Charli XCX-ийн шинэ цомог кино, хөгжим, загварын хамт эргэн ирлээ
Brat цомгоороо дэлхийг байлдан дагуулж, неон ногоон өнгийг 2024 оны зуны салшгүй нэгэн хэсэг болгож чадсан дуучин Charli XCX шинэ цомгоо энэ жилийн долоодугаар сард гаргах болсноо мэдэгдлээ. Энэ удаа brat summer-аас тэс ондоо буюу илүү тэрслүү, илүү готик, илүү “рок” өнгө аясыг агуулсан эргэн ирэлтийн цомгийн зураг өнгөрсөн долоо хоногт цацагдсан билээ.
“Music, Fashion, Film” нэртэй найм дахь бүрэн хэмжээний цомог эхний хоёр дуугаараа хүлээлт үүсгэхээс гадна ковер зурган дээрх эрхмүүд тун чиг сонирхолтой сонголт болжээ. Тодруулбал, Velvet Underground хамтлагийн гишүүн Жон Кэйл, алдарт загвар зохион бүтээгч Марк Жэйкобс, домогт кино найруулагч Мартин Скорсезе зэрэг зочдыг урьж, тэдний хөрөг зургийг буулгасан нь Charli XCX-ийн шүтэн бишрэгчдээс гадна кино, хөгжим, загварын хорхойтнуудын анхаарлыг давхар татаад байна.

Шинэ цомгийн нэрээс ил харагдах бүтээлч салбарын амьд домгуудын хөргийг авах санаа нь Charli XCX-ийн өөрийн санаа байсан бөгөөд соёл урлагийн бүхий л талыг сонирхдог, олон төрлийг хослуулсан хэв маягийг зориуд харуулахыг зорьсон гэдгээ дурдаж байв. Зураг авалтын үеэр тэднийг урьж чадсандаа чин сэтгэлээсээ баярласан талаар поп уран бүтээлч онцолж, яг л зүүд шиг үнэхээр ер бусын байсан гэж дурджээ.
Эргэн ирэлтийн өнгө аясыг илэрхийлсэн гол зүйлүүдийн нэг түүний хувцаслалт байсныг дурдахгүй орхиж болохгүй. Өнгөрсөн сард цацагдсан Rock Music болон SS26 шинэ дуунуудынхаа клипэнд уран бүтээлч Ann Demeulemeester брэндийн тусгайлан урласан хувцаснуудаар дүр төрхөө онцолсон байна.






Ann Demeulemeester брэндийн бүтээлч захирал Стефано Галличи Charli XCX-ийн стилист Крис Хораны хамт ажиллаж тус видео клипнүүдэд зориулж нийт 5 гол захиалгат төрхийг бүтээсэн нь готик глам хэв маяг зонхилно. Уг бүтээлч шилжилт нь 1990-ээд оны Ann Demeulemeester-ийн тайзны гоо зүй буюу минимал савхин оруулга, уламжлалт эсгүүрийг эвдсэн загварууд болон өвөрмөц нэхмэлүүдтэй төгс нийцэж байгаа тул дизайнер түүнийг брэндийн орчин үеийн шинэ "онгод" хэмээн нэрлээд байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт