Хайх

Нойргүй хонуулах цувралууд: Kingdom, Ozark, Westworld ба бусад бүтээлүүд

Нойргүй хонуулах цувралууд: Kingdom, Ozark, Westworld ба бусад бүтээлүүд

Гуравдугаар сард нээлтээ хийх 5 чухал бүтээл

Text: Buro.Mongolia


Цоо шинэ олон ангит кино эсвэл олон сар тэсэн ядан хүлээлгэсэн цувралууд гээд гуравдугаар сард шөнөжин шимтэн үзэх маш сонирхолтой бүтээлүүд нээлтээ хийж байна. Бид тэдгээрээс заавал үзэх хэрэгтэй гэж үзсэн таван чухал цувралыг онцоллоо.

Amazing Stories (Apple TV+)

Хэзээ: Гуравдугаар сарын 6

Алдарт кино найруулагч Стивен Спилбергийн 1980-аад онд бүтээсэн "Amazing Stories" цувралыг дахин хийх эрхийг Apple TV+ стриминг тавцан худалдан авч чадсан юм. Аймшгийн, уран зөгнөлт цувралын шинэ хувилбарын анги бүрт өөр, өөр найруулагч, зохиолчдын бүтээсэн сонирхолтой түүхүүдийг өгүүлэх болно.

Kingdom, хоёрдугаар улирал (Netflix)

Хэзээ: Гуравдугаар сарын 13

"Game of Thrones" ба "The Walking Dead" цувралуудыг нийлүүлбэл юу болох вэ? Хариулт нь Өмнөд Солонгосын "Kingdom" цуврал. Үйл явдалд Чусон гүрний үед улс орон даяар нэгэн учир битүүлэг цар тахал тархана. Улмаар эзэн хааны бие лагшин тааруу учраас өвчний талаар олж мэдэхээр хаан ширээг залгамжлах ханхүү цар тахлын голомт руу өөрийн биеэр явдаг. Зомби апокалипсисийг улс төрийн далд явуулгатай маш чадварлагаар нэгтгэж чадсан энэхүү цувралын хоёрдугаар улирлыг тэвчээртэй хүлээж байсан хүмүүс одоо тун удахгүй хүсэн хүлээсэн бүтээлээ үзэх нь ээ.

Westworld, гуравдугаар улирал, (HBO)

Хэзээ гуравдугаар сарын 15

Андроид роботуудаар дүүрсэн сэдэвчилсэн паркийн тухай өгүүлдэг шинжлэх ухааны уран зөгнөлт "Westworld" цувралын шинэ бүлэгт Эван Рейчел Вуд, Эд Харрис, Тэнди Ньютон, Жеффри Райт зэрэг гол дүрийн жүжигчид дээр Венсан Кассель, Аарон Пол, Kid Cudi нар нэмэгдсэн байна. Харин үйл явдалд Долорес хүн төрөлхтний бодит ертөнцөд (Лос Анжелес) ирэх бол Мэйв Дэлхийн II дайны үеийн фашист Италийн сэдэвтэй шинэ паркт нэвтрэх болно.

Little Fires Everywhere (Hulu)

Хэзээ: Гуравдугаар сарын 18

Америкийн зохиолч Селест Нгийн ижил нэртэй бестселлер номоос сэдэвлэсэн энэхүү цувралын гол дүрд Риз Уидерспун, Керри Вашингтон нар тоглосон байгаа. Шэйкер Хайтс гэх жижиг хотод чинээлэг, нөлөө бүхий Ричардсоны гэр бүл нам тайван амьдардаг. Гэвч удалгүй хотод Миа Уоррен (Керри Вашингтон) гэх уран бүтээлч бүсгүй нүүж ирэн Элена Ричардсонтой (Риз Уидерспун) танилцсанаар аймшигтай үйл явдлууд өрнөж эхэлнэ.

Ozark, гуравдугаар улирал (Netflix)

Хэзээ: Гуравдугаар сарын 27

Жейсон Бейтман, Лора Линни нарын тоглосон, хар тамхины картель ба мөнгө угаах гэмт хэргийн тухай өгүүлдэг "Ozark" цуврал эргэн ирлээ. Шинэ улирал өмнөх ангиудад болсон үйл явдлаас зургаан сарын дараа өрнөх болно. Энэ удаад Бёрдийн гэр бүл казиногийн бизнес рүү эрч хүчтэйгээр орж, мөнгө угаах ажлаа үргэлжлүүлнэ гэж бид таамаглаж байна.

цааш үзэх