Хайх

Монголын гайхамшигт шувуудтай нэг дороос танилцаж болох үзэсгэлэн гарна

Монголын гайхамшигт шувуудтай нэг дороос танилцаж болох үзэсгэлэн гарна

"Шувууны Жаргал ба түүний нөхөд"

Text: Ж.Чинбат


Зураг: Л.Жаргалсайхан

Дэлхийн нүүдлийн шувууны өдөрт зориулсан "Шувууны Жаргал ба түүний нөхөд нэртэй" хамтарсан үзэсгэлэн Хүннү Молл дахь Гамма галерейд дөрөвдүгээр сарын 15-нд нээгдэх гэж байна

Та бүхэн Монгол орны хаа сайгүй нүүдлийн шувууд ирчихсэн байгааг анзаарсан уу? Гималайг давж Энэтхэгт өвөлжсөн, Энэтхэгийн далайг гаталж Мадагаскар хүрсэн олон сайхан шувууд эх орондоо ирчихсэн байна. Улаанбаатар хот дотор хүртэл шонхор, цахлай зэрэг шувууд үзэгдэж, хотын эргэн тойронд хун болон ангир шувууд аль хэдийнэ үүрээ засчээ. Энэ нь "Монголын зэрлэг амьтан судлах төв", "Монголын шувуу хамгаалах төв", "Монголын шувуу ажиглагчдын клуб"-ынханд нэг ёсны онцгой баярт үйл явдалд тооцогддог юм. Тиймээс эдгээр байгууллагууд "Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо" болон "Гамма агентлаг"-тай хамтран "Шувууны Жаргал ба түүний нөхөд" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар болжээ. Энэхүү үзэсгэлэнг жил бүрийн тавдугаар сарын эхний амралтын өдөр тохиодог "Дэлхийн нүүдлийн шувууны өдөр"-т зориулан гаргаж байна.

Монголын гайхамшигт шувуудтай нэг дороос танилцаж болох үзэсгэлэн гарна (фото 1)Монголын гайхамшигт шувуудтай нэг дороос танилцаж болох үзэсгэлэн гарна (фото 2)

"Бид алс хол газраас нутгаа зорин ирэх олон зуун сая шувуудаа угтан авч, төрсөн нутагтаа энх тунх үржиж, үр төлөө өсгөн бойжуулахыг нь бэлгэдэн энэхүү өдрийг тэмдэглэдэг. Мөн энэ өдөр нь нүүдлийн шувуудын өмнө тулгарч буй асуудлуудыг хүмүүст ойлгуулах, сэрэмжлүүлэх, хамгаалах арга хэмжээ авахыг сануулдаг чухал ач холбогдолтой өдөр юм" хэмээн тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчдын нэг Н.Гансүх хэлсэн байна. 

Энэхүү үзэсгэлэнд шувууны гэрэл зурагчин Л.Жаргалсайхан болон мэргэжлийн шувуу судлаач, биологич, шувуу ажиглагч, сонирхогч, тэжээгч, зураач, байгаль хамгаалагч, аялал жуулчлалын ажилтан зэрэг төрөл бүрийн мэргэжлийн 12 хүний жараад зураг дэлгэгдэнэ. Зургууд бүгд сүүлийн үед авагдсан шинэ байх бөгөөд Монголд анх удаа бүртгэгдсэн шувууд ч орсон байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр "Монгол орны жигүүртэн 2017" нэртэй гэрэл зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдгийг шалгаруулж, олон нийтэд толилуулах болно. Түүнээс гадна дөрөвдүгээр сарын 16-ны өглөө шувуу ажиглах аялал зохион байгуулагдах тул уншигч та бүхэн хүүхэд, багачуудтайгаа хамт оролцож, мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар шувуудын зан төрх, амьдрах арга, амьдралын онцлогийг харах, сонсох боломжтой. 

Монголын гайхамшигт шувуудтай нэг дороос танилцаж болох үзэсгэлэн гарна (фото 3)Монголын гайхамшигт шувуудтай нэг дороос танилцаж болох үзэсгэлэн гарна (фото 4)

Та шувууны гэрэл зургийн талаар болон монгол орны шувуудын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл гэрэл зурагчин Л.Жаргалсайханы ярилцлагыг эндээс үзээрэй. 

Монголын гайхамшигт шувуудтай нэг дороос танилцаж болох үзэсгэлэн гарна (фото 5)

цааш үзэх