Хайх

Ferrari компани загварын салбарт хөл тавилаа: Тэдний анхны цуглуулгатай танилцъя

Ferrari компани загварын салбарт хөл тавилаа: Тэдний анхны цуглуулгатай танилцъя

Text: Buro.Mongolia


Зураг:

Спорт загварын, уралдааны автомашины Ferrari брэнд загварын салбарт хүч үзэхээр анхныхаа цуглуулгыг танилцууллаа. Тодруулбал, Итали улсын Маранелло хотод Ferrari компани нийт 52 төрхөөс бүрдсэн загварын шоугаа зохион байгуулсан ба үүнээс 80% нь хүйсгүй хувцас байснаараа онцлог байв. Цуглуулгыг Dolce & Gabbana, Giorgio Armani болон Pal Zileri брэндүүдэд ажиллаж байсан туршлагатай загвар зохион бүтээгч Рокко Яннонегаар ахлуулсан баг бүтээжээ. Түүнчлэн асар их өрсөлдөөнтэй загварын салбар луу орох болсон шалтгааныг Ferrari-гийн төрөлжүүлэлт хариуцсан захирал Никола Боари «бидний зорилго бол илүү өргөн хүрээг хамарсан гүүр барихад оршиж байгаа» хэмээн тайлбарласан юм.

Цуглуулгад багтсан загваруудын хувьд хослол, юбка, цамцнууд дээр Ferrari-гийн морины логог болон машины хээг гаргаж өөрсдийнхөө өнгө аясыг тодорхойлсон байлаа. Дийлэнх хувцаснуудыг тод өнгийн материалууд ашиглан хооронд нь залгаж урласан бөгөөд улаан, хүрэн, цэнхэр, неон шар зэрэг өнгөнүүд давамгайлсан харагдлаа. Түүнчлэн төрхүүдийг загварчлахдаа сонгодог загварын пальтоны ханцуйг куртканы хөвсгөр ханцуйгаар орлуулж, торгон материалтай миди юбка болон цамцны хослол дээр зузаан бээлийг нэмж, автомашины уралдаанд өмсдөг дүрэмт хувцасны өнгө аясыг шингээсэн байна.

Сонирхуулахад, Ferrari компанийн хэрэгжүүлэх шинэчлэлүүд энэхүү цуглуулгыг гаргаснаар эцэслэхгүй бөгөөд тэд хувцасныхаа хэмжээг XXXS-XXXL хүртэл нэмж 21 дүгээр зууны хурдацтай өөрчлөгдөж буй хүмүүсийн хүсэл, сонирхолд нийцэн ажиллана гэжээ. Мөн тэд 2022 онд SUV буюу жийп загварын автомашиныг гаргах ажилдаа орсон ба 2025 онд анхны бүрэн цахилгаан автомашинаа нэвтрүүлэхээ мэдэгдсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх