Хайх

Билли Айлиш, Лана Дель Рей, Адель: 2021 онд бидний хамгийн ихээр хүлээж байгаа 10 цомог

Эмэгтэй уран бүтээлчдийн энэ онд гаргах шинэ цомгууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн жил гарах байсан хэд, хэдэн шинэ цомгууд хойшлогдож энэ он руу шилжсэн билээ. Уран бүтээлчид 2021 онд цар тахал намжиж, тэднийг шинэ цомгоо гаргахад юу ч садаа болохгүй байгаасай хэмээн найдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. BURO. дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй эмэгтэй уран бүтээлчдийн маш өндөр хүлээлт үүсгэж буй цомгийн жагсаалтыг гаргалаа. Бид Адель, Lorde, Билли Айлиш болон бусад уран бүтээлчдийн доорх шинэ цомгуудыг сонсон бүжиглэж, гуниглаж, 2021 онд амьдрах болно.


LANA DEL REY "CHEMTRAILS OVER THE COUNTRY CLUB"

ХЭЗЭЭ: ГУРАВДУГААР САР

Билли Айлиш, Лана Дель Рей, Адель: 2021 онд бидний хамгийн ихээр хүлээж байгаа 10 цомог (фото 1)

Дуучин Лана Дель Рей хуучин Холливүүдийн гламур, хальсан камерын дүрс бичлэг, Энди Уорхолын поп арт гоо зүй зэргийг ирээдүй рүү авчирч байна. 2019 онд түүний "Norman Fucking Rockwell" нэртэй, амжилттай цомог гарсан бол шинэхэн "Chemtrails Over the Country Club" нь 2020 онд сонсогчдын хүртээл болохоор товлогдсон байсан ч хойшлогдсоор энэ оны гуравдугаар сард гарах гэж байна. Тэрээр цомгоо гаргахаасаа өмнө ижил нэртэй дуу болон видео клипийг (хүн чонын тухай домгийг амилуулсан) танилцуулсан байгаа. Сонирхуулахад энэ цомгийн ковер зураг нь аль хэдийнэ шуугиан дэгдээгээд амжсан юм. Хүмүүс зурагт зөвхөн цагаан арьстай хүмүүс байгааг шүүмжилсэн ч дуучин бүсгүй тэдгээр хүмүүс нь түүний найзууд бөгөөд ихэнх нь Мексик гаралтай хэмээн мэдэгджээ.


Билли Айлиш, Лана Дель Рей, Адель: 2021 онд бидний хамгийн ихээр хүлээж байгаа 10 цомог (фото 2)

ADELE

ХЭЗЭЭ: ХУГАЦАА БОЛОН ЦОМГИЙН НЭР ТОДОРХОЙГҮЙ

"Hello, it's me" мимийг төрүүлсэн дуучин Аделийн сүүлчийн цомог гараад аль хэдийнэ таван жил өнгөрчээ. Тэрээр "Би 30 хүрээд drum'n'bass цомог гаргаж, хүн бүхний уурыг хүргэнэ" хэмээн 2019 онд Instagram хуудсаараа хошигнож байсан юм. Нийт 15 Грэммигийн шагналтай дуучны шинэ цомгийн талаар үүнээс өөр мэдээлэл бидэнд одоогоор алга. Өмнө нь Адель найзуудынхаа хуримын ёслол дээр шинэ цомог тун удахгүй гарна гэж мэдэгдэж байсан ч цар тахал нүүрлэснээр шинэ цомгийн нээлтийг хойшлуулсан юм. Харин тэр энэ удаад цомгоо уламжлал ёсоор насныхаа тоогоор "30" (Өмнөх цомгууд "19", "21", "25" нэртэй байсан) хэмээн нэрлэх болов уу?


CARDI B

ХЭЗЭЭ: ХУГАЦАА БОЛОН ЦОМГИЙН НЭР ТОДОРХОЙГҮЙ

Билли Айлиш, Лана Дель Рей, Адель: 2021 онд бидний хамгийн ихээр хүлээж байгаа 10 цомог (фото 3)

Өнгөрсөн жил хүмүүс Cardi B, Megan Thee Stallion нарын "WAP" дуун дээр биеийнхээ бүх хэсгийг сэгсэрч, шалан дээр өнхөрч, юунаас ч ичилгүй "бохир" бүжиглэж байсныг санаж байна уу? Тэгвэл энэ жил түүний шинэ цомогт нэгээс илүү хит дуу байна гэдэгт найдаж байна. Эргэн сануулахад рэппер бүсгүй 2018 онд "Bodak Yellow", "I Like It" гэх хоёр хит дуутай "Invasion of Privacy" нэртэй анхны цомгоороо Грэммигийн шагнал авч супер оддын эгнээнд нэгдсэн билээ.


Билли Айлиш, Лана Дель Рей, Адель: 2021 онд бидний хамгийн ихээр хүлээж байгаа 10 цомог (фото 4)

DOJA CAT "PLANET HER"

ХЭЗЭЭ: ТОДОРХОЙГҮЙ

Тэрээр Харли Куинны кинонд зориулан "Boss Bitch" нэртэй дуу гаргаснаар өөрийгөө босс хэмээн дэлхий нийтэд зарласан. Doja Cat саяхан түүний шинэ цомогт Cardi B, Megan Thee Stallion, Арианда Гранде, The Weeknd зэрэг алдартай уран бүтээлчид оролцохыг Twitter хуудсаараа мэдэгдсэн юм. Мөн түүний хэлснээр шинэ цомог нь бедрум поп жанрын "Say So", хип хоп аястай "Like That", психоделик уур амьсгалтай "Streets" зэрэг дуунууд багтсан түүний өмнөх "Hot Pink" цомогтой дуугаралтын хувьд төстэй болох гэнэ.


BILLIE EILISH

ХЭЗЭЭ: ХУГАЦАА БОЛОН ЦОМГИЙН НЭР ТОДОРХОЙГҮЙ

Билли Айлиш, Лана Дель Рей, Адель: 2021 онд бидний хамгийн ихээр хүлээж байгаа 10 цомог (фото 5)

Дөнгөж 19 настай Билли хөгжмийн ертөнцийн бүхий л цар хүрээг эвдэж байна. Жишээ нь тэр хөгжмийн бүхий л гол шагналуудыг түүж, тоглолтынх нь тасалбар тэр дороо дуусаж, дэлхий даяар номер 1 цомогтой XXI зууны анхны уран бүтээлч болсон гээд дээд рекордуудыг тогтоосоор байгаа юм. Энэ бүхэн магадгүй түүний гэнэн томоогүй байдал, бага зэрэг сөөнгө хоолойгоор дуулсан электропоп дуунууд эсвэл "Z" үеийн үнэт зүйлсийн төлөөлөл болдогтой нь холбоотой байх. Эсвэл бүр энэ бүхнийг төгс хослуулдагт ч байж мэдэх юм. Хамгийн сүүлд гарсан "Therefore I Am" синглийг сонсоход шинэ цомог өмнөх "When We Fall Asleep, Where Do We Go" цомгоос огцом өөр байхгүй мэт сэтгэгдэл төрнө. Нөгөө л сөөнгө хоолой, шивнээ, цохилтот аккордууд сонсогдоно.


Билли Айлиш, Лана Дель Рей, Адель: 2021 онд бидний хамгийн ихээр хүлээж байгаа 10 цомог (фото 6)

KIMBRA

ХЭЗЭЭ: ХУГАЦАА БОЛОН ЦОМГИЙН НЭР ТОДОРХОЙГҮЙ

Бидэнд Кимбраг нээж өгсөн, Австралийн дуучин Готьегийн алдарт "Somebody That I Used To Know" дуу энэ жил 10 нас хүрч байгаа гэвэл та итгэх үү? Хамгийн сүүлд 2018 онд Шинэ Зеландын дуучин Кимбра Ли Жонсоны "Primal Heart" нэртэй R&B, жазз хөгжим хосолсон шинэ цомог гарсан ч тухайн үедээ хүмүүсийн ой санаанд тод үлдэх хит болоогүй юм. Кимбра шинэ цомгийнхоо талаар төдийлөн ярихгүй байгаа ч дуэт дуунуудаас нь харахад биднийг жинхэнэ хөгжмийн туршилт хүлээж байгаа бололтой.


LORDE

ХЭЗЭЭ: ХУГАЦАА БОЛОН ЦОМГИЙН НЭР ТОДОРХОЙГҮЙ

Билли Айлиш, Лана Дель Рей, Адель: 2021 онд бидний хамгийн ихээр хүлээж байгаа 10 цомог (фото 7)

Дуучин Лорд Өмнөд Туйл руу аялж, тэндээс шинэ уран бүтээлийн онгодоо олж авсан хэмээн хэлж байсан. Тэрээр 2017 онд "Melodrama" нэртэй залуу насны сүлд дуулал болсон шинэ цомгоо гаргасан бөгөөд үүнээс хойш чимээгүй байгаа юм. Гэхдээ Лорд "Royals", "Team" зэрэг дрим поп дуунуудтай "Pure Heroine" гэх анхны цомгоо гаргасныхаа дараа шинэ уран бүтээл дээрээ дөрвөн жилийн турш ажилласан байгаа. Тиймээс чанартай бүтээл хийхийн тулд удаан хугацааны завсарлага авах нь түүний хувьд хэвийн зүйл юм.


Билли Айлиш, Лана Дель Рей, Адель: 2021 онд бидний хамгийн ихээр хүлээж байгаа 10 цомог (фото 8)

RIHANNA "R9"

ХЭЗЭЭ: ТОДОРХОЙГҮЙ

2018 онд дуучин Рианна регги цомог гаргахаар ажиллаж байна гэж мэдэгдэж байсан ч шүтэн бишрэгчид нь энэ уран бүтээлийг нь 2021 онд ч хүлээсээр байна. Дуучин бүсгүй гоо сайхны болон загварын брэндүүддээ анхаарлаа хандуулан хэт завгүй ажиллаж, түүний цомгийг хүмүүс таван жил хүлээж байгааг ч мартсан бололтой. Харин энэ үеэр түүний "ANTI" цомог 250 долоо хоногийн турш Billboard-ын топ жагсаалтаас буух шинжгүй байна.


ST. VINCENT

ХЭЗЭЭ: ХАВАР ЭСВЭЛ ЗУН, ЦОМГИЙН НЭР ТОДОРХОЙГҮЙ

Билли Айлиш, Лана Дель Рей, Адель: 2021 онд бидний хамгийн ихээр хүлээж байгаа 10 цомог (фото 9)

Энни Кларк буюу St. Vincent шинэ цомогтоо тектоник үсрэлт хийж, өмнөх бүтээлүүдээс огт өөр хөгжим зохионо хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрээр хөгжмийн хувьд хэрэглээний нийгмийг шүүмжилсэн хурц элэглэлтэй футуристик поп дуунуудаас эхлээд ("Los-Ageless"), зөөлөн аккордтой ("New York") бүтээлүүд гээд ямар ч уран бүтээл туурвиж чадахаа батлаад амжсан билээ.


Билли Айлиш, Лана Дель Рей, Адель: 2021 онд бидний хамгийн ихээр хүлээж байгаа 10 цомог (фото 10)

LYKKE LI

ХЭЗЭЭ: ХУГАЦАА БОЛОН ЦОМГИЙН НЭР ТОДОРХОЙГҮЙ

Бага зэрэг мартагдаж эхлээд байсан Шведийн дуучин Люкке Лигийн "Sex Money Feelings Die" дуу TikTok-ийн ачаар дахин амь орсон гэж хэлж болно. 2018 онд тэрээр "So Sad So Sexy" нэртэй дөрөв дэх цомгоо гаргасан бол саяхан Люкке Ли эх хэл дээрээ дуулсан шинэ цомгоо бичүүлээд амжжээ. Цомогт багтсан "Bron" буюу "Гүүр" гэж орчуулагдах дрим поп дуу нь салалтын дараа эргээд сэхээ орох талаар өгүүлсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх