Хайх

Онцлох Instagram: Секс-позитив дижитал арт туурвидаг @slimesunday

Онцлох Instagram: Секс-позитив дижитал арт туурвидаг @slimesunday

Text: Buro.Mongolia


Instagram платформ дээр @slimesunday нэрээрээ танигдсан Майк Париселла бол секс-позитив үзлийг бүтээлүүдээрээ дамжуулан түгээж яваа дижитал артист юм. Секс-позитив үзлийн гол санаа нь хүний бие махбод, бэлгийн амьдралыг тойрсон хэвшмэл үзэл, хэм хэмжээг өөрчилж, тэдгээрийг эрүүл, байгалиас заяасан хүн төрөлхтний амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон, аюулгүй бэлгийн харьцааны ач холбогдлыг онцлон тэмдэглэхэд оршдог.

Майк Париселла нь цахим олон нийтийн сүлжээнүүдэд үйлчилдэг биеийн зарим хэсгийг цензурлэх нөхцөл болон тус нөхцөлөөс улбаалан зураач, артистууд өөрсдийн бүтээлээ нийтлэн байршуулах боломжгүйд хүрч байгааг анзаарч одоогийн дижитал артаа эхлүүлэхээр шийдэж байжээ. Париселла эмэгтэй хүний хөхийг манго жимс, өндөгний хэлбэрт оруулан Instagram-ын алгоритм үйлчлэх эсэхийг шалгаж үзсэн бөгөөд хэдэн жилийн турш түүний бүтээлийг хориглох, эсвэл устгах арга хэмжээ аваагүй байна. Гэсэн ч саяхан түүний зургаан сарын хүч хөдөлмөрөөр бүтсэн 30 зураг Instagram хуудаснаас нь устгагдсан байжээ. “Яг тэр үед миний бүтээлүүд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлж, давлагаа үүсгэж байгаа юм шиг санагдсан. Тэр цагаас хойш эсэргүүцэлтэй тулгарч байсан ч хийж байгаа зүйл минь миний эрхэм зорилго болон өөрчлөгдсөн” хэмээн Париселла Hypebae-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Уран бүтээлч коллаж зургуудаа туурвихдаа олон төрлийн гэгээлэг өнгөнүүд ашигладаг бөгөөд 70, 80-аад оны гоо зүй, тухайн үеийн сэтгүүл, зар сурталчилгаа болон гэрэл зурагчдаас урам зориг авдаг байна. Алдарт гэрэл зурагчид болох Хельмут Ньютон, Гу Бурден, Ман Рэй болон неклассицист үеийн зураач Жон Годвард бол түүний хүндэлж явдаг эрхмүүд юм.

@slimesunday нь Playboy-той хамтран NFT зураг гаргасан бөгөөд Opensea платформ дээр хамгийн их зарагдаж буй бүтээлүүдийн наймдугаар байранд жагссан амжилтыг үзүүлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх