Хайх

Бюро 24/7 тойм: Yamа Cashmere, намар-өвөл 2016/17

Бюро 24/7 тойм: Yamа Cashmere, намар-өвөл 2016/17

Тансаг зэрэглэлийн

Text: Ө.Тодгэрэл


Монголын ноолууран хувцасны салбарт тансаг зэрэглэлийн цоо шинэ брэнд төрөн гарлаа. Говь ХК-ийн шинэ салбар болох энэхүү Yama брэндийн анхны загварын шоу Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд арваннэгдүгээр сарын 4-нд амжилттай зохион байгуулагдлаа

Дэлхийн тансаг зэрэглэлийн ноолууран брэндүүдтэй эн зэрэгцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх том зорилго хэзээнээс Монголчууд бидэнд байсан билээ. Харин үүнийг бодит зүйл болгох хамгийн анхны том гарааг Говь ХК бодит байдал болгож, өөрсдийн цоо шинэхэн Yamá брэндээ амжилттай танилцууллаа. Монголоор "Ямаа" буюу хүмүүс бидэнд тансаг хэрнээ хамгийн дулаахан материал болох ноолуурыг бэлэглэгч амьтнаар нэрлэгдсэн Yamá гэх үг нь мөн японоор "Уулын оргил" гэх утгатай. Тэгэхээр энэ брэнд нэр ноолууран бүтээгдэхүүнээрээ дэлхийн масс зах зээлд хангалттай сайн танигдсан Говь брэнд дараагийн шинэ шат руу ахиж байгааг илтгэж байна. Тийм ч учраас дэлхийн загварын том брэндүүд дээр ажиллаж байсан туршлагатай Итали дизайнераар Yamá брэндийн анхны цуглуулгын дизайныг зохион бүтээлгэжээ.

"Yamá Cashmere бол бидний хувьд яг л Toyota корпорацийн Lexus брэнд гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь бидний хувьд илүү өндөр чанартай, дээд зэрэглэлийн хэрэглэгчид рүү хандаж байгаа шинэ салбар гэсэн үг " хэмээн Говь ХК-ийн гүйцэтгэх захирал бидэнд шоуны өмнөхөн ярьсан юм.

Бюро 24/7 тойм: Yamа Cashmere, намар-өвөл 2016/17 (фото 1)

Хүмүүс ноолууран хувцасны монгол брэндүүдийг ихэвчлэн нэг ангилалд хамруулж, хоорондоо ижил төстэй загвар бүтээдэг гэж үзэх нь бий. Гэтэл үнэн хэрэгтээ дотоодын зах зээл дээрх томоохон брэнд бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Зарим нь биед эвтэйхэн байдлыг илүүд үздэг бол бусад нь сүүлийн үеийн тренд бүхий загварлаг хувцас бүтээхийг эрмэлзэж, өөр нэгэн нь минимал хэв маягийг баримталдаг. Харин шинээр төрсөн Yamá Cashmere дээр дурдсан бүх чанаруудыг хослуулахаас гадна, мөн хэний ч урьд өмнө санал болгож байгаагүй тансаг мэдрэмжийг хэрэглэгчиддээ хүргэхийг зорьжээ. Магадгүй энэ нь хэт өндөр зорилт мэт санагдаж болох ч Yamá брэнд анхны цуглуулгаараа өөрийн амлалтаа хангалттай биелүүлж чаджээ. Холоос харсан ч, ойроос тэмтэрсэн ч илт мэдрэгдэх тэрхүү энгийн тансаг чанар цуглуулгын загвар бүрт шингэсэн байлаа.

Намар-өвөл 2016/17 цуглуулгын хамгийн анхны загвар тайз дээр гарч ирэх мөчид шинэ брэндийн гоо зүйн ерөнхий мэдрэмж шууд л ойлгомжтой болсон юм. Загвар өмсөгч шулуун өмд ба свитер цамцыг пальтотой хослуулж, намхан ултай кет өмссөн нь ямар ч хичээл зүтгэл гаргаагүй хэр нь өөртөө маш тухтай бас тансаг харагдаж байв. Орчин үеийн хүчирхэг бүсгүйчүүд биед эвтэйхэн, цэмцгэр ба практикт тустай хувцас эрэлхийлдэг болсон. Тэд хэтэрхий өндөр өсгийтэй, хөлд эвгүй гутал өмсөхийн оронд, намхан ултай загвар сонгож, өдрийн турш илүү их ажил амжуулахыг эрмэлздэг. Яг л энэ сонирхлын шилжилтийг Yamá-гийн дизайны баг сайтар олж харсан санагдана. Тэд деталь бүрийг тооцоолж, жижигхэн хэдий ч маш чухал үүрэгтэй элементүүд загварууддаа оруулж өгчээ. Хүйтэн өдрүүдэд гар даарахаас сэргийлэх халаастай ороолт, хоёр талаар нь өмсөж болох давхар өнгөтэй пальто зэрэг нь үүний хамгийн тод жишээ юм.

Бюро 24/7 тойм: Yamа Cashmere, намар-өвөл 2016/17 (фото 2)

Байгалийн яруу найраг" гэх нэртэй Yamá брэндийн анхны цуглуулга маш сонгодог бөгөөд сүүлийн үед тренд болж буй туяанууд дээр төвлөрчээ. Хөх болон саарал өнгийг хад чулуунаас сэдэвлэж, үүл мэт цагаан өнгө, хул ба зэвний бор өнгүүд оруулснаас гадна пастель ягаан, дарсны хүрэн зэрэг сонирхолтой сонголттой гарсан байна.

Минимал уур амьсгал, сул хийцтэй загварууд нь ямар нэг хээ, принтгүй болсон нь нүдэнд дулаахан, сэтгэл татагдам харагдуулж байлаа. Ерөнхийдөө Yamá брэндийн анхны цуглуулгыг гардан бүтээсэн итали дизайнер иж бүрдлээр нь өмсөж болох загварууд гаргажээ. Энэ нь нэг төрлийн өнгө эсвэл материалаар дагнах total look моодонд орсон намрын улиралд маш цагаа олсон алхам болжээ. Тэр дундаас хамгийн ихээр анхаарал татсан загвар бол шулуун хэлбэртэй өмд юм. Хоолойтой урт свитер, пончо маягийн нөмрөг, кардиган цамц, хантааз гээд цуглуулгын бүхий л загваруудтай төгс зохицох энэхүү өмд нь хүйтний улирлын хувцасны шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй загвар байлаа. Харин эрчүүдэд зориулсан загваруудад хөх өнгө давамгайлж, сонгодог хэлбэр дүрснүүд ажиглагдсан. Бөөрөнхий захтай свитер, цахилгаантай кардиган ба пальтоны зэрэгцээ мөн эрчүүдэд зориулсан нимгэн утсаар сүлжсэн хээтэй шааль танилцуулагдлаа.

Цуглуулгын загварууд бүгд энгийн байсангүй. 1970-аад оны уур амьсгалтай богино А хэлбэрийн юбка, түүнтэй хослох нэхмэл ханцуйтай атлаа сүлжмэл их биетэй хүрэм нь загварын шоунд эмэгтэйлэг дүр төрх нэмсэн. Мөн үнэг ба туулайн үстэй хантааз, малгай, бээлий зэрэг нь тансаг эдлэлийн сонголтыг өргөжүүлж өглөө. Бидний зүгээс Yamá брэндийн хувцсыг өмсөхдөө аль болох өвөрмөц шийдэл гаргаж, даашинзыг өмдтэй, эсвэл урт цамцыг богино юбкатай хослуулж өмсөхийг санал болгох байна.

цааш үзэх