Хайх

Disney студи ханхүү Эрикийн дүрд тоглох жүжигчнийг олжээ

Disney студи ханхүү Эрикийн дүрд тоглох жүжигчнийг олжээ

"Бяцхан лусын дагина" кинонд

Text: Buro.Mongolia


Зураг:

Disney студи "Бяцхан лусын дагина" хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн бүрэн хэмжээний кино хийх гэж байгаа талаар бид өмнө нь мэдэгдэж байсан. Тэгвэл тэд уг кинонд ханхүү Эрикээс бусад ихэнх дүрүүдэд тоглох жүжигчдийн сонголтыг хийгээд байсан бол Disney хэдхэн цагийн өмнө энэ дүрд тоглох уран бүтээлчийн нэрийг зарлалаа. Тодруулбал Ариэль гүнжийн дурлалт залуу, ханхүү Эрикийг 24 настай Их Британийн залуу жүжигчин Жона Хауэр-Кинг дэлгэцнээ амилуулахаар болжээ. Тэрээр өмнө нь BBC телевизийн "Little Women" цуврал, "Postards from London" зэрэг бүтээлүүдэд дүр бүтээж байжээ.

Эргэн сануулахад Роб Маршаллын найруулж буй "Бяцхан лусын дагина" кинонд Ариэль гүнжийн дүрийг Chloe x Halle гэх R&B хамтлагийн дуучин Хoлли Бэйли бүтээж байгаа юм. Түүний найз Флаундер загасны дүрийг Жейкоб Трамбле бүтээх бол Скаттл гэх цахлай шувуу дуучин, жүжигчин Аквафинагийн (Crazy Rich Asians) хоолойгоор ярих юм . Харин хорон санаат далайн шулам Урсулагийн дүрд хоёр удаагийн Эммигийн шагналт жүжигчин Мелисса Маккарти тоглоно гэсэн таамаг бий.

Сонирхуулахад өмнө нь ханхүү Эрикийн дүрд дуучин Харри Стайлз тоглохоор хэлэлцээр хийж байсан ч киноны зураг авалт түүний аялан тоглолтын хуваарьтай давхацсан тул тэр энэ дүрээс татгалзахаар шийджээ.

 

 

цааш үзэх