Хайх

Haute couture загварын долоо хоног яагаад Парист болдог вэ?

Haute couture загварын долоо хоног яагаад Парист болдог вэ?

Яагаад дэлхийн өөр хотуудад биш заавал Парист болдог юм бол?

Text: Б.Одонтуяа


Дэлхийн анхны загварын ордон Парист үүссэн

Чарльз Фредерик Ворт гэх эрхэм бол анхны хувь хүнд зориулсан хувцасны үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлсэн хувцас урлаач юм. Тэрээр хэдийгээр Англи хүн боловч Франц хотод өөрийн хувцасны салоноо нээж хожим энэ нь анхны Haute couture загварын ордон болон өргөжсөн байдаг. Түүний салонд зочид зөвхөн хувцас захиалахын тулд биш, бусадтай танилцан яриа өрнүүлэх, цагийг зугаатай өнгөрүүлэн танилын хүрээгээ өргөжүүлэхийн тулд зочилдог байв. Тухайн үед салонууд хувцсаа модон манекенд өмсүүлэн тавьдаг байсан бол Фредерик Ворт мөн л анх удаа загвар өмсөгчдөөр дамжуулан хувцсаа сурталчилсан байдаг. Ингэхдээ тэрээр өөрийн бүтээсэн загвараа эхнэртээ өмсүүлэн сурталчилдаг байсан тул зарим судлаачид түүний эхнэрийг дэлхийн анхны мэргэжлийн загвар өмсөгч гэж дүгнэдэг байна.

Haute couture загварын долоо хоног яагаад Парист болдог вэ? (фото 1)

Haute couture загварын долоо хоног яагаад Парист болдог вэ? (фото 2)

Франц орон 20-р зуунд ялагч байв

Мэдээж Франц орон хэт чамирхал, гоо зүйн өндөр мэдрэмж болон ахуйн соёлоороо ямагт дэлхийд тэргүүлсээр ирсэн түүхтэй. Харин дэлхий дахиныг хамарсан хар сүүдэрт 20-р зууны дайны он жилүүдэд улс гүрэн бүр өв соёлынхоо тоо томшгүй хэсгийг дайны хөлд үрэгдүүлсэн байхад Франц орон тэрхүү баялаг соёлоо авч үлдсэн байдаг. Үүний гол шалтгаануудын нэг бол тэд Дэлхийн I болон II дайнуудын гол тоглогчдын нэг байв. Мөн тэд эдгээр дайнуудад хоёуланд нь ялалт байгуулсан талд байсан. Дайнд ялалт байгуулсан нь тэдний хувьд олон улсын түвшний асуудлуудыг өөрийн орны талд ашигтайгаар шийдвэрлэх, дайнд гаргасан зардлыг ялагдсан талуудаас нөхөн төлүүлэх гэх мэт эерэг үр дагавартай байсан. Товчхондоо Францын эдийн засаг болон нийгэм харьцангуй тогтвортой байхын хэрээр хувцас загварын салбар ч хөгжсөөр, иргэд нь загварыг үнэлсээр ирсэн юм.

Haute couture загварын долоо хоног яагаад Парист болдог вэ? (фото 3)

Анхны мэргэжлийн дизайнеруудын холбоо Парист байгуулагдсан

Францад Le Chambre Syndicale de la Haute Couture нэртэйгээр 1868 онд байгуулагдсан нийгэмлэг нь хожим 1973 онд Fédération française de la couture нэртэйгээр мэргэжлийн дизайнеруудын холбоо болон өргөжин одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг. Брэндүүд болон дизайнерууд дэлхийн түвшинд haute couture чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгээ батлан харуулахын тулд тус холбооны гишүүнээр бүртгүүлж, загварын цуглуулгаа haute couture загварын долоо хоногийн хүрээнд танилцуулах ёстой байдаг. Одоогийн байдлаар тус холбооны албан ёсны гишүүд нь зөвхөн Францын загварын брэндүүдээс бүрддэг бол гэрээт болон зочин гишүүнээр бусад орны брэндүүдийг багтаадаг байна

Haute couture загварын долоо хоног яагаад Парист болдог вэ? (фото 4)

Тэгвэл гар ажиллагаа ашигладаг брэнд болгон haute couture брэнд мөн гэж үү?

Загварын брэнд нь өөрийгөө haute couture брэнд гэж дэлхий нийтэд зарлах, түүнчлэн haute couture гэсэн нэр томьёог аливаа байдлаар ашиглахын тулд 1945 онд Le Chambre Syndicale de la Haute Couture холбооноос гаргасан тусгай дүрмийг баримтлах ёстой байдаг. Үүнд:

 

  • Хувийн үйлчлүүлэгчиддээ тусгайлан зориулсан дизайн гаргадаг байх ба энэ нь нэг болон түүнээс олон удаагийн өмсгөл тааруулалттай байх
  • Парис хотод бүтэн цагаар ажилладаг 15-с багагүй хүнээс бүрдсэн баг бүхий өөрийн нэрийн урлантай байх
  • Аль нэг урландаа 20-с доошгүй бүтэн цагийн техникийн ажилчидтай байх
  • Жилд дор хаяж хоёр удаа өдрийн болон үдшийн гоёлд тус бүр зориулсан, хамгийн багадаа 35-с багагүй загвараас бүрдсэн цуглуулга гарган танилцуулах гэсэн дүрмүүд ордог байна.

 

 

цааш үзэх