Хайх

Fendi загварын ордон Боргезе галерейтэй хамтарч судалгааны төв байгуулна

Fendi загварын ордон Боргезе галерейтэй хамтарч судалгааны төв байгуулна

Мөн гурван жилийн турш тус галерейг ивээн тэтгэнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Италийн Fendi загварын ордон Ром дахь Боргезе галерейн ивээн тэтгэгчээр ажиллахаар болжээ. Өчигдөр буюу есдүгээр сарын 13-нд тус брэндийн төлөөлөгчид музейн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Тус гэрээнд хоёр талууд "Caravaggio Research Institute" нэртэй шинэ судалгааны төв байгуулах тухай тусгаж өгчээ.

Энэхүү судалгааны төв нь XVI зууны үед амьдарч байсан суут зураач Микеланжело Меризи да Караважогийн уран бүтээлүүдийг судалж, дэлхий даяар түүний бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах зорилготой аж. Караважогийн хамгийн анхны үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 21-нд Лос-Анжелес хотноо нээгдэхээр төлөвлөгджээ. Үзэсгэлэнд "David with the Head of Goliath", "Saint Jerome", "Boy with a Basket of Fruit" зэрэг Караважогийн алдартай бүтээлүүдийг дэлгэх юм. Мөн үзэсгэлэнг Алс Дорнодын орнуудад ч бас танилцуулна гэж WWD вебсайт мэдээллэж байна.

Судалгааны төвөөс гадна Fendi загварын ордон Боргезе галерейн үйл ажиллагааг гурван жилийн турш ивээн тэтгэхээр болжээ.

"Италийн нийслэл ба Караважогийн уран бүтээлийн гоо үзэсгэлэнг бусад орнуудад таниулах зорилготой энэхүү төсөл нь зөвхөн Ром төдийгүй, бүх Итали дахинд мөн Fendi загварын ордны хувьд ч их чухал ач холбогдолтой хамтын ажиллагаа болж байна" гэж Fendi-гийн гүйцэтгэх захирал Пьетро Беккари ярьлаа.

Түүнчлэн өмнө нь Fendi загварын ордон "Треви" усан оргилуурын сэргээн засварлах ажлыг ивээн тэтгэж байсан билээ.

цааш үзэх