Хайх

Playtime 2017 наадам: Уран бүтээлчид, тайз ба бусад арга хэмжээ

Playtime 2017 наадам: Уран бүтээлчид, тайз ба бусад арга хэмжээ

Наадмын талаарх таны мэдэх хэрэгтэй зүйлс

Text: Г.Тэмүүлэн


Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам болох "Playtime 2017" наадам долоодугаар сарын 14-16 хооронд Гачууртын Монгол Шилтгээнд зохион байгуулагдана

Амьд хөгжим сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг энэ зуны хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох "Playtime" наадам эхлэхэд ердөө 10 хоног үлдээд байна. Бид энэ жилийн наадам дээр ямар уран бүтээлчид тоглох, амьд хөгжим сонсохоос гадна гурав хоногийн турш юу хийж болох, мөн нийт хэдэн тайз засагдах гэх мэт таны мэдэх хэрэгтэй зүйлсийг багцлан хүргэж байна. 

Ямар уран бүтээлчид тоглох вэ?

Энэ жил "Playtime" амьд хөгжмийн наадмын тайзнаа олон улсын ба Монголын нийт 27 хамтлаг дуучид болон 25 DJ нар тоглох болно. Олон улсын онцлох уран бүтээлчдээс дурдвал Японы инди рок урсгалаар дуулдаг The Fin, Швейцари улсаас гаралтай One Sentence. Supervisor гэх краут рок хамтлаг Монголд хүрэлцэн ирэх юм. Мөн өнгөрсөн жилийн Playtime наадамд тоглож байсан Японы The You хамтлаг хоёр дах жилдээ үзэгчдийг баярлуулахаар болжээ.

Харин Mонгол уран бүтээлчид дунд энэ жилийн "Playtime 2017" наадамд Харанга хамтлаг оролцох болсноороо онцлог болж байна. Мөн Нисванис, The Lemons, The Colors, Magnolian, Rec On гэх зэрэг бидний дуртай амьд хөгжмийн хамтлагууд шинэ уран бүтээлээ хүргэх нь ээ.

Хэдэн тайзтай байх вэ?

Энэ жил "Playtime", "Шинэ Давалгаа", "Нааглихац" гэсэн гурван үндсэн тайз болон "La Vie En Rose" нэртэй шинэ тайз засагдах болно. "Шинэ Давалгаа" тайзан дээр шинэ залуу уран бүтээлчид тоглох бол DJ нар "Нааглихац" тайзнаа уламжлал ёсоор электро хөгжим тоглох юм. Харин "La Vie En Rose" гэх шинэ тайзнаа акустик, жазз хөгжим эгшиглэх юм.

Өөр ямар сонирхолтой зүйлс хийж болох вэ?

"Playtime 2017" наадмын хүрээнд залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд танилцуулах зорилготой "Replay" гар урлалын хотхон нээгдэж, гурав хоногийн турш төрөл бүрийн урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр зураач Д.Эрдэнэбаярын "Улаан Морь" орчин үеийн баримлын үзэсгэлэн нээлтээ хийх болно. 

Наадмын тасалбар ямар үнэтэй байх вэ?

"Playtime 2017" наадмын нэг өдрийн тасалбар 30,000 төгрөг, хоёр өдрийн тасалбар 40,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Харин гурван өдрийн тасалбар 50,000 төгрөгөөр үнэлэгджээ. Та Playtime 2017 наадмын тасалбарыг эндээс худалдан аваарай.

Playtime 2017 наадам: Уран бүтээлчид, тайз ба бусад арга хэмжээ (фото 1)

цааш үзэх