Хайх

Дэлхийн хөгжмийн ертөнцийг шуугиулж буй гурван K-Pop хамтлаг

Дэлхийн хөгжмийн ертөнцийг шуугиулж буй гурван K-Pop хамтлаг

Яг одоо таны мэдэх хэрэгтэй K-Pop хамтлагууд

Text: Г.Тэмүүлэн


Дэлхийн урлаг соёлын салбарт Ази уран бүтээлчид ид хүчээ авч байгаа энэ үед бид өнгөлөг видео клип, хүчтэй хоолой, өвөрмөц өнгө аясаараа барууны хөгжмийн ертөнцөд шуугиан тарьж байгаа K-Pop уран бүтээлчдийг онцлохоор шийдлээ.

BTS

Дэлхийн хөгжмийн ертөнцийг шуугиулж буй гурван K-Pop хамтлаг (фото 1)

Мэдээж хэрэг энэхүү жагсаалтын хамгийн эхэнд бичигдэх ёстой уран бүтээлчид бол Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг яах аргагүй мөн. Энэ жилийн эхээр гаргасан тэдний "Love Yourself: Tear" нэртэй цомог нь Billboard-ын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлсэн нь Америкийн болоод дэлхийн хөгжмийн зах зээлд өөрсдийн гэсэн нэр хүнд, байр суурьтай болсныг баталж байна. Харин саяхан BTS хамтлагийн "Idol" дууны видео клипийг Youtube тавцан дээр 24 цагийн дотор 45 сая гаруй удаа үзэж, тэд дуучин Тейлор Свифтийн тогтоосон өмнөх рекордыг бут цохисон юм. Мөн хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн "Love Yourself: Answer" цомогтоо тэд "Idol" дууны Ники Минажтай хамтарсан хувилбарыг танилцуулсан байгаа. Тэдний энэхүү цомгийг Эд Ширан, Лиам Пейн зэрэг уран бүтээлчид өндрөөр үнэлж, Жеймс Корден алдарт "Carpool Karaoke" нэвтрүүлэгтээ оролцуулахыг хүсч байгаа гэдгээ илэрхийлээд амжжээ. Өмнөд Солонгосын шилдэг K-Pop хамтлагийн "BTS World Tour: Love Yourself" нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолт (нийт 33 улсыг хамарсан!) эхлээд хэдхэн хонож байгаа ч АНУ-д зохиогдох тоглолтын тасалбар ердөө л 20 минутад зарагдаж дууссан байна. Ямартаа ч чадварлаг бүжиг дэглэлт, эрч хүчтэй хэмнэл, өвөрмөц хоолой болон хэв маягаараа тэд дэлхийг шуугиулж байна. Харин энэ бүх амжилт тэдний хувьд ердөө л эхлэл нь бололтой.

BlackPink

Дэлхийн хөгжмийн ертөнцийг шуугиулж буй гурван K-Pop хамтлаг (фото 2)

Анх хоёр жилийн өмнө үүсгэн байгуулагдсан BlackPink охидын хамтлаг энэ зун дэлхийн хөгжмийн зах зээлд хүч түрэн орж ирлээ. Тэдний "Ddu-Du-Ddu-Du" гэх дуу энэ зуны гол хит болоод зогсохгүй видео клипийг нь Youtube тавцан дээр байршсан эхний 24 цагт 36 сая удаа үзэж,  тухайн үедээ рекорд тогтоож байв. BlackPink хамтлагийн "Square Up" нэртэй EP цомог Billboard шилдэг 200 цомгийн жагсаалтад 40-р байр эзэлж, уг цомогт багтсан "Ddu-Du-Ddu-Du" сингл нь Billboard Hot 100 жагсаалтад 55-р байранд бичигдсэн нь K-Pop охидын хамтлагийн түүхэнд рекорд тогтоосон амжилт болсон юм. Дуу хөгжмийн салбарын мэргэжилтнүүд BlackPink хамтлагийн амжилтыг дуу дүрсний өндөр чанартай, өнгөлөг видео клипүүд, анхаарал татахуйц шүлэг ба аятай дуунууд мөн мэдээж хэрэг дөрвөн бүсгүйн өхөөрдөм стильтэй холбон тайлбарлаж байна.

Mamamoo

Дэлхийн хөгжмийн ертөнцийг шуугиулж буй гурван K-Pop хамтлаг (фото 3)

K-Pop урсгалын амжилтыг Өмнөд Солонгосын Mamamoo охидын хамтлаг дахин бататгалаа. Тодорхой нэг хөгжмийн урсгалд баригддаггүй, хүчирхэг хоолойтой, өхөөрдөм охид өмнө нь "Purple" нэртэй EP цомгоороо Billboard-ын Дэлхийн чартыг тэргүүлсэн бол энэ зун гаргасан "Red Moon" гэх EP цомог нь уг жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна. K-Pop, R&B, жазз, хип хоп, ретро зэрэг төрөл бүрийн хөгжмийн урсгалыг хослуулсан дахин давтагдашгүй уур амьсгалтай уран бүтээлүүдээрээ Mamamoo хамтлаг Ази төдийгүй Америкийн үзэгчдийг гайхшруулсаар байгаа юм.

цааш үзэх