Хайх

Жорж Клуни: Хэрвээ чамд хошин зан байхгүй бол чи хэзээ ч амьдралын сайхан зүйлсийг олж харахгүй

Жорж Клуни: Хэрвээ чамд хошин зан байхгүй бол чи хэзээ ч амьдралын сайхан зүйлсийг олж харахгүй

Олон төрлийн сэдэв хамарсан ярилцлага

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн “Hail, Caesar!” кино олны анхаарлын төвд байна. Бюрогийн Холливүүд дах сурвалжлагч Нелли Холмс уг киноны гол дүрийг бүтээсэн Жорж Клунитай уулзаж, түүнтэй киноны зураг авалт, эртний Холливүүд, хошин зан зэрэг өргөн сэдвээр ярилцлаа

Дур булаам Жорж Клуни 2000 онд ах дүү Коэны найруулсан "O Brother, Where Art Thou?" кинонд тоглож байсан билээ. Түүнд киноны найруулагчид маш их таалагдсан тул тэрбээр хэзээ нэгэн цагт дахин нэг уран бүтээл дээр хамтран ажиллахыг хүсч явжээ. Харин саяхан ах дуу найруулагчид Клунигийн хүслийг биелүүлэхээр шийдэж, "Hail, Caesar!" киног бүтээсэн байна. Энэхүү инээдмийн кино нь 1950-аад оны Холливүүдын кино студи дэх амьдралыг хошин маягаар өгүүлдэг юм. Жорж Клуни манай сурвалжлагчтай уулзаж, ах дүүстэй хамтран ажилласан сэтгэгдэл, мөн Дональд Трампын талаарх хувийн бодлоо хуваалцаж, нохойнд хичнээн их хайртайгаа илэрхийллээ.

"Hail, Caesar!" кино дээрх таны бүтээсэн Берт Уитлокийн дүр АНУ-ын Бүгд Найрамдах Намыг дэмждэг байсан жүжигчин Фред МакМюррегийн зан чанарыг өөртөө шингээсэн гэж би уншсан юм...

Тийм ээ, та зөв уншсан байна.

Гэхдээ Фред МакМюрре хэзээ ч коммунизмыг дэмжихгүй байсан болов уу?

Тийм ээ, энэ ч бас үнэн.

Та киноны дүрээ амилуулж эхлэхээсээ өмнө ямар нэгэн судалгаа, бэлтгэл хийсэн үү? Аль эсвэл тийм шаардлагагүй гэж үзсэн үү? Учир нь "Hail, Caesar!" кино нь инээдмийн жүжиг шүү дээ.

Би ямар нэгэн онцгой судалгаа хийгээгүй ээ. Жоэл, Итан хоёр (Жоэл ба Итан Коэн, киноны найруулагчид) миний дүрийн зохиолын хажууд зан чанарыг нь тодруулж өгсөн тэмдэглэл хийж өгсөн тул надад уур амьсгалд бүхлээрээ уусахад хангалттай мэдээлэл байсан. Түүнчлэн бид "O Brother, Where Art Thou?" кино дээр хамтран ажиллаж байхдаа тодорхой нэг томьёо гаргаж авсан. Тэр үед би зураг авалтын талбай дээр анх ирээд Эверетт дүрийг амилуулахдаа жинхэнэ мангуу хүний зан чанарыг харуулах ёстой хэмээн ойлгож, тэр ойлголтынхоо дагуу жүжиглэж эхэлснийг одоо ч санадаг юм. Гэтэл тэрийг харсан Коэн ах дуус надад миний алдааг зааж өгч, намайг тэнэг хүн шиг биш, харин эсрэгээрээ өөрийгөө хэт дөвийлгөсөн, дэлхийн хамгийн ухаантай хүн мэт жүжиглэхийг зөвлөж байсан юм. Надад тэр зөвлөгөө маш их таалагдсан. "Hail, Caesar!" киноны Берт Уитлокийн дүрийг яг л тийм хандлагаар амилуулсан байгаа. Би түүнийг компанийн хамгийн ухаантай залуу мэт дүрсэлсэн. Берт хүн бүрт коммунизмын үзэл суртлыг тайлбарлаж, энэ нь цорын ганц зөв сургаал мэт аашилдаг. Ерөнхийдөө би зарим тохиолдолд дүрээ бүтээхээс өмнө гүнзгий судалгаа хийх чухал шаардлагагүй гэж үздэг. Үүнтэй холбоотой нэгэн зүйл дурсах гэсэн юм. Миний хувьд жүжигчин Виктор Мэтьюр бүх үеийн хамгийн шилдэг нь санагддаг. Надад түүний тухай нэгэн түүх их таалагддаг юм. Нэгэн удаа түүнийг Лос-Анжелесын зуслангийн клуб руу нэвтрэн орохыг хориглож л дээ. Тэр үед клубын удирдлага жүжигчин мэргэжилтэй хүмүүст гишүүнчлэл нээхийг хориглодог байж. Харин Мэтьюр хариуд нь "Би жүжигчин биш гэдгээ батлахын тулд 75 кинонд тоглосон" хэмээн хэлсэн байдаг. Үүний гол утга нь бид дүр эсгэдэггүй. Бид харин энэ мэргэжлээрээ амьдардаг юм. Тиймээс та хичнээн их ном уншиж, хичнээн их судалгаа хийсэн ч бай, энэ нь таны жүжиглэлтэд том нөлөө үзүүлэхгүй. Дүрийнхээ ундаргыг та өөрийнхөө зан чанараас хайж олох хэрэгтэй. Энэ дашрамд хэлэхэд Виктор Мэтьюр, Берт Уитлок хоёр гаднах төрхөөрөө их төстэй санагддаг шүү.

Жорж Клуни: Хэрвээ чамд хошин зан байхгүй бол чи хэзээ ч амьдралын сайхан зүйлсийг олж харахгүй (фото 1)Жорж Клуни: Хэрвээ чамд хошин зан байхгүй бол чи хэзээ ч амьдралын сайхан зүйлсийг олж харахгүй (фото 2)

Бүтэн киноны турш ганцхан хувцас өмсөх нь их эвтэйхэн байх. Зураг авалтын  турш өмсөж өнгөрүүлсэн "юбка" танд хэр таалагдсан бэ?

Дажгүй юбка байсан шүү, тийм ээ?

Энэ кинон дээрх таны стилийг тодорхойлоход эхнэр Амаль тань ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн үү?

Үгүй. Түүгээр ч барахгүй Амаль энэ "хөгтэй" стильд ямар ч хамааралгүй гэдгээ бахархалтайгаар хэлэх байх. Жоэл, Итан хоёр анх намайг хувцсаа сольж байхыг хараад учиргүй инээж эхэлснийг би санадаг юм. Тэд намайг их удаан шоолсон шүү.

Тэгвэл гэргий тань таны өдөр тутмын стильд нөлөөлсөн үү?

Үнэнээ хэлэхэд үгүй ээ. Миний зарим нэг загварын зуршлууд түүнд таалагддаггүй байх магадлал өндөртэй. Гэхдээ тэр өөрийн үзэл бодлоо надад тулгадаггүй юм. Тухайлбал би ямар нэгэн чухал ёслолд хуучин хослол өмсөж очих нь Амальд ойлгомжгүй санагддаг байх. Эмэгтэйчүүдийн хувьд өмнө нь хэний ч харж байгаагүй даашинз сонгох нь онцгой ач холбогдолтой байдаг шүү дээ. Харин би бол ёслолд оролцохоосоо 30 минутын өмнө сагс тоглож байгаад хурдхан шүршүүрт орж, хуучин хослолуудынхаа нэгийг нь сонгоод өмсчихдөг. Амаль үнэхээр гайхамшигтай стильтэй хэдий ч, бид аль болох өөрийнхөөрөө байхыг хичээдэг.

Та хошин зураг зуруулах зорилгоор бүтээж байсан дүрүүдийнхээ аль нэг төрхийг сонгох хэрэг гарвал алийг нь сонгох байсан бэ?

Би "O Brother, Where Art Thou?" киноны Эверетт дүрд маш их дуртай. Энэ дүрийг ямар нэгэн байдлаар үргэлжлүүлбэл зугаатай байх болов уу гэж боддог. Мөн "Out of Sight" киноны Жек Фоулигийн дүр таалагддаг. Тэрхүү дүр маань өдийд хэр их өөрчлөгдсөнийг, өөдрөг зан чанараа алдсан эсэхийг харах нь сонирхолтой байхсан. Би үүгээрээ эдгээр киноны үргэлжлэлийг хиймээр байна гэсэн санаа агуулаагүй юм. Надад зүгээр л эдгээр дүрүүд маш их сонирхолтой санагддаг тул, энэ дүрүүд үргэлжилсэн бол яаж өөрчлөгдөх байсныг мэдэх сониуч зан төрөөд байдаг юм. Би ер нь л тоглосон дүр бүрээ сэтгэлдээ авч үлдэж, толгойдоо тэдний амьдралын түүхийг төсөөлдөг.

"Харин би бол ёслолд оролцохоосоо 30 минутын өмнө сагс тоглож байгаад хурдхан шүршүүрт орж, хуучин хослолуудынхаа нэгийг нь сонгоод өмсчихдөг"

Сонин асуулт байж болзошгүй ч гэлээ танаас асуухаар шийдлээ. Таны бодлоор ямар жүжигчин Дональд Трампын дүрийг бүтээж чадах байсан бэ?

Ёстой мэдэхгүй юм аа. Тэгээд ч би ямар ч жүжигчинд Дональд Трампын дүрийг санал болгохгүй байх байсан. Яах вэ, зүгээр хошин байдлаар жүжиглэж болох юм. Саяхан би нэгэн хөрөнгө босгох төслийн хүрээнд Голланд улсыг зорьсон. Би гурван мянга гаруй хүмүүсийн урд зогсон, төслийнхөө талаар ярьж байтал хэн нэгэн гэнэт надаас хачирхалтай асуулт асуусан юм. Тэр "Трамп үнэхээр сонгуульд ялж чадна гэж үү? Ийм зэргийн хүн АНУ-ын тэргүүлэгч болбол яана вэ гэж олон хүмүүсийн санаа зовниж байна" гэж хэлсэн юм. Би тэдэнд энэ нь ердөө л Америкийн нэгэн уламжлал гэдгийг тайлбарлаж өгсөн. Сонгуулийн өмнөх шуугиан дунд дандаа л хачирхалтай нэр дэвшигчид гарч ирж, ухаангүй зүйл ярьж, үймээн дэгдээж эхэлдэг. Мэдээж хэрэг мусульманчуудыг улс орноос хөөж, мексикчүүдийг АНУ ба Мексик улсын хилийн дагуу төвлөрүүлж, мөн Мексик улсаас хамгаалах өндөр хана барина гэх зэрэг Трампын фашист гэмээр утгагүй үзэл санааг хэн ч, хэзээ ч чухлаар авч хэлэлцэхгүй. Магадгүй миний буруу ч байж магад. "Америкчууд бүх байж болох аргуудыг туршиж үзсэнийхээ эцэст зөв шийдвэрийг заавал ч үгүй олно гэдэгт найдаж болно" хэмээн Уинстон Черчилль хэлсэн байдаг шүү дээ. Тиймээс бид одоохондоо бага зэрэг үймээн дэгдээж байгаад, эцэст нь зөв шийдвэрийг олох л болно.

"Hail, Caesar!" киноны сэдэв рүү эргэн орцгооё. Энэхүү бүтээлийг үзсэний дараа надад техниколор аргачлалаар бүтсэн эртний сонгодог кино мэт сэтгэгдэл төрсөн. Та өөрөө ямар кино үзэх дуртай вэ? Түүнчлэн хамгийн анхны эсвэл хамгийн шилдэг киноны болзоогоо дурсана уу?

Миний хамгийн анхны болзоо "Foreign" киноны үзвэрийн үеэр болж байсан юм. Жон Хертын цээжнээс тэрхүү аймшгийн амьтан гарч ирэх тэр үед миний найз охин айсандаа намайг бүр бүхлээр нь тэвэрчихсэн байсан. Битгий шоолоорой! Энэ нь 1979 онд намайг 18 настай байх үед тохиолдсон явдал шүү дээ. Тиймээс би тэрхүү болзооноос их өндөр сэтгэгдэлтэй харьж билээ. Техниколор киноны хувьд гэвэл намайг идэвхтэй кино үзэж эхлэх үед кино театруудаар илүү орчин үеийн бүтээлүүд тавигдаад эхэлчихсэн байсан. Гэхдээ мэдээж хэрэг би сонгодог кинонуудыг үзэх их дуртай. Зарим үед зурагтаар "The Wizard of Oz" гэх зэрэг эртний сайхан бүтээлүүд гардаг шүү дээ. Хүмүүс тийм кинонууд үзэх их дуртай байдаг. Би ч бас сонгодог кино урлагийг заримдаа санагалздаг. Таны хэлсэнчлэн "Hail, Caesar!" кино үнэхээр л техниколор маягаар бүтээгдсэн юм. Скарлетт Йохансоны хэсгүүд, мөн Ченнинг Татумын цорго бүжиг хийдэг үзэгдэл зэрэг хичнээн сайхан болсон билээ. Энэ бүх хөгжмийн үзүүлбэрүүд, гайхамшигтай чимэглэл ба тайзны костюм зэрэг нийлээд бага зэрэг хуучны уур амьсгал бүрдүүлсэн байгаа. Энэ нь надад тэр тусмаа илүү таалагдаж байгаа.

Жорж Клуни: Хэрвээ чамд хошин зан байхгүй бол чи хэзээ ч амьдралын сайхан зүйлсийг олж харахгүй (фото 3)

Киноны зохиолын дагуу таны дүр эртний Холливүүдын системд гадуурхагдсан нөхцөл байдал үүсдэг. Өнөөдрийн Жорж Клуни тэр үеийн эртний Холливүүдын системд амьд гарах байсан болов уу?

Энэ их сонирхолтой асуулт байна шүү. Эртний Холливүүдад байсан тэрхүү найз нөхөрлөлийн мөн чанар надад ойр санагддаг. Тэр үед бүгд л сайхан нөхөрлөж, хоорондоо өрсөлддөггүй байлаа. 1994 онд бид Холливүүдад зураг авалт хийж байх үед газар хөдлөлт болж, павильоны нэг хана нурсан юм. Нурсан хананы захаас "Casablanca" киноны, зураг авалтын хуучин фон гарч ирж, бид их сандралдаж билээ. Бүгд л жинхэнэ урлагийн бүтээл харсан мэт гайхширсан. Би тэрхүү фоны нэгэн хэсгийг өөртөө авч үлдэхийг гуйж, гэрийн ханандаа зураг болгон өлгөсөн юм. Одоо хүртэл тэр зураг байдаг шүү. Гэхдээ хуучны Холливүүдын системд надад ойр биш хэд хэдэн элемент бас бий. Тухайлбал тэр үед бүх шийдвэрийг кино студиуд жүжигчдийн өмнөөс гаргадаг байсан. Энэ нь мэдээж хэрэг миний хувьд байж боломгүй зүйл юм. Би өөрийнхөө мэргэжлийн асуудлыг өөрөө шийдвэрлэх дуртай. Тийм учраас л би өөрөө кино найруулж эхэлсэн. Би оролцсон зүйлээ бүхлээр нь хариуцах боломжтой байхыг хүсдэг. Хэрвээ хэн нэгэн миний ажлыг шүүмжлэхийг хүсвэл өөр хүний бүтэлгүй санааны үр дүнд бий болсон зүйлээс дүгнэх биш, харин ядахдаа л 100 % миний хариуцаж авсан, миний өөрийн ажлын минь үр дүнгээс шүүмжлээсэй гэж би хүсдэг.

Бага зэрэг философийн сэдэв хөндөх гэсэн юм. Таны хувьд цаг хугацаа гэж юу вэ?

Бид хөгшрөх тусам цаг хугацааны үнэ цэнийг мэдэрч эхэлдэг. Залуу насандаа мөнх наслах мэт, дуусашгүй их хүч тамиртай байх мэт санаж, цаг хугацааны ач холбогдлыг ойлгодоггүй. Харин одоо бол би эхнэр, эцэг эх, найз нөхөдтэйгөө өнгөрүүлсэн минут бүрийг үнэлдэг. Өнөөдөр би хугацаагаа яаж өнгөрүүлж байгаа минь их чухал. Би өөрийгөө хичнээн их азтай хүн, ямар сайхан мэргэжилтэй гэдгийг, мөн миний өмнө  ямар их боломж бололцоо нээлттэй байгааг сайтар ойлгодог. Гэхдээ надад итгээрэй, би амьдралын хар бараан хэсгийг ч бас сайн мэддэг. Хэн ч нэг амжилтын оргилоос нөгөө оргил руу явж, амьдралаа төгс мөчүүдээр дүүрэн өнгөрөөдөггүй. Хүний амьдралын түүхэнд үргэлж уналт ба өсөлт хосолж байдаг. Би унах ямар байдгийг мэддэг учраас өсөлтүүдээ их үнэлдэг. Би ойр дотнынхонтойгоо өнгөрүүлэх аз жаргалтай үе мөчүүдэд их талархдаг. Цаг хугацаа миний хувьд тоо хэмжээ биш харин чанар болж хувирсан.

"Эртний холливүүдад байсан тэрхүү найз нөхөрлөлийн мөн чанар надад ойр санагддаг. Тэр үед бүгд л сайхан нөхөрлөж, хоорондоо өрсөлддөггүй байлаа"

"Hail, Caesar!" лүү дахин нэг удаа эргэн очицгооё. Коэн ах дүүстэй хамтран ажиллах ямархуу вэ? Тэдний зураг авалтын талбай дээр юу өрнөдөг вэ?

Зураг авалтын үеэр жинхэнэ галзуурал болдог! Тэд маш хурдацтай ажилладаг. Тэд нэг мэдэхэд л киногоо эвлүүлчихсэн байдаг. Киноны дөрвөн хэсэгт бүгдэд нь жүжигчдийн харилцан яриаг нэг ч өөрчлөлгүйгээр, анхны хувилбараар нь оруулсан. Мөн Коэн ах дүүс маш их, бас маш чанга инээдэг. Заримдаа бүр ямар ч тохиромжгүй үед инээдэг гээч. Тэд ямар ч нөхцөл байдал үүссэн бай хэзээ ч жүжигчид рүү орилох, эсвэл дуугаа өндөрсгөх асуудал гаргадаггүй. Хоорондоо үргэлж санал нийлдэг. Үүнийг харах их гайхалтай шүү. Тэд яг л ер бусын холбоотой мэт бие биенийгээ дэмжиж, ойлгодог. Тэдэнтэй ажиллах сайхан байдаг.

Жорж Клуни: Хэрвээ чамд хошин зан байхгүй бол чи хэзээ ч амьдралын сайхан зүйлсийг олж харахгүй (фото 4)

"Hail, Caesar!" киноны тухай та аль дээрээс ярьж байсан санагдах юм. Гэтэл киноны зураг авалт саяхан дууссан байдаг...

Хачирхалтай нь тийм шүү. Жоэл, Итан хоёр аль "O Brother, Where Art Thou?" бүтээл дээр ажиллаж байх үедээ надад коммунистуудын эрхшээлд орсон хуучны Холливүүдын жүжигчний талаарх киноны санаагаа хэлж байсан юм. Тэд тэр жүжигчний дүрийг надаар гаргуулахыг хүссэн. Би тэр үед л шууд тэр дүрийг бүтээнэ хэмээн зөвшөөрч байсан. "O Brother, Where Art Thou?" киноны нээлтийн үеэр сэтгүүлчид миний дараагийн уран бүтээл юу байх вэ гэж асуухад би итгэлтэй нь аргагүй Коэн ах дүүсийн "Hail, Caesar!" байх болно хэмээн хариулдаг байлаа. Киноны нэр аль дээр үед тодорхой болсон байсан юм. Дараагаар нь бид бас нэгэн бүтээл дээр хамтарч эхэлсэн. Тэрхүү "Burn After Reading" киноны нээлт болох үед сэтгүүлчид дахиад л надаас миний ирээдүйн төлөвлөгөөг асуухад би дахиад л "Hail, Caesar!"-ын тухай ярьж эхэлсэн. Гэтэл Итан, Жоэл хоёр киноны ажлыг эхлүүлээ ч үгүй байсан юм. Харин жилийн өмнө найруулагчид намайг дуудаж, киноны зохиол удаан хүлээсний эцэст бэлэн болсныг мэдэгдсэн. Тэгээд л бид миний үргэлж хамтрахад дуртай байдаг Жош Бролин, миний анд Ченнинг Татум, болон гэнэн бүсгүйн дүрийг төгс бүтээх Скарлетт Йоханссоныг дуудаж, зураг авалтаа эхлүүлсэн юм даа.

Таны дүр жинхэнэ мангуу зан чанартай гэж та нэг биш удаа дурдлаа. Та түүнчлэн тэнэг хүний дүрийг хамгийн ухаантай хүн мэт жүжиглэн, гаргадаг гэж хэлсэн. Тэнэг хүний дүрийг нэр хүнд болон итгэл үнэмшилтэйгээр амилуулах ямар вэ? Мөн нэг зүйлийг сонирхож асуухад, та өөрийгөө Берт Уитлок шиг кино од хэмээн тооцдог уу? Хэрвээ тийм бол өнөө үеийн кино од байх ямар нэгэн байдлаараа тэнэг чанар агуулдаг уу?

Тэнэг хүний дүрийг нэр хүндтэйгээр гаргана гэдэг боломжгүй зүйл байх. Та миний тэнэг өмсгөлийг харсан биз дээ? Би ийм төрхтэйгөөр яаж нэр хүндтэй харагдах билээ дээ. (Инээв). Харин итгэл үнэмшилтэйгээр гаргаж болно шүү. Үүний гол нууц нь жүжиглэлтийн явцаасаа аль болох их таашаал авах хэрэгтэйд оршиж байгаа юм. Сэтгэлээсээ хөгжилдөх хэрэгтэй. Коэн ах дуус ямар нэгэн онцгой энергитэй мэт надад санагддаг. Тэд чамайг ямар нэг хэсэгт далайчин Попай мэт жүжиглэхийг хүсвэл чи хийж л орхино. Харин өөр найруулагч чамаас ийм утгагүй зүйл хийхийг асуувал чи түүнийг тонилгох байсан байх. (Инээв). Энэхүү залуус хийж байгаа зүйлдээ үргэлж маш итгэлтэй байдаг. Тэр итгэл нь жүжигчдэд их нөлөөлдөг. Харин жүжигчин байхын хамгийн тэнэг чанар гэвэл өөрийгөө "Өө, бурхан минь би од юм байна" хэмээн бодох явдал. Тэгж бодоод эхэлбэл та өвчин тусч байгаагийн шинж. Бие хамгаалагчид явах зам бүрийг чинь цэвэрлэж, чамд ойртох хүн бүрийг холдуулах ёстой мэт санагдаж эхэлнэ. Нэр алдар оллоо гээд бодит байдлаас тасарч, өдөр тутмын амьдралаа мартаж байвал энэ нь хамгийн тэнэг асуудал. Би тухайлбал заримдаа зүгээр л тайван дэлгүүр ороод алх, хадаас худалдаж авдаг байсан үеэ их санадаг.

Жорж Клуни: Хэрвээ чамд хошин зан байхгүй бол чи хэзээ ч амьдралын сайхан зүйлсийг олж харахгүй (фото 5)

"Тэнэг хүний дүрийг нэр хүндтэйгээр гаргана гэдэг боломжгүй зүйл байх. Та миний өмсгөлийг харсан биз дээ? Би ийм төрхтэйгөөр яаж нэр хүндтэй харагдах билээ дээ"

Хүнд хошин зан чанар байх ёстой юу? Та хошин зангийнхаа ачаар амьдралынхаа ямар нэгэн нөхцөл байдлыг даван туулж байсан уу? Амьдралыг танаас өөр өнцгөөс хардаг хүнтэй та өөрийгөө холбож чадах байсан уу?

Хошин зан чанар бол аймшиггүй чин зоригийн нэгэн илрэл юм. Өөрийгөө шоолж, өөрийнхөө зүг ирсэн хошигнолыг тайвнаар хүлээж авах нь бас их чухал. 2015 оны Cecil B.DeMille-гийн шагнал гардуулах ёслолын үеэр Тина Фей болон Эми Полер нар миний зүг хоёр хошигнол хэлснийг би санадаг юм. Нэг нь миний насны хөгшин хүнтэй болзож байхын оронд сансарт хөвж байсан нь дээр гэсэн байсан. Харин нөгөөх нь Амалийнн тухай байлаа. Амалийг ийм их боловсрол, гавьяатай байхад намайг хажууд нь ердөө л кино урлагт хувь нэмэр оруулсныхаа төлөө шагнал авдаг нэгэн гэж байсан шиг санагдаж байна. Хэрвээ чамд хошин зан, өөрийгөө шоолох чадвар байхгүй бол чи хэзээ ч биеэ сул тавьж, амьдралын сайхан зүйлсийг олж харахгүй байх болно. Чи үргэлж хүн бүрт таалагдах гэж, чухал харагдах гэж, бүх зүйлийг зөв зохистой хийх гэж хичээх болно. Харин Амаль бид хоёрын хувьд гэвэл миний гэргий маш сайхан хошин зантай. Тэр өдөр бүр маш чухал асуудлууд дээр ажилладаг хэдий ч, өөрөө их хөгжилтэй бас наргианч хүн юм.

Та өөрийн алдарт авга ах Хосе болон авга эгч Розмаригийн тухай дурсаач?

Миний авга эгч Розмари болон авга ах Хосе Феррерагийн байшин үргэлж алдартнуудаар дүүрэн байдагсан. Тэд бараг өдөр бүр том үдэшлэг зохион байгуулдаг байлаа. Нэгэн удаа миний аав зочны өрөөнд Марлен Дитрихтэй коктейль ууж байсан талаар надад их ярьдаг байсан. Мөн бага байхад авга ах, эгч хоёр намайг Грегори Пекийн гэр лүү аваачиж байсан. Тэр үед гэрт нь Жек Леммон төгөлдөр хуур дээр тоглож байхыг би харж байлаа. Миний авга ах Хосе "Оскар" хүртэж байсан хамгийн анхны Латин Америк жүжигчин юм. Тэрбээр надад кино урлагаас хол байхыг зөвлөдөг байсан. Тэр их хатуу, шүүмжлэгч хандлагатай хүн байсан хэдий ч түүнээс би их зүйл сурч авсан шүү. Энэ бүгд миний хувьд мартагдашгүй нандин дурсамжууд юм. Би эртний Холливүүдын дүр зургийг хэтэрхий гоёор тодорхойлж байж магад. Гэхдээ энэ хэв маяг надад үнэхээр ойр санагддаг. Тэр үеийн кинонууд жинхэнэ урлагийн бүтээл байж, харин жүжигчин бүр өөрийн гэсэн өвөрмөц зан чанартай жинхэнэ одууд байлаа.

Жорж Клуни: Хэрвээ чамд хошин зан байхгүй бол чи хэзээ ч амьдралын сайхан зүйлсийг олж харахгүй (фото 6)

Харин та өөрийн гэртээ алдартнуудыг цуглуулан, томоохон үдэшлэгүүд зохион байгуулдаг уу?

Үгүй дээ. Бид иймэрхүү зүйлсэд тийм ч дуртай биш. Манайд ихэвчлэн улс төрчид цуглаж, чухал асуудал хэлэлцдэг. Тухайлбал манай эхнэр саяхан Мальдивын Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгч Мохамед Нашидыг шоронгоос гарахад тусалсан. Тэр хамгийн сүүлд манайхаар зочилсон санагдана. Одууд гэх нэршилтэй хүмүүс манайхаар их ховорхон зочилдог. Амаль бид хоёр дээр ихэвчлэн ажлын бус хүрээнд найзалж нөхөрлөсөн зочид хүрэлцэн ирдэг юм.

"Би заримдаа зүгээр л тайван дэлгүүр ороод алх ба хадаас авдаг байсан үеэ их санадаг"


Та өглөө эрт босдог уу?

Тийм ээ, би их эрт босдог.

Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Ихэвчлэн би долоон цагийн үед сэрж, өөртөө кофе найруулж уудаг. Одоогоор миний амьдрал АНУ, Англи ба Итали орнуудад өрнөж байна. Би Англид байхдаа их зохиол бичдэг. Мөн тэнд би хүмүүнлэгийн ажилд илүү төвлөрдөг. Лос-Анжелест би ихэвчлэн найруулагчийнхаа үүргийг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө би бүх зүйлийг нягт төлөвлөх дуртай нэгэн. Ямар нэгэн зүйл төлөвлөгөөнөөс гажихад би дургүй. Харин Амалийн хувьд гэвэл тэр Лос-Анжелест байхдаа илүү ажилдаа төвлөрч чаддаг. Англид түүний гэр бүл, найз нөхөд амьдардаг тул тэр янз бүрийн уулзалт, сатаарах зүйл ихтэй байдаг байх.

Амаль та хоёр асрамжийн газраас нэгэн нохой өргөж авсан гэх мэдээ дуулдсан. Энэ хэний санаачлага байсан бэ? Та нохойд хайртай юу? Танд нохой тэжээх туршлага бий юу?

Тийм ээ, би нохойд маш хайртай. Багадаа гэр бүлийнхээ ферм дээр ойр, ойрхон очдог байлаа. Тэнд манайх олон нохой тэжээдэг байсан юм. Хэдэн жилийн өмнө би асрамжийн газраас Эйнштейн гэдэг нохойгоо авч байсан. Харин өнгөрсөн жил Амаль бид хоёр Миллиг өргөж авсан. Миний эцэг, эх мөн нохой тэжээдэг байсан. Харамсалтай нь тэд нохойгоо өвчний улмаас унтуулдаг тариагаар тарих шаардлагатай болсон доо. Энэ нь гэр бүлийн хувьд том эмгэнэл болсон шүү. Тэд болсон явдалд урт хугацааны турш гуниглаж, шинэ нохой авахаас эрс татгалзаж байсан хэдий ч би тэднийг ятгаж чадсан. Англид зураг авалттай байх үедээ би ээж, аавын амьдардаг газрын ойролцоо Цинциннати хавьд асрамж олж, нэгэн нохой сонгож авсан юм. Тэр нохой асрамжинд гурван жилийн турш амьдарсан ч, хэн ч түүнийг сонгоогүй байсан. Аав минь тэр нохойг хараад, их өрөвдөж, шууд л гэртээ аваачсан даа. Асрамжийн газраас нохой өргөн авч, гэр бүлийнхээ бүрэн эрх бүхий гишүүн болгоно гэдэг нь маш сайхан үйлдэл. Энэ нь гэнэн сонсогдож байж магадгүй. Гэхдээ тэдгээр нохойнууд танд хичнээн их талархаж, үнэнч байхыг та төсөөлөх ч үгүй.

 

цааш үзэх