Хайх

Дональд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр ямар уран бүтээлчид дуулах вэ?

Дональд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр ямар уран бүтээлчид дуулах вэ?

Бас хэн, хэн түүнийг эсэргүүцэж ирэхгүй гэдгээ мэдэгдсэн бэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөөдөр орой АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно. Тэгвэл олон тооны уран бүтээлчид түүнийг эсэргүүцэж ёслолын ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас хойш түүний эргэн тойронд өрнөж буй шуугиан намжихгүй байна. Өнөөдөр Вашингтон хотод Дональд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авах ёслолын арга хэмжээ болно. Энэхүү тангараг өргөх ёслол нь түүний хувьд нэр хүндэд нь нөлөөлөх бас нэгэн шалтгаан болоод байгаа юм. Асар олон одууд өнөөдөр Линкольны дурсгалын хөшөөн дээр болох тангараг өргөх ёслол ба "Make America Great Again! Welcome Celebration" нэртэй хүндэтгэлийн концертонд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Трамп өөрийн тангараг өргөх ёслол дээр тоглох хамтлаг дуучдыг сонгох тал дээр асуудалтай тулгарч байгаа гэсэн цуурхал өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур гарч эхэлсэн юм. Тухайн үед ерөнхийлөгчийн багийг хоёр алдартай уран бүтээлчдэд хээл хахууль өгөх гэж оролдсон талаар The Wrap вебсайт мэдээллэж байсан. Өөрсдийнхөө нэрийг нууцлахыг хүссэн эдгээр уран бүтээлчдийн хэлж буйгаар бол тэдэнд их хэмжээний мөнгө ба албан тушаал санал болгосон гэнэ. Энэ явдлын дараагаар Трампыг дэмжиж хэд, хэдэн дуу дуулахаа мэдэгдэж байсан дуурийн дуучин Андреа Бочелли ёслолын арга хэмжээн дээр тоглох уран бүтээлчдийн жагсаалтаас тодорхойгүй шалтгааны улмаас гарсан байна.

Элтон Жон, Селин Дион ба бусад одууд ч Трампын тавьсан саналаас татгалзана гэдгээ мэдэгдэж, олон тооны алдартнууд дургүйцлээ илэрхийлээд авсан. Жишээ нь дуучин, DJ Мобийг ёслолын концертонд хөгжим тавьж өгөхийг хүсэхэд тэрээр "Трампыг татварын тайлангаа дэлгэсэн цагт л энэхүү урилгыг хүлээн авна" гэжээ. Харин Их Британийн дуучин Шарлотта Чёрч Дональд Трампыг өөрийн Twitter хуудсаараа дамжуулж дарлагч хэмээн нэрлэсэн юм. Энэ бүх мэдэгдлээс Женнифер Холлидей хамгийн их шуугиан тарьсан байна. Бродвейн жүжигчин, дуучин Женнифер эхэндээ зохион байгуулагчдын урилгыг хүлээн авсан боловч гэнэт өөрийн гаргасан шийдвэрээсээ татгалзаж, ЛГБТ нийгэмлэгийн өмнө уучлалт гуйжээ. Женнифер Холлидейг тангараг өргөх ёслолд оролцсон тохиолдолд түүний гэр бүлийнхний аминд хүрнэ хэмээн заналхийлсэн гэдэг нь дараа нь илэрсэн юм.

Дональд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр ямар уран бүтээлчид дуулах вэ? (фото 1)

Ингээд бид яг ямар уран бүтээлчид Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох болсон харин ямар одууд өөрсдийн нэр хүндэд сэв суулгахгүйн үүднээс татгалзсан гэдгийг харуулсан жагсаалтыг гаргалаа.

Зөвшөөрсөн:

• Жеки Иванко ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр АНУ-ын төрийн дууллыг дуулна

• Мормон сүмийн найрал дуучид

• The Rockettes бүжгийн хамтлаг

• 3 Doors Down

• Кантри дуучид болох Тоби Кит ба Ли Гринвуд

• Сэмюэл Мур

• The Piano Guys хамтлаг

• DJ Ravidrums

• The Frontmen of Country хамтлаг

Татгалзсан:

• Элтон Жон

• Селин Дион

• Андреа Бочелли

• Женнифер Холлидэй

• Моби

• R Kelly

• Кантри дуучин Гарт Брукс

• 2 Chainz ба Ice T

• Шарлотта Чёрч

• Ребекка Фергюсон

• The Dixie Chicks

• The B Street Band

Өнөөдөр Вашингтон ба Лос-Анжелес хотуудад ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын эсрэг үнэ төлбөргүй концерт зохион байгуулагдана. Эдгээр Трампын эсрэг концертуудын тайзнаа Common, The National, Audioslave зэрэг уран бүтээлчид дуулахаа мэдэгджээ. Мөн Green Day хамтлаг АНУ-ын шинэ ерөнхийлөгчийг шүүмжилсэн "Troubled Times" дууны клипийг танилцуулсан бол зургаан жилийн турш чимээгүй байсан Gorillaz хамтлаг Трампын эсрэг дуу гаргасныг бид өнөөдөр нийтлэсэн байгаа.

цааш үзэх