Хайх

Коко Шанелийн залуу насыг дурссан Chanel-ийн кутюр цуглуулга

Коко Шанелийн залуу насыг дурссан Chanel-ийн кутюр цуглуулга

Хавар-зун 2020

Text: Buro.Mongolia


Chanel ордны кутюр цуглуулгын загварын шоу өчигдөр Парис хотноо болж өндөрлөлөө. Загварын шоунд зориулан Гран-Пале ордонг Коко Шанелийн бага насаа өнгөрүүлсэн Обазин нутгийг санагдуулам байдлаар тохижуулжээ. Намтарт өгүүлснээр Коко Шанелийг 11 настай байхад түүний ээж өөд болж, тэрээр Обазины асрамжийн сүмд үрчлэгдсэн ба тэнд гэлэнмаа нараас оёдлын арга техник, хувцас загварын тухай сурч авсан гэдэг. Хожим нь түүний намтрыг бичсэн сэтгүүлч Эдмонд Шарль-Руны тэмдэглэснээр Коко Шанелийн сүмээс суралцаж авсан гоо зүй болон нарийн нямбай байдал, эмх цэгц зэрэг нь түүнтэй хамт үүрд үлдэж, сүмд өнгөрүүлсэн үе нь түүний хувцас загварт шинэчлэл хийхэд нөлөөлсөн чухал үе гэсэн байдаг.

Харин Chanel брэндийн бүтээлч захирал Виржини Виар энэхүү кутюр цуглуулгыг бүтээхдээ Обазины сүмийг зорин Шанелийн залуу үеийг эргэн дурсаж, тун энгийн, даруу загваруудыг урлажээ. "Карл эдгээр энгийн даруу зүйлсийг үзэмжгүй хэмээн үзэж, тийм ч таатай ханддаггүй байсан. Харин би хувьдаа үүнийг брэндийн салшгүй нэг хэсэг хэмээн үздэг байлаа. Харин сүмд зочилсны дараагаар тэр бодол маань улам батлагдах шиг болж, цуглуулгыг урлах урам зоригийг олж авсан" хэмээн Виржини цуглуулгын тухай ярьжээ. Хар, цагаан, саарал, бүдэг ягаан зэрэг өнгөнүүд зонхилсон кутюр цуглуулгад захтай даашинз, өргөн мөртэй хүрэм, торон даашинз, шулуун даашинз зэрэг энгийн атлаа нарийн элементүүдээр чимэглэсэн загварууд багтсан байна.

цааш үзэх