Хайх

Парисын загварын долоо хоног: Dior-намар-2015

Парисын загварын долоо хоног: Dior-намар-2015

Гоо үзэсгэлэнгээр дүүрсэн цэцэрлэг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Шинэ улирлын цуглуулгыг хараад бид яагаад Раф Симонсыг гурван жилийн өмнө Францын загварын ордоны удирдагчаар томилж байсныг дахин нэг саналаа

Dior-д ажиллаад удаагүй байгаа тэрбээр энэ хугацаанд маргаантай цуглуулга цөөнгүй гаргасан хэдий ч амжилттай цуглуулга мөн адил олон гаргасан. Ѳмнөх кутюр шоунаас хамгийн тод сэтгэгдэл үлдээсэн зүйл бол латекс гутал болон урт оймсон комбинзон байсан билээ. Тэдгээр нь Пуччигээс зээлдсэн мэт харагдаж байсан бөгөөд энэ нь олон хүмүүсийн таашаалд нийцэж чадаагүй. Раф Симонсын Dior-ийн эрин үед байхдаа гаргасан "амжилттай" болон "амжилтгүй" цуглуулгууд 50/50 хувьтай гэж хэлж болно. Гэвч Александр Ванг Balenciaga-д нэгэн жигд явж байсантай харьцуулбал Симонсыг албан тушаалаас шилжүүлэх талаар нэг ч яриа гарч байсангүй. Улирал болгон туршилт хийдэг түүний энэхүү зоригтой байдал нь үнэхээр бахдал төрүүлэм байдаг. 

Парисын загварын долоо хоног: Dior-намар-2015 (фото 1)

Dior Couture -ийн шинэ цуглуулга энэ удаад шинэлэг биш хэдий ч маш үзэсгэлэнтэй бас гэнэтийн болж чадсан. Тэрбээр анх Иероним Босхагийн "Газар дэлхийн гоо үзэсгэлэнгээр дүүрсэн цэцэрлэг" нэртэй хамгийн алдартай гурамсан зургаас урам авчээ. Раф Симонс энэхүү бүтээлийг маш удаан хугацааны турш таалж, яаж гол утга санааг нь ашиглаж болох вэ гэдэг талаар их эргэцүүлсэн гэдэг. Мэдээж алдарт зургийг хээ болгон ашиглах амархан аргачлалыг Симонсоос хүлээх хэрэггүй байсан. Иймэрхүү алхмыг Dr. Martens болон Carven нарт үлдээе (Францын эдгээр брэндэд бид хайртай ч, Dior тэднээс өөр түвшнийх шүү дээ). Эцэст нь Симонс бидний найдлагыг алдсангүй. Тэр цуглуулгад гурамсан зургийн нэг ч дохио өгөөгүй хэрнээ бүхэл шоугаа зургийн сэргээн босголт болгон хувиргажээ.

Гол санаа нь ертөнцөд бие биеэсээ тэс ондоогоор оршдог зүйлсийг хооронд нь хослуулахад оршсон юм. Жишээ нь зөөлөн ба хатуу, харанхуй ба гэрэл, сахиусан тэнгэрийн гэнэн ба тачаангуй байдал гэх мэт. Тайзан дээр тэдгээр зөрчилдөөнтөй зүйлсийг ялгахад амар байлаа. Харанхуй, тодруулбал тачаангуй байдлын илэрхийлэл нь том хүрмүүд болж, хүрэм дотор нь өргөн өмд нуугдаж байв. Мөн анх эгц өөдөөс нь харахад даруухан хэрнээ бүсгүйг хажуу тийш эргэхэд л маш өдөөн хатгасан загвартай даашинзууд бас бий. Тэдгээр сонирхолтой даашинзуудын нэгийг Dior-ын шинэхэн нүүр царай болсон Рианна удахгуй ээлжит улаан хивс дээрээ өмсөх биз ээ.

"Диваажингийн" даашинзуудыг танихад амархан байсан. Раф Симонс гэнэтийн байдлаар Голландын Босхаг Францын пуантилизм хэв маягтай зураачтай хослуулснаар жижиг торон хээ болон толбоор чимэглэсэн даашинзууд бүтээжээ.

цааш үзэх