Хайх

2023 оны “it” загвар макси юбкаг хэрхэн загварчлах бэ

2023 оны “it” загвар макси юбкаг хэрхэн загварчлах бэ

Загварлаг төрх бүрдүүлэх хялбар аргачлалууд

Text: Buro.Mongolia


2022 онд Miu Miu брэндийн танилцуулсан мини юбкагаас улбаалан мини силуэтүүд загварын тайзыг эзэгнэсэн бол энэ оны “it” зүйлээр газар шүргэм урттай макси загвар тодроод байна. Diesel, Maison Margiela зэрэг брэндүүд этгээд гранж хувилбарууд урласан бол The Row, Saint Laurent загварын орднууд илүү сонгодог загваруудыг танилцуулсан билээ. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө Gucci брэнд намар-өвөл 2023 улиралд зориулсан эрэгтэй цуглуулгадаа ч хүртэл макси юбкаг багтаасан нь хүйсгүй загварын хөгжилд хувь нэмрээ орууллаа. Өнөө үеийн хамгийн загварлаг хувцсаар тодроод буй макси юбкаг өмсөхөд тодорхой дүрэм үгүй бөгөөд футболка ба кет, өндөр өсгийт ба богино топ, ноосон цамц ба комбат гутал гээд ямар ч байдлаар загварчилж болдог давуу талтай. 

2023 оны “it” загвар макси юбкаг хэрхэн загварчлах бэ (фото 1)
Gucci, намар-өвөл 2023 (Эрэгтэй цуглуулга)

Преппи төрх бүрдүүлэх


Хэдхэн хоногийн өмнө Gucci брэнд намар-өвөл 2023 улиралд зориулсан эрэгтэй цуглуулгадаа судалтай поло цамц, саарал өнгийн макси юбка, лофер гутлыг хослуулан өдөр тутамд хэрэгжүүлж болохуйц ухаалаг, преппи төрхийг харууллаа. 

2023 оны “it” загвар макси юбкаг хэрхэн загварчлах бэ (фото 2)
Martine Rose, намар-өвөл 2023

Футболкатай хослуулах


Martine Rose брэндийн намар-өвөл 2023 загварын шоунд спортлог футболкаг нарийн судалтай макси юбкатай хослуулсан нь ажил хэрэгч атлаа street төрхийг бүрдүүлсэн юм. Хэрэв та чөлөөт байдлаар хувцасладаг нэгэн бол энэхүү хувилбарыг хэрэгжүүлээд үзээрэй. 

2023 оны “it” загвар макси юбкаг хэрхэн загварчлах бэ (фото 3)
Жижи Хадид 

Богино топ+макси юбка


Хувцаслалтад эсрэг тэсрэг зүйлсийг хольж контраст үүсгэх нь хэзээд зөв шийдэл болж чаддаг. Иймд макси юбкаг, богино топтой хослуулан биеийн галбираа тодотгосон төрх бүрдүүлээрэй. Ингэхдээ  загварын блогерууд, загвар өмсөгчдөөс бүтээлч сэдэл авахыг зөвлөж байна.  

2023 оны “it” загвар макси юбкаг хэрхэн загварчлах бэ (фото 4)
Эмили Синдлев

Y2K төрх


Макси юбкаг загварчлах өөр нэг хялбар арга бол Y2K төрх бүрдүүлэх юм. Учир нь урт юбка нь 2000-аад онд ид моданд орж байсан бөгөөд ингэхдээ тэлээ, платформ ултай гутал, нарны том шил, жижиг гар цүнх зэрэг аксесуаруудтай хослуулаарай.

2023 оны “it” загвар макси юбкаг хэрхэн загварчлах бэ (фото 5)
The Row, resort 2023

Өглөөнөөс үдэш хүртэл


Макси юбка нь завгүй амьдралын хэв маягтай эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой сонголт болж чаддаг. Шулуун эсгүүрийн урт юбкаг ноолууран свитер, пиджак, үслэг хүрэм зэрэг сонгодог загваруудтай хослуулан өглөө оффистоо очихоос эхлээд үдшийн хүлээн авалтад оролцохдоо хүртэл загварчлах боломжтой. 

2023 оны “it” загвар макси юбкаг хэрхэн загварчлах бэ (фото 6)
Peter Do, хавар-зун 2023

Монохром төрх


Хөлөөс толгой хүртэл нэг өнгөөр дагнан хувцаслахад буруудна гэж хэзээ ч байхгүй. Тэр дундаа цагаан, beige, хар зэрэг үндсэн өнгүүдээс сонголтоо хийх нь хормын зуур хээнцэр, тансаг төрхийг бүрдүүлнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх