Хайх

Энэ хаврын хамгийн их хүлээлттэй цомгууд

Энэ хаврын хамгийн их хүлээлттэй цомгууд

Pet Shop Boys, PJ Harvey, Xiu Xiu болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуу хөгжим үргэлж шинэчлэгдэж байх хэрэгтэй. Зөвхөн интернэтээр шууд сонсохоос гадна гар утсандаа, машиндаа гээд хөгжмийг орон зай бүрт тохируулан шинэчилж болно. Тэгэхээр энэ хавар шинэ цомгоо гаргах уран бүтээлчдийн дуунуудад анхаарлаа хандуулцгаая

Pet Shop Boys-Super

Хэзээ: IV сарын 1

Super нэртэй энэхүү цомог нь Английн синт-поп дуэт хамтлагийн 13 дах цомог нь болж гарах юм. Тэдний шинэ цомгийн анхны дуу болох The Pop Kids нь сарын өмнө гарч шүүмжлэгч болон шүтэн бишрэгчдийг таатайгаар гайхшруулаад авсан. Неон дүрсээр ээлжлэн солигдох энгийн видео клип, амархан аманд орохоор дууны үг бүхий 1990-ээд оны хэв маягтай энэхүү дууг хэдхэн удаа сонсоход л "They called us the pop kids/Cause we liked the pop hits" гэж амандаа аялах болно. Ихэвчлэн бид ийм төрлийн хамтлагуудаас, хуучны дуунуудыг багтаасан цомог гаргахыг нь хүлээдэг бол Super цомог нь бүх талаараа цоо шинэ цомог болжээ. Сануулж хэлэхэд, тэд хамгийн сүүлд 2013 онд Electric нэртэй цомгоо гаргасан билээ.


The Last Shadow Puppets-Everything You've Come to Expect
Хэзээ: IV сарын 1

Arctic Monkeys хамтлагийн гол дуучин Алекс Тернер болон The Rascals-ын Майлз Кейн нарын үүсгэн байгуулсан тус хамтлагийн The Last Shadow Puppets нэртэй анхны цомог гараад бүтэн найман жил өнгөрчээ. Хэрэв 2008 онд The Last Shadow Puppets хамтлаг амжилт олох нь тодорхой байсан бол энэ удаад тун эргэлзээтэй байж мэднэ. Тэгэхдээ л тэдний шинэ цомог Английн чартуудыг тэргүүлэх боломжтой. Тус хамтлаг өнгөрсөн нэгдүгээр сард The Bad Habbits нэртэй дуугаа танилцуулж, араас нь цомгийн гол сингл болох Everything You've Come to Expect дууг гуравдугаар сард гаргасан билээ. Мөн Everything You've Come to Expect дууны үргэлжлэл болох Aviation синглийг тус тус гаргасан. Хэдийгээр энэ удаад цомгийн гол санаа нь Скотт Уокерт хүндэтгэл үзүүлэх биш ч гэлээ, 1960-70-аад оны хөгжмийн нөлөө мэдрэгдэж байлаа. Мөн романтик хаврын гайхалтай сүлд дуу байх болно.

M83-Junk
Хэзээ: IV сарын 8

Францын электрон хөгжмийн M83 хамтлаг 2000-аад онд маш идэвхтэйгээр дуу зохиож, Depeche Mode, The Killers, Kings of Leon зэрэг олон хамтлагуудтай хамтарч байсан. Гэхдээ 2011 онд Hurry Up, We're Dreaming нэртэй цомог гаргаснаар тэдэнд жинхэнэ амжилт ирсэн юм. Мэдээж таван жилийн хугацаанд тэдний хэв маяг поп нөлөөнөөс гарч, электрон хөгжмийн чиг хандлага руу хазайсан. Энтони Гонзалесын хэлж буйгаар бол тэд цомгоо бүтээхдээ 1970-1980-аад оны телевизийн цуврал инээдмийн киноноос (sitcom) урам авсан гэнэ. Нэг ёсондоо энэхүү цомог нь ситкомд хүндлэл үзүүлж байгаа хэрэг аж.

PJ Harvey- The Hope Six Demolition Project
Хэзээ: IV сарын 15

Энэ жил 46 настай 1990-ээд оны Английн рок домог маань шинэ дуу бичүүлж, клипээ хийсээр л байна. Тэрээр сүүлд 2011 онд Let England Shake нэртэй цомог гаргасан нь түүнд Mercury Prize авчирсан юм. Харин түүний шинэ цомог нь, өнгөрсөн жил Recording In Progress цуврал амьд тоглолтын төслийн хүрээнд, Сомерсет Хауст бичигджээ. Энэхүү төсөл нь түүний шүтэн бишрэгчдэд цомог бичих үйл явцыг амьдаар үзэх боломжийг олгосон. Харин Пи Жей Харви шинэ The Hope Six Demolition Project цомогтоо орсон дуунуудын үгийг 2011 онд Косово явах замдаа зохиосон аж. Одоогийн байдлаар дуучин маань The Wheel болон The Community of Hope гэдэг хоёр дуу л танилцуулсан байгаа ч дөрөвдүгээр сарын 15-д цомог бүтнээрээ The Island Records студийн нэрэн дор гарах юм байна. 

Xiu Xiu- Plays the Music of Twin Peaks
Хэзээ: IV сарын 16

Энэхүү Калифорнигаас гаралтай хамтлагт дуртай байхад маш сайн нойз-поп дуунууд, хөгжимд аз туршсан зүйлс хийдэг гээд  олон шалтгаан нөлөөлнө. Мөн Joy Division-ы Ceremony дууг магадгүй хамгийн сайн ковер хийсэн хамтлагт тооцогдох байх. Joy Division болон The Smiths зэрэг пост-панк хамтлагууд Xiu Xiu-д маш их нөлөө үзүүлсэн юм. Тус хамтлагийн уран бүтээлийн санд арав гаруй цомог байгаа. Түүнчлэн тэдний удахгүй нээлтээ хийх шинэ цомог нь домогт Twin Peaks цувралд зориулсан аж. Дашрамд дурдахад, Twin Peaks-ийн үргэлжлэл удахгүй гарах бөгөөд найруулагчаар Дэвид Линч ажиллажээ. 

Брайан Ино-The Ship
Хэзээ: IV сарын 29

Энэ жил гарах Игги Попын шинэ цомгийн араас Брайан Иногийн шинэ альбум танилцуулагдах гэж байна. Түүний амьдралын замнал, энэ оны эхээр өөд болсон Дэвид Боуитай мөн л холбоотой байсан билээ. Хэрэв Игги Попын цомог Дэвид Боуигийн эхэн үеийн уран бүтээл болох Berlin Trilogy-тай ойр байгаа бол, Брайан Иногийн The Ship нь дэлхийн нэгдүгээр дайн, живсэн Титаник онгоц зэрэг эмгэнэлт үйл явдлуудаас санаа авч бүтээгджээ. Одоогийн байдлаар, тэр шинэ бүтээлүүдээ олонд дэлгээгүй байгаа ч The Velvet Underground хамтлагийн I'm Set Free дууны ковер багтах нь тодорхой болоод байгаа юм.

Anohni-Hopelessness

Хэзээ: V сарын 6

Antony & The Johnsons хамтлагийн дуучин Энтони Хегарти нь Anohni төслийн хүрээнд өөрийн бие даасан цомгоо гаргахаар бэлдэж байна. Тэрээр өмнө нь 4 Degrees нэртэй дуугаа танилцуулсан бөгөөд клипний гол дүрд Наоми Кэмпбелл тоглож, уран бүтээлч захирлаар нь Рикардо Тиши ажилласан билээ. Харин Anohni-гийн продюсероор Oneohtrix Point Never, Hudson Mohawke ажилласан тул амжилтанд хүрэх бүрэн боломж байна.

Kygo-Cloud Nine
Хэзээ: V сарын 13

Youtube болон SoundCloud-ын од Kygo анх Эд Шираны I See Fire дууны ремиксийг хийж олонд танигдсан билээ. Хэрэв түүний нэр танд танил биш байвал та Stole The Show нэртэй дууг хаа нэгтээ сонссон л байж таараа. Тэрээр олон тусдаа дуунууд гаргасны эцэст одоо л нэг Cloud Nine хэмээх шинэ цомгоо гаргах гэж байна. Sia, Duke Dumont, Avicii зэрэг уран бүтээлчдийн шүтэн бишрэгчдэд Kygo-гийн энэ шинэ цомог таалагдана гэдэгт итгэлтэй байна.

 

цааш үзэх