Хайх

PFW: Louis Vuitton, хавар-зун 2016

PFW: Louis Vuitton, хавар-зун 2016

Өөр ертөнц

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Энэ удаад Николя Жескьер Louis Vuitton-д зориулж үнэхээрийн гэнэтийн цуглуулга бүтээжээ. Тэр шинэ дижитал ертөнц ба анимэгээс санаа авч, өөрийн хайртай ягаан үст модель Фернанда Лигээр шоугаа нээлээ

Николя Жескьер өмнөх улиралд эхлүүлсэн футуризмын сэдвээ хөгжүүлсээр байна. Энэ удаад загвар өмсөгч Фернанда Ли дахин нэг удаа Louis Vuitton-ны шоуг нээсэн бөгөөд футуристик ертөнцийн дараах сэдэвтэй цуглуулгын төгсгөлийг мөн төлөөллөө. Цуглуулгын эмэгтэй баатрууд бүгд анимэ мэт харагдаж, хүүхэлдэй дээр гардаг шиг голдоо шигтгээтэй төмөр чимэглэл духандаа зүүжээ. Нөгөөтэйгүүр эдгээр духны болон хүзүүний чимэглэлүүд заавал анимэ хүүхэлдэйн чимэглэл биш харин Apple-ийн шинэхэн гаргасан дэвшилтэт технологи ч байж мэдэх юм.

Цуглуулгыг танилцуулсан загвар өмсөгчид дэлхийн мөхлийн дараах өөр, нөхөрсөг бус ертөнцөөс ирсэн мэт сэтгэгдэл төрүүллээ. Их хэмжээний савхин эдлэлүүд, том бүдүүн ултай гутлууд, хэтэрхий богинохон хувцаснууд, тор, бүс, гинж ба мотоцикльчины бээлий гэх зэрэг хүнд загварууд тайзнаа ноёрхлоо. Тэр дунд Louis Vuitton брэндийн сонгодог хээ хэвшил болсон цүнхнүүд дээр биш харин олон өнгийн пальтонууд дээр орсон нь өвөрмөц харагдлаа. Үүнийг харахад францын загварын ордны бэлэг тэмдэг болсон аксесуарууд, эртний баялгийн зүйлс энэхүү шинэ цуглуулгад урьдын ач холбогдлоо алдсан юм шиг санагдлаа.

Савхин хүрэм, ажлын комбинзон, сунасан свитер, бензиний толботой хувцас зэргээс гадна цуглуулгад нарийн хийцтэй загварууд ч мөн адил багтлаа. Тодруулбал бэлхүүсээрээ бариу савхин хүрэм ба мөнгөлөг гялбаатай загварууд тэрхүү өөр ертөнцийн, дээд шатлалын бүсгүйчүүдэд зориулагдсан бололтой.

цааш үзэх