өдөр ор сураггүй алга болсноор үйл явдал эхэлнэ. Хүүхдэдээ хангалттай цаг зав зарцуулж чадаагүйдээ Винсент өөрийгөө буруутгаж, маш ихээр гэмшинэ. Арга ядсан тэрээр эцэст нь хүүгийнхээ зурсан Эрик гэх мангас хүүхэлдэйг бүтээж, түүнийгээ зурагтаар гаргаж чадвал хүү нь эргээд ирнэ гэх бяцхан найдлага тээж эхэлнэ. Харин түүний санааг ажлын хамт олон, гэр бүл нь эсэргүүцэж эхэлснээр үйл явдал цааш өрнөнө.

Тус цувралд үзэгчдийн хайр хүндэтгэлийг хэдийн хүлээгээд амжсан чадварлаг жүжигчин Бенедикт Камбербэтч дүр бүтээжээ. Eric цувралын зураглал, үйл явдал үзэгчдэд яг л ер бусын, мөрөөдлийн ертөнцөд нууцлаг гэмт хэрэг гарч байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан хэмээн сайшаагдаад байгаа юм. 

Та тус цувралыг Netflix платформоос үзэх боломжтой.


The 8 Show

Яг одоо Netflix дээрх Англи хэл дээрх биш (non-English) шилдэг бүтээлүүдийн жагсаалтыг тэргүүлж буй тус цуврал нь цацагдсанаасаа хойш 33.2 сая цагийн үзэлтийг цуглуулаад байгаа юм. Хэрвээ танд Squid Game, The Platform зэрэг бүтээлүүд таалагдаж байсан бол тус цувралыг цаг алдалгүй эхлүүлээрэй гэж зөвлөе.

Санхүүгийн асуудлаас зугтахын тулд амиа хорлохын даваан дээр байгаа найман хүнд их хэмжээний мөнгөн шагналтай нууцлаг реалити шоунд оролцох санал ирснээр үйл явдал эхэлнэ. Удалгүй шоуны даалгавар, үйл явц оролцогчдыг харгис, хэрцгий, хүний мөсгүй зан чанар гаргаж эхлэхэд хүргэснээр цааш өрнөнө. 

Та тус цувралыг Netflix платформоос үзэх боломжтой.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх