Хайх

Бюро 24/7 ярилцлага: Гоёо брэндэд шинэ өнгө төрх нэмсэн Испани улсын алдарт дизайнер Сибилла

Бюро 24/7 ярилцлага: Гоёо брэндэд шинэ өнгө төрх нэмсэн Испани улсын алдарт дизайнер Сибилла

“Би энэ гайхамшигт улсыг дэлхийд таниулмаар байна”

Text: Ө.Тодгэрэл


Есдүгээр сарын 7-нд ASEM Ger-т зохион байгуулагдсан Гоёо брэндийн намар-өвөл 2017/18 улирлын загварын шоу одоо хүртэл хэвлэл мэдээллээр яригдсаар байна. Дэлхийн ноолуурын зах зээл дахь үндсэн тоглогчдын нэг болох том зорилт тавьсан Гоёо брэндийн хамт олон энэ зорилгынхоо дагуу байгаль орчиндоо хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, өндөр чанартай бүтээгдэхүүн гаргаж, хувцас дизайндаа шинэчлэлт оруулсаар байна. Тэд мөн энэ улиралд дэлхийд танигдсан дизайнер Сибиллатай хамтран тусгай цуглуулга гаргаж, хэрэглэгчиддээ гэнэтийн бэлэг барьсан билээ. Кристобаль Баленсиагагаас хойш төрөн гарсан Испани улсын хамгийн агуу дизайнер хэмээн өргөмжлөгддөг Сибиллагийн загварууд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгож, биед эвтэйхэн байдлыг нэн тэргүүнд тавьдгаараа алдартай. Гоёо брэндийн тайзнаа гарсан түүний загварууд үзэгчдийг өөрийн нарийн хийц, тод өнгө, өвөрмөц эсгүүрээрээ ховсдож чадсан юм.

Бюро 24/7 ийнхүү Монголд анх удаа хүрэлцэн ирсэн чадварлаг дизайнертай уулзаж, түүнээс Монголын ноолуурын салбар ямар түвшинд явж байгааг, дизайнер хүний мөн чанар юунд оршдогийг, мөн орчин үеийн эмэгтэй хэрхэн хувцасладаг болсон талаар ярилцлаа.

Монгол улсад тавтай морилно уу. Тантай уулзаж буйдаа бид их баяртай байна. Гоёо брэндтэй хамтран бүтээсэн цуглуулгынхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү.

Энэхүү хамтын ажиллагаандаа би их сэтгэл хангалуун байгаа. Учир нь би Гоёо компанийг хүндэлдэг. Тэд өндөр чанартай бүтээгдэхүүн гаргадгаас гадна байгаль орчин ба хэрэглэгчиддээ эерэг нөлөө үзүүлэх чин хүсэл, зорилготой байдаг. Би яг л ийм төрлийн компаниудтай хамтарч ажиллахыг зорьдог юм.

Гоёо компани энэ удаагийн намар-өвөл 2017/18 цуглуулга болон өмнөх хэд, хэдэн төслүүдээрээ Монголын загварын салбарт байгаль орчинд ээлтэй бизнес модель нэвтрүүлж байгаа. Байгаль орчинд ээлтэй загвар гэдэг нь таны хувьд ямар утга учиртай вэ? Мөн энэ зүйл нь бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ?

Бид бүгд л үзэсгэлэнтэй байхыг хүсдэг. Гэхдээ тэрхүү гоо үзэсгэлэнг дэлхийг сүйрүүлсний үр дүнд олж авч байгаа бол энэ нь надад сонирхолтой биш. Аж үйлдвэрийн үйл явц байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг бид бүгд мэднэ. Тиймээс бид одооноос эхлэн орчин үеийн асуудлуудтай тэмцэх зорилгоор аливаа зүйлийг илүү сайжруулсан байдлаар, ухаалгаар хийх учиртай. Магадгүй энэ нь хэцүү даалгавар байж болох ч, ядахдаа л бид хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Энэ нь л миний хувьд байгаль орчинд ээлтэй загвар юм. Харин Гоёо брэнд Монголын малчдын нөхцөл байдлыг сайжруулж, хөрсний нөхөн сэргээлтийг дэмжиж, мал сүргийн эрүүл мэндэд анхааран ажиллахыг зорьж байгаа. Би үүнийг маш ихээр хүндэлж байна. 

Бюро 24/7 ярилцлага: Гоёо брэндэд шинэ өнгө төрх нэмсэн Испани улсын алдарт дизайнер Сибилла (фото 1)

Та өөрийн уран бүтээлдээ ноолууран материал хэр их ашигладаг вэ? Энэ материалыг та хэрхэн тодорхойлох вэ?

Би ноолуурт маш их дуртай. Бүр донтсон ч гэж хэлж болно! Миний хувьд энэ нь дэлхий дээрх хамгийн шилдэг материал шиг санагддаг. Ноолуур сэтгэл дулаацуулж, амар амгалан байдал авчирдаг. Зөөлөн бөгөөд дулаан мэдрэмж төрүүлэхээс гадна ноолуур нь мөн тайвшруулах, анагаах чадвартай мэт санагддаг. Гэхдээ ноолуур бэлтгэхдээ байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжүүлэх нь их чухал. Ноолуурыг зөвхөн их хэмжээгээр гаргаж авах зорилгоор ямаан сүргийг үржүүлбэл энэ нь бэлчээрийг сүйтгэж цөлжилт бий болгодог. Тийм ч учраас Гоёо брэндийн санаачилж буй шинэ төсөл мал сүргийн хөрсөнд нөлөөлөх хор уршгийг багасгаж, ямар нэгэн бодит үр дүн авчрах магадлалтай.

Бид бүгд л үзэсгэлэнтэй байхыг хүсдэг. Гэхдээ тэрхүү гоо үзэсгэлэнг дэлхийг сүйрүүлсний үр дүнд олж авч байгаа бол энэ нь надад сонирхолтой биш
Энэ цуглуулга дээр ажиллахдаа та хаанаас бүтээлч санаагаа авсан бэ? Загваруудаараа дамжуулан ямар санааг илэрхийлэхийг хүссэн бол?

Би загварын салбарт ажилласнаараа эмэгтэйчүүдэд үйлчилж, тусалж, дэмжихийг зорьдог. Энэ нь л уг цуглуулгын үндсэн санаа юм. Би эмэгтэйчүүдэд хүч чадал, баяр баясгалан, амгалан тайван байдал мэдрүүлдэг хувцас бүтээхийг хүсдэг. Би мөн эмэгтэй хүний мэдрэмтгий зан чанарыг тодотгож, тэднийг гэрэлтүүлж, өдөр тутмын амьдралдаа илүү өөртөө итгэлтэй байхад нь туслахыг хичээдэг. Яг л тэдний сайн найз мэт энэ нь миний гол зорилго юм.


Таны өмнөх ажлуудыг судлахад та ихэвчлэн байгалиас бүтээлч санаа авсан байдаг. Харин Монголын байгаль танд хэрхэн нөлөөлж байна вэ?

Би Монголын байгальтай дөнгөж танилцаж байна. Одоогийн байдлаар харсан зүйлээсээ дүгнэхэд энэ орон нь миний сэтгэлийг маш ихээр хөдөлгөж байна. Мөн Монгол улс миний аавын төрөлх нутаг болох Аргентинтай их төстэй мэт санагдсан. Би илүү их зүйлийг харж, судлах төлөвлөгөөтэй байна. Ойрын өдрүүдээс бид аялалд гарах гэж байгаа. Морь унахыг тэсэн ядан хүлээж байна шүү. 

Та Монголын ноолуурын салбарын ирээдүйг хэрхэн харж байна вэ? Таны бодлоор дэлхийн ноолуурын салбар дахь үндсэн тоглогчдын нэг болохын тулд Монголчууд юу хийх ёстой вэ?

Хэрвээ Монголчууд бусдаас өөрөөр сэтгэж, гаргаж буй бүтээгдэхүүнээ өндөр зэрэглэлийн чанартай, гоёмсог дизайнтай гэдгийг таниулж чадвал Монголын ноолуурын салбарыг маш том ирээдүй хүлээж байна. Мөн бүтээгдэхүүнүүдийн ард байгаль орчиндоо ээлтэй байх чин хүсэл эрмэлзэл байгаа нь дэлхийн зах зээлд гарахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Миний Гоёо брэндтэй хамтарч байгаа энэхүү төсөл нь Монголын ноолуурын салбарын өмнө олон үүд хаалгыг нээж өгнө гэж би итгэж байгаа.

Би яг л эмэгтэйчүүдийн сайн найз мэт тэдэнд тусалж, дэмжихийг зорьдог
Загварын салбарын мэргэжилтнүүд мөн хэвлэл мэдээллийнхэн таныг Испани улсаас төрөн гарсан, Кристобаль Баленсиагагийн дараа орох хамгийн чадварлаг дизайнер хэмээн тодорхойлдог. Загварт ажилласан энэ арвин туршлагаас харахад дизайнер хүний гол зорилго юунд орших учиртай вэ?

Өмнө хэлж байсанчлан эмэгтэйчүүдийг дэмжиж, тусалж, тэдний төлөө ажиллах нь миний үндсэн зорилго юм. Үүнээс гадна дизайнер хүн өөрийнхөө хувийн онцлогийг илэрхийлж, загваруудаараа дамжуулан сэтгэл хөдлөл бий болгох үүрэгтэй.


Таны загварууд маш цэгцтэй, энгийн харагдах атлаа гүнзгий сэтгэгдэл төрүүлж, гайхшруулж чаддаг. Та энэхүү өөрийн нэрийн хуудас болсон гоо зүйн мэдрэмжээ Гоёо брэндтэй хамтарсан цуглуулгадаа хэрхэн шингээсэн бэ?

Би бусдаас өөр, онцгой атлаа үүнийхээ хажуугаар өмсөхөд эвтэйхэн, практикт тустай загварууд бүтээхийг зорьдог. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид хувцасны эсгүүр ба хээтэй нягт ажилладаг. Эцсийн дүнд загвар бүр өөрийн гэсэн онцлогтой болдог доо.

Бюро 24/7 ярилцлага: Гоёо брэндэд шинэ өнгө төрх нэмсэн Испани улсын алдарт дизайнер Сибилла (фото 2)

Орчин үеийн эмэгтэйчүүд тэс ондоо зүйл хүсч, эрхэмлэдэг болсныг бид сүүлийн хэдэн жилд харж байгаа. Тэд юу юунаас илүү чанар ба ая тухыг үнэлдэг болсон. Тэгэхээр таны бодлоор орчин үеийн эмэгтэй хэрхэн хувцаслах хэрэгтэй вэ?

Орчин үеийн эмэгтэйчүүд маш их хэмжээний дарамтан доор байна. Бид сайхан харагдаж, ажлын талбар дээр чадамгай байж, гэр бүлээ харж хандаж, үүнийхээ хажуугаар баяр баясгалантай, эмэгтэйлэг ба мэдрэмтгий зан чанараа алдахгүй байх учиртай. Миний бодлоор эмэгтэй хүн өөрийнхөө өвөрмөц зан чанарыг хувцсаараа дамжуулан илэрхийлэхийн зэрэгцээ орчин үеийн нийгмийн өндөр хүлээлттэй нийцэж чадаж байвал энэ нь төгс шийдэл юм. Би өөрийнхөө зүгээс эмэгтэй хүн бүрийг хүчирхэг, чадварлаг, эмэгтэйлэг бөгөөд өвөрмөц харагдахад чадахаараа туслахыг хүсдэг.

Ерөнхийдөө эмэгтэйчүүд бол тун сонирхолтой хүмүүс юм. Тэд өнгө, бүтэц ба хэлбэр дүрс харан догдолдог. Хувцас бидний амьдралд тийм ч чухал үүрэгтэй биш ч гэлээ, хувцас биднийг хамгаалж, энхрийлж, бидэнд өөрийнхөө хамгийн шилдэг хувилбар байхад тусалдаг.
Хэрвээ Монголчууд бусдаас өөрөөр сэтгэж, гаргаж буй бүтээгдэхүүнээ өндөр зэрэглэлийн чанартай, гоёмсог дизайнтай гэдгийг таниулж чадвал Монголын ноолуурын салбарыг маш том ирээдүй хүлээж байна
Та загварын салбараас 10 гаруй жилийн завсарлагаа аван саяхан эргэж ирсэн. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа та энэ хугацаанд загварыг харах өнцгөө өөрчилсөн гэж хэлсэн байсан. Та одоо загварын ертөнцийг яаж харж байна вэ?

Миний бодлоор загварын салбарт яг одоо хувьсгал хэрэгтэй байна. Арилжааны чиглэлтэй загвар одоо ямар ч сүнсгүй болсон. Илүү сайжруулсан, илүү учир утгатай зүйл хийх орон зай бий. Бид гайхамшигтай түүх агуулсан загвар бүтээж чадна. Яг энэ тал дээр Монголын загварын салбарт том боломж байгаа.

Та энэ намрын улиралд юу өмсөх төлөвлөгөөтэй байна вэ? Энэ улиралд ямар өнгөнүүд ноёрхох бол?

Миний хувьд бол улаан өнгө нь үргэлж сонгодог, хамгийн дуртай өнгө юм. Энэ өнгө нь надад хүч чадал, баяр баясгалан бэлэглэж, хүйтэн саруудад дулаан байлгадаг.

Цаг гарган бидэнтэй ярилцсанд тань баярлалаа. Эцэст нь та Монголд байх хугацааны сэтгэгдлээсээ хуваалцана уу.

Би энэ улс, эндхийн хүмүүст дурласан. Мөн би Монголын газар нутаг, өв уламжлалаар бахархаж байна! Би энэ бүхнийг дэлхийд таниулмаар байна.

цааш үзэх