Хайх

Шилдэг кутюр цуглуулгууд: Chanel, Dior, Schiaparelli

Шилдэг кутюр цуглуулгууд: Chanel, Dior, Schiaparelli

Хавар-зун 2023

Text: Buro.Mongolia


Дизайнеруудын уран сэтгэмж кутюр загварын долоо хоног дээр дээд цэгтээ хүрдэг гэхэд хилсдэхгүй. Зүгээр ч нэг хувцас биш дахин давтагдашгүй урлагийн бүтээл харуулдаг энэхүү арга хэмжээ нь Парисын хөрснөө болж өнгөрлөө. Тэгвэл энэ жил маш олон улаан хивсний ёслол дээр үзэгдэх өндөр магадлалтай үдшийн гоёлуудтай танилцацгаая.

Chanel, Хавар-зун 2023

Chanel ордны загварын шоуны дотоод засал юун түрүүнд анхаарал татна. Францын уран бүтээлч Ксавье Велан дахин боловсруулсан модоор морь, заан, матар болон шар шувуу урлан байршуулж цирк доторх орчныг бүрдүүлжээ. Цуглуулгыг бүтээхэд гол анхаарлаа цилиндр малгай дээр хандуулсан нь харагдах бөгөөд энэ нь циркт ажилладаг амьтан сургагчдыг санагдуулна. Мэдээж хэрэг тэд твид материалдаа үнэнч үлдэж эмэгтэй хүний биеийн галбирыг тодотгосон, буга, үнэг, нохойн зураг бүхий жижиг деталь оруулсан хослол толилууллаа.

Dior, Хавар-зун 2023

Энэхүү цуглуулгыг бүжигчин, дуучин, жүжигчин, эстрадын хатан хаан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтай тэмцэгчдийн нэг Жозефина Бэйкерийн амьдралаас урам зориг аван бүтээжээ. Яг л Бэйкерийн хувцасны шүүгээн дотроос цувран гарж байгаа мэт атласан боди, хамбан халаад өмссөн моделиуд загварын шоуг нээж алхсан юм. Цаашлаад 1920-иод оныг санагдуулах цацагтай топ, шагай хүрсэн урттай гялалзсан даашинз харц булааж, мөн бүтээлч захирал Мариа Грациа Кьюри тухайн үед эмэгтэйчүүдийн дотуураа өмсдөг байсан юбкаг шинээр загварчилсан харагдлаа.

Schiaparelli, Хавар-зун 2023

Schiaparelli загварын ордон ээлжит сюрреалист цуглуулгаа танилцуулаад байна. Тус брэндийн бүтээлч захирал Даниел Розберри энэхүү цуглуулгаа урлахдаа Италийн сэргэн мандалтын үеийн их сэтгэгч Данте Алигьерийн хойд насны тухай өгүүлэх “The Divine Comedy” хүүрнэлт яруу найргаас сэдэвлэжээ.

Розберри нь хүүрнэлт яруу найрагт гардаг амьтад болох арслан, цоохор ирвэс, чонын толгойн хэлбэрийг хиймэл үс болон бусад ямар ч амьтны гаралгүй материал ашиглан бүтээсэн нь энэ улирлын хамгийн их маргаан дагуулсан цуглуулгаар нэрлэгдэх гол шалтгаан болсон юм. “The Divine Comedy” хүүрнэлт яруу найрагт эдгээр амьтад нь өөрсдийн гэсэн утгатай ба арслан бахархлыг, цоохор ирвэс дур хүслийг, харин чоно шунаг сэтгэлийг тус тус илэрхийлдэг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх