Хайх

Yamá брэндийн шинэ цуглуулга дахь намрын өнгийг тольдохуй

Yamá брэндийн шинэ цуглуулга дахь намрын өнгийг тольдохуй

Намар-өвөл 2019

Text: Ц.Намуун


Өвлийн улирлыг цагаан, урин хаврыг ногоон өнгөтэй зүйрлэвэл налгар намрыг ямар өнгөөр илэрхийлэх вэ? Алтан шаргал, хүрэн бор аль эсвэл улбар шар гээд өнгө өнгөөр алаглан харагдах намар цагийг нэг л өнгөөр илэрхийлэх боломжгүй байх. Тэгвэл энэхүү асуултын хариуг Yamá брэндийн шинэ цуглуулга танд өгөх болов уу. Байгалийн өнгө аяс, дулаан мэдрэмж шингэсэн загваруудаараа алдартай Говь ХК-ийн Yamá брэнд намар-өвөл 2019 улиралд зориулан тариан түрүүг санагдуулам бор шаргал, шинэхэн ургацын ногоо, жимс жимсгэнэ мэт улаан хүрэн ба гүн ногоон, навчсаа унагаасан уулын модод шиг бор гээд намрын улирлын бүхий л туяаг шингээсэн цуглуулгыг урлажээ.

Yamá брэндийн шинэ цуглуулга дахь намрын өнгийг тольдохуй (фото 1)

Yamá брэндийн шинэ цуглуулга дахь намрын өнгийг тольдохуй (фото 2)

Yamá брэндийн шинэ цуглуулга дахь намрын өнгийг тольдохуй (фото 3)

Сонгодог хэв маяг ба модерн хийц ноёрхох намар-өвөл 2019 цуглуулга

Беззи Луизелла тэргүүтэй Yamá брэндийн дизайнерууд дээрх намрын өнгөнүүдийг ашиглан цэмцгэр эсгүүр, нарийн сүлжээс, хээний давтамжийг хооронд нь уусган хаана ч өмсөж болохуйц биед эвтэйхэн ноолууран загварууд туурвижээ.

Хээнцэр дэгжин байдлыг илтгэх сонгодог суурьтай загваруудад сүлжмэл пончо, өвдөг давсан урттай юбка, шулуун эсгүүртэй пальто, үслэг захтай хүрэм, ажил хэрэгч хэв маягтай задгай энгэртэй цамц зэрэг загварууд багтсан бөгөөд олон давхарлах стилистик аргачлалын тусламжтайгаар ноолууран хувцсаар дагнан дулаан гэлтгүй, загварлаг дүр төрх бүрдүүлэх боломжтойг зураг авалтаараа дамжуулан харуулсан байна.

Түүнчлэн дизайнерууд орчин үеийн залууст зориулан хэд хэдэн модерн хийцийн загварууд бүтээсний дунд милитари загвартай хүрэм, чөлөөт загварын хослол, бомбер, нөмрөг загварын пальто, үслэг дотортой хантааз гэх загварууд багтжээ. Мөн шулуун өмд, oversize цамц, бомбер хүрмийг кеттэй хослуулж өмсөх боломжтойг харуулсан нь шинэ цуглуулга хөдөлгөөнд үл саад болох өдөр тутамд зориулагдсан болохыг илтгэж байлаа.

Минимал байдлыг эрхэмлэгч Yamá

Шинэ цуглуулга бүрээрээ үнэ цэнтэй санааг түгээхийг зорьдог Yamá брэндийн хамт олон энэ удаад эгэл байдлыг эрхэмлэдэг минимал амьдралын хэв маягийг сонгохыг уриалсан юм. Учир нь минимал хэв маягийг сонгоно гэдэг амьдралд юу чухал болохыг шигшиж, үй түмэн мэдээллээс үнэ цэнэтэйг нь ойлгож авахаас гадна цаашлаад ухамсартай хэрэглээ, байгальд ээлтэй байдлыг эрэлхийлдэг билээ. Харин Yamá-гийн шинэ цуглуулга дахь загварууд тэрхүү ухаалаг, минимал амьдралын хэв маягийг цогцлооход тань туслах болов уу.

Yamá брэндийн шинэ цуглуулга дахь намрын өнгийг тольдохуй (фото 4)

Yamá брэндийн шинэ цуглуулга дахь намрын өнгийг тольдохуй (фото 5)

Yamá Mongolian Cashmere by Gobi

Галлериа Улаанбаатар салбар
Улаанбаатар хот, СБД, Засгийн газрын ордны зүүн талд
Утас: 7004 8888-1-3-2

Говь ХК-ийн Үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүр
Улаанбаатар хот, ХУД, Үйлдвэрийн гудамж
Утас: 7004 8888-1-2

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх