Хайх

Урлагийн бүтээл: Tiffany & Co. Masterpieces цуглуулга

Урлагийн бүтээл: Tiffany & Co. Masterpieces цуглуулга

Дээд зэрэглэлийн гоёл чимэглэл

Text: Ө.Тодгэрэл


Үзэсгэлэнт Одри Хепбэрн ба Tiffany & Co. брэндийн анхны дизайнер Луис Комфорт Тиффани нарын гоо зүйн мэдрэмжийг шингээсэн Masterpieces цуглуулга

Tiffany & Co. брэндийн жил бүр гаргадаг дээд зэрэглэлийн "Masterpieces" цувралыг гоёл чимэглэл сонирхогчид тэсэн ядан хүлээдэг. Хавар-2016 улирлын кутюр загварын долоо хоног дээр анх танилцуулагдсан энэ жилийн шинэ цуглуулга яг л дэлхийн хамгийн үнэтэй чихэрнүүд шиг харагдаж байлаа. Өнгөлөг, өвөрмөц, өдөр тутамд гангарч болохуйц эдгээр чимэглэлүүд орчин үеийн тансаг хэв маягийн төгс илэрхийлэл боллоо. Дизайны захирал Франческа Амфитеатроф шинэ цуглуулгыг бүтээхдээ ерөнхий хоёр сэдэв дээр тулгуурлан ажилласан нь "Tiffany Prism" ба "Tiffany Ribbons" юм.

Tiffany Prism загварууд брэндийн хамгийн анхны дизайны захирал Луис Комфорт Тиффанигийн гэгээн дурсгалд бүтээгдсэн аж. Үүсгэн байгуулагч Чарльз Льюис Тиффанигийн төрсөн хүү болох уг дизайнер 1902 онд Tiffany & Co. компанийн дизайныг хариуцаж эхэлсэн бөгөөд тухайн үед тэрээр өөрийн өнгөт шилэн хийцтэй бүтээлүүдээрээ алдаршсан байдаг. Ховор гаралтай үнэт чулуу бүхий олон жижиг бөмбөрцгүүдээс бүрдсэн дисконы гэрэл мэт бөөрөнхий хэлбэртэй бөгж, хүзүүний зүүлт нь өдөр, шөнийн алинд нь ч зүүхэд тохиромжтой. Prism цувралын хүзүүний зүүлтийн гинж нь хүртэл үнэт чулуунуудаас бүрдсэн нь брэндийн уран дархчуудын нарийн гар ажилбарыг харуулж байлаа.

Харин Tiffany Ribbons загваруудын хувьд гэвэл эдгээр нь мөнхийн үзэсгэлэнт Одри Хепбэрнээс санаачилсан, илүү сонгодог шийдэлтэй чимэглэлүүд юм. Цагаан алт ба очир-эрдэнэ чулуу хосолсон, олон үе гинжнээс бүрдсэн Ribbons үнэт эдлэлүүд хүзүү ба бугуйг дэгжин маягаар ороож, хамгийн тансаг мэдрэмжийг төрүүлнэ.

 

 

цааш үзэх