Хайх

“Buro expert” булан: Т.Зориг Mонголд тансаг зэрэглэлийн бизнес эрхлэх талаар ярилаа

“Buro expert” булан: Т.Зориг Mонголд тансаг зэрэглэлийн бизнес эрхлэх талаар ярилаа

Text: Ө.Тодгэрэл


Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine одоо мөн Canada Goose-ийг Монголд оруулж ирж буй Т.Зориг хэрхэн тансаг зэрэглэлийн загварыг Монголд амжилттай хөгжүүлэх, өөрийн бизнесүүдийг ямар тохиолдлоор, яаж эхлүүлж байсан, мөн пандемик загварын салбарт хэрхэн нөлөөлж буй талаар BURO.-той ярилцлаа

Өдрийн цайгаа уухаас өмнө Т.Зориг өөрийн үүсгэн байгуулсан âme concept store, Isaia, Premier Tailor, L’uomo зэрэг брэндүүдийнхээ тухайн өдрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргачихсан, дэлгүүрүүд дээрээ биечлэн очиж хяналт тавьчихсан байх ёстойн зэрэгцээ Covid-19 тахлын улмаас саатаад байсан бүтээгдэхүүнүүдээ гаалиас хүлээж авах, олон улсын түншүүдтэйгээ цагийн зөрүүг тооцоолон видео уулзалт хийх гээд нэлээдгүй их ажилтай байдаг. Аз болж хоёр брэнд нь Шангри-Ла Моллын нэгдүгээр давхарт хэдхэн метрийн зайтай байршиж, нөгөө хоёр брэнд нь ч бас нэг дор, Шангри-Лагаас алхаад оччих зайд байдаг нь түүний цагийг бага ч болов хэмнэдэг байна. Пандемик зарлагдахаас өмнө тэрээр бүр ч завгүй, улирал бүр хаа нэг тийшээгээ аялдаг, нэг бол Италид, нэг бол Францад дэлгүүрүүдийнхээ захиалгыг өгөх үүрэгтэйгээр цаг наргүй ажилладаг байсан бөгөөд одоо ч түүнтэй ярилцан суухад утас нь байсхийн дуугарч, ажил нь зогсолтгүй үргэлжилсээр.

“Эхнэр бид хоёр хүүхэдтэй болсноор ашгүй нэг гэр бүлдээ зарцуулах цаг маань ихсэж байна. Хувийн бизнес болохоор ажил хэзээ ч дуусдаггүй. Азаар манай хүн загварт сонирхолтой тулдаа намайг сайн ойлгож, тусалж, дэмждэг” хэмээн тэрээр ажил, амьдралаа хэрхэн зохицуулж байна гэх асуултад маань хариулснаар бид хоёрын ярилцлага эхэлсэн юм.


" Хүн зөв яваад байхаар цаанаасаа болоод байдаг гэж боддог. Надад бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хэмжээнд өөрөө тогтоох эрх мэдэл бий. Гэхдээ бид огтхон ч шунадаггүй "


“Buro expert” булан: Т.Зориг Mонголд тансаг зэрэглэлийн бизнес эрхлэх талаар ярилаа (фото 1)

Анх “Premier Tailor-ийн Зориг” гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг, түүний дараагаар “Isaia-гийн Зориг”, одоо харин “âme-ийн Зориг” гэгддэг болсон түүний хувьд загварын салбарт хөл тавьснаас хойш өдгөө найман жил өнгөрч, ганц бизнес нь дөрөв болон өргөжжээ. Хамгийн анх захиалгаар костюм урладаг Premier Tailor брэндээ нээгээд дөнгөж гурван жил болж байхад нь BURO. түүнтэй уулзаж, уншигчдадаа тэйлор хослол гэж юу болох талаар мэдээлэл хүргэх үүднээс яриа өрнүүлж байсан бол одоо түүнтэй эрэгтэйгээс гадна эмэгтэй хувцас загварын ритейл бизнесийн талаар, тэр дундаа Монголын зах зээлд тансаг зэрэглэлийн брэндүүдийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцахыг зорилоо. Зориг одоогоор дэлхийн хэмжээний топ фэшн брэндүүдийг Монголд авчирч буй тоотой хэдхэн хүний нэг бөгөөд загварын ритейл салбарын чухал тоглогчдын нэг болсон билээ.

Зоригийг магадгүй мэдэхгүй хүнд дүрсэлж өгөхөд, тэрээр үргэлж дэнди маягаар жентльмен хувцасладаг, харааны шил нь дүр төрхийнх нь салшгүй нэг хэсэг болсон, үргэлж толгойд нь ямар нэгэн шинэлэг санаа эргэлдэж байгаа нь илт харагддаг, хүмүүсийн хэлдгээр “сэргэлэн” гэж хэлж болом, зөв боловсон яриатай, нэг ажлаа амжуулчхаад нөгөө рүү нь яарч байдаг хурдан хэмнэлтэй нэгэн билээ. Мөн тэрээр тэйлор хослолоор мэргэшсэн Италийн Isaia брэндээс гадна âme concept store-ийнхоо хүрээнд Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine гэх дэлхийн шилдэг брэндүүдийг албан ёсоор Монголд оруулж ирэн ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, том эрсдэл үүрээд буй залуу бизнесмен юм.

Монголд Louis Vuitton, Ermenegildo Zegna зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн албан ёсны дэлгүүрүүд нээгдэж байсан ч тодорхой шалтгаануудын улмаас хаалгаа барьсан байдаг. Мэдээж саяхан нэг жилийн ойн баяраа тэмдэглэсэн âme-ийн хувьд дүгнэлт хийхэд хараахан эрт байгаа ч цаашид энэхүү хатуу, шаардлага өндөртэй тансаг зэрэглэлийн зах зээлд хэрхэн “амьд үлдэх” төлөвлөгөөтэй байна вэ?

Миний харж байгаагаар Монголд одоогоор mono-brand дэлгүүрээс илүү multi-brand буюу олон брэндийг нэг дор төлөөлдөг концепцтой дэлгүүр илүү тохиромжтой байна. Жишээ нь би хэрвээ Gucci-гийн албан ёсны моно брэнд дэлгүүрийг нээх гэсэн бол 400-500 м2 талбай хэрэг болж, тэр том талбайгаа дүүргэхэд тэр хэмжээний бараа, бүтээгдэхүүн авчрах шаардлага гарна. Гэтэл тийм хэмжээний худалдан авалт хийх зах зээл манайд хараахан байхгүй байна. Энэ ч утгаараа би âme concept store-ийг нээж, таван нэр хүндтэй брэндээс multi-brand дэлгүүрийн зөвшөөрлийг авч чадсан. Үүнээс гадна дэлхийд ерөнхийдөө multi-brand дэлгүүрүүд илүү эрэлттэй байж, том брэндүүд өөрсдөө ч хүртэл худалдан авагчдадаа шинэлэг мэдрэмжийг өгөх үүднээс concept store нээдэг болоод байна. Ер нь л том хотуудыг анзаарахад загварын жинхэнэ хорхойтнууд нь multi-brand дэлгүүрүүдээр илүү үйлчлүүлдэг. Тэнд илүү ховор, нандин сонголтууд, шоппинг хийх өөр түвшний мэдрэмж байдаг учраас л тэр байх л даа.

Гэхдээ хэрхэн “амьд үлдэх” вэ гэсэн үндсэн асуултад тань хариулахад, манай брэндүүдийг үлдээх үү, үлдээхгүй юу гэдгийг үйлчлүүлэгчид маань л шийднэ. Тэдний дэмжлэггүйгээр бид оршин тогтнож чадахгүй. Бидний хувьд одоогоор тодорхой хэмжээнд болж байгаа. Ямар ч байсан Isaia гэхэд хаалгаа барилгүй дөрвөн жил болж байна, âme дөнгөж нэг нас хүрсэн хэдий ч хүрээгээ тэлсээр л байна. Бид нарын зүгээс чадах бүхнээ хийх болно. Харин үйлчлүүлэгчид маань дотоодоосоо албан ёсны газраас, Европ дах бодит үнээр худалдан авалт хийх боломж байгааг олж хараад биднийг дэмжих бол бид хөл дээрээ зогссоор л байх болно.

Энэ нэг жилийн хугацаанд âme ритейл зах зээлд, тэр дундаа хэрэглэгчдийн дунд өөрийн байр суурийг олж чадсан гэж бодож байна уу?

Мэдээж биднийг ойлгодоггүй, манай компанийг хаа нэгтэйгээс албан ёсны бус, outlet-ийн бараа авчирдаг, эсвэл өөр дэлгүүрүүдийн зарагдахгүй байгаа зүйлсийг зөвшөөрөлгүй борлуулдаг гэх мэт өрөөсгөл ойлголттой хүмүүс мэр сэр байдаг юм байна лээ. Гэхдээ аз болж биднийг ойлгож, дэмждэг хүмүүс нь хамаагүй их. Тэдгээр үйлчлүүлэгчдэдээ үнэхээр их талархаж явдаг. Бид яг л дэлхийн загварын салбарын стандартын дагуу албан ёсны эрхтэйгээр улирал бүр шинэ коллекциудаас авчирдаг, үүндээ бэлдэж зургаан сарын өмнөөс захиалгаа өгдөг, дээрх таван брэнд яг л бидний өгсөн захиалгын дагуу тоо ширхгээр үйлдвэрлэлээ явуулж, манайх руу илгээдэг, үнийн хувьд энэ брэндүүдийн Итали, Францад байдаг төв дэлгүүрийн үнэтэй ижил байдаг. Хэрэв би дамлаж авдаг байсан бол ийм үнээр зарж чадахгүй байх байсан, хэрэв албан ёсны эрхгүй байсан бол хамгийн сүүлийн үеийн runway загваруудыг авчирч чадахгүй байх байсан.

" Mанай брэндүүдийг үлдээх үү, үлдээхгүй юу гэдгийг үйлчлүүлэгчид маань л шийднэ. Тэдний дэмжлэггүйгээр бид оршин тогтнож чадахгүй "

Албан ёсны гэдэг үг энд маш чухал байна. Учир нь Celine, Gucci гээд цаашлаад бүр Christian Dior-ийг дэлгүүртээ албан ёсоор төлөөлөх эрхийг авна гэдэг тэр бүр олддоггүй ховор боломж шүү дээ…

Christian Dior, Celine гэх хоёр брэнд Net-A-Porter дээр ч байдаггүй. Дэлхийн хэмжээнд олон multi-brand дэлгүүрүүд Christian Dior-ийг тэр тусмаа авч чадаагүй байдаг. Ийм ч учраас би âme-ийг дэлхийн топ 100 concept store-уудын нэгт багтана гэж өөртөө итгэлтэйгээр хэлдэг юм. Бид âme дээр өөр брэндүүдийг оруулж ирэхээр ярьсан ч зарим брэндүүд маань зөвшөөрдөггүй. Ялангуяа Dior байгаа нөхцөлд дэргэд нь байрших брэндүүд ижил түвшний, хамгийн дээд зэрэглэлийнх байх ёстой гэдэг.

Анх эдгээр брэндүүдиг төлөөлөх эрхийг авахад ямар шалгууруудыг давах шаардлагатай болсон бэ?

Ер нь бол зүгээр нэг Зориг гэдэг хүн очоод хаалгыг нь тогшоод эрхийг нь аваагүй. Бид нар Францын загварын салбарын зөвлөгөө өгдөг компанитай хамтарсан, тус компанид их хэмжээний төлбөр төлсөн. Тэр компани нь тухайн улсын зах зээлийг, мөн ирээдүйн түншүүдийг судалж, том брэндүүд рүү зөвлөмж явуулдаг үндсэн үйл ажиллагаатай юм. Үүнийхээ хүрээнд тэд Монголд 3-4 удаа ирж нарийн судалгаа авч, надаас гадна өөр олон ч хүнтэй уулзсан. Эцэст нь брэндүүд маань сонголтоо над дээр хийсэн.

Чамайг сонгох болсон гол хүчин зүйл нь юу байсан юм бэ?

Би ч бас бодсон л доо. Том брэндүүд рүү үргэлж маш олон хүн хандаж, хүсэлт илгээж байдаг. Тэднийг төлөөлөх эрхийг ихэвчлэн маш том компаниуд л авдаг. Гэтэл манайх шиг 20-хон ажилчинтай жижиг компанийг сонгож, маш их хэмжээний итгэл хүлээлгэсэн нь бидний хүсэл тэмүүллийг харсан юм болов уу гэж боддог. Үүнийг манай үйлчлүүлэгчид ч бас маш сайн хардаг гэж найдаж байгаа. Учир нь бид шунадаггүй. Үнийн хувьд яг л Итали, Франц дахь үнэтэй нь адилхан үнэ санал болгодог. Сөүл, Хонг Конг эсвэл Хятад дахь үнээс бол манайх илүү хямд. Азийн зах зээл биш, яг Европын зах зээлийн үнэтэй гэсэн үг. Үйлчлүүлэгчид маань гадаад руу их аялдаг, онлайн худалдан авалт хийчих бүрэн боломжтой хүмүүс атлаа манайхыг ийм том эрсдэл үүрэн, энэ том брэндүүдийг оруулж ирж, яг тухайн оронд нь байдаг үнээр худалдаалж байгааг ойлгож, дэмжиж манайхаар үйлчлүүлдэг. Тэр болгон нь бидний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж байгаа гэж боддог.


“Buro expert” булан: Т.Зориг Mонголд тансаг зэрэглэлийн бизнес эрхлэх талаар ярилаа (фото 2)

Тухайн улсад тансаг зэрэглэлийн брэндүүд байна гэдэг эдийн засгийн байдлыг нь тодорхой хэмжээгээр илэрхийлдэг. Ийм ч учраас бид болон бусад хүмүүс чиний хийж буй зүйлсийг их чухал гэж харж, аль болох дэмжихийг хүсдэг байх…

Тансаг зэрэглэлийн брэндүүдийг дагаад олон өөр брэндүүд орж ирдэг. Өөрөөр хэлбэл манай дэлгүүрүүд сайн ажиллах үед Монголд өөр орж ирэх хүсэлтэй брэндүүд олон байх болов уу, улсын зах зээлийн судалгаанд тодорхой хэмжээгээр сайнаар нөлөөлөх болов уу гэж найддаг. Шулуухан хэлэхэд Chanel хүртэл бид нарын тоог л хүлээж байгаа. Үүнийг ойлгодог хүмүүс биднийг үнэхээр дэмждэг гэж би үргэлж хэлдэг, мөн маш их талархдаг.

Анх бүх зүйл юунаас эхэлсэн юм бэ? Яагаад загварын салбар луу орохоор шийдсэн бэ?

Ер нь л багаасаа хувцсанд их дуртай байсан. Яагаад дуртай байсан бэ гээд бодохоор аав ээж хоёр маань намайг бүр бага байхад л хямдхан олон юм авч байхаар нэг гайгүй юм аваад өгчихье гэдэг байсан. Тэгээд л би чанартай эд зүйлсэд дуртай болчихсон байна лээ. Мөн АНУ-д суралцаж байх үедээ Лондон зэрэг Европоос ирсэн оюутнуудтай их найзалдаг байсан. Америкчуудтай харьцуулбал Европчууд их ганган. Тэд нартай байнга хамт шоппинг хийнэ. Эдгээр зүйл нь надад нөлөөлсөн байх. Дараа нь Монголдоо ирээд ямар бизнес хийх вэ гээд бодож байхад ээжийн маань нэгэн Швед зөвлөх надад технологи, загвар, хоол зэрэг 4-5 салбар Монголд хөгжих боломжтой байна гээд санал болгож байсан. Үүнээс загварын салбарыг сонгоод Premier Tailor брэндийг үүсгэн байгуулсан юм. Ингээд явж байтал удалгүй Шангри-Ла Молл нээлтээ хийхээр болж, Моллын зүгээс надад тансаг зэрэглэлийн брэнд оруулж ирж ажиллуулахыг санал болгосон юм. Үр дүнд нь Isaia-г Шангри-Ла Моллын нэгдүгээр давхар дахь анхны дэлгүүр болгон нээж байсан даа. Тансаг зэрэглэлийн зах зээл рүү Шангри-Ла намайг оруулсан гэж боддог юм. Харин âme-ийг анхнаасаа л нэгэнт загварын салбарт орсон юм чинь шилдгүүдийг нь төлөөлөх юмсан гэсэн мөрөөдлийнхөө дагуу шулуудаад эхлүүлсэн.

Зөв газар, зөв цагт таарч, боломжийг ашиглан анхдагч нь болж чадсан гэж харлаа…

Аз л таарсан гэх юм уу даа. Бизнест тодорхой хэмжээгээр аз их нөлөөтэй.

Гэхдээ мэдээж анх Premier Tailor-оос эхлээд одоо L’Uomo, Isaia, âme гээд богино хугацаанд нэлээдгүй өргөжиж чадлаа. Зөвхөн аз гэлтгүй бизнесийн хувьд зөв алхмууд хийсэн болоод л өнөөдөр ийм хэмжээний амжилттай яваа байх?

Одоо ингээд харахад аймаар сонин нэг тохиолдол байсан байна лээ. Манай Premier Tailor анх 2013 онд нээгдэж байсан. Тэгэхэд Монголын эдийн засаг 2006 оноос өсөж байгаад 2012 оноос буцаад уруудаж эхэлсэн. Тэгэхээр эдийн засгийн уналттай үед Premier Tailor нээлтээ хийж байсан гэсэн үг юм. За тэгээд дараагаар нь, 2016 онд, тэр уналт явсаар байгаад хамгийн доод цэгтээ хүрч, эдийн засаг бараг хасах руу орох үед Isaia нээгдсэн. Гэтэл тэр үед Louis Vuitton, Ermenegildo Zegna зэрэг том брэндүүд зах зээлээс гарсан байдаг. Мөн сүүлийн жилүүдэд эдийн засаг өсөж байтал Covid-19 гээд буцаад уналттай болж ирэх үед манай âme үүд хаалгаа нээсэн. Ингээд яагаад ч юм дандаа эдийн засгийн хямралтай үед манай бизнесүүд нээгддэг. Энэ нь нэг талын том эрсдэлийн ард том боломж байдаг гэдгийг илэрхийлж байгаа мэт. Санхүүгийн зах зээл дээр хувьцааг эдийн засгийн уналттай үед авбал сайн гэдэг шүү дээ. Ерөнхийдөө хүн болгон эрсдэлээс айгаад орж чадахгүй байхад нь би нүдээ аниад, зориглоод хөрөнгө оруулалт хийчихсэн нь зах зээл руу түрүүлж орсны давуу талт байдлыг бий болгосон байх.

Харин хувь хүний өнцгөөс харахад чиний ямар зан чанар ажилд чинь эерэгээр нөлөөлж, түлхэц болж өгдөг вэ?

Хүн зөв яваад байхаар цаанаасаа болоод байдаг гэж боддог юм. Миний мөн манай компанийн хувьд олон улсын үйлчилгээний стандарт, загварын чиг хандлагыг Монголдоо төлөвшүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж, зорилгоо болгож ажилладаг. Үнэнийг хэлэхэд би Isaia-гийн албан ёсны франчайз эрхтэй хамтрагч, âme-ийн таван брэндийн албан ёсны дистрибьютор гээд бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хэмжээнд өөрөө тогтоох эрх мэдэлтэй. Гэхдээ бид огтхон ч шунадаггүй. Бүх үнээ яг албан ёсны Европ дахь үнээр нь тогтоож, дээрээс нь мөн нэмэлт хямдралуудыг ч чадахаараа үзүүлдэг.

" Christian Dior, Celine гэх хоёр брэнд Net-A-Porter дээр ч байдаггүй. Дэлхийн хэмжээнд олон multi-brand дэлгүүрүүд Christian Dior-ийг тэр тусмаа авч чадаагүй байдаг "

“Buro expert” булан: Т.Зориг Mонголд тансаг зэрэглэлийн бизнес эрхлэх талаар ярилаа (фото 3)

Concept store-ийн нэг том давуу тал нь брэндүүдийн том коллекциудаас хамгийн загварлаг бүтээгдэхүүнүүдийг урьдчилан шилж, runway дээрх ховор загваруудыг ч хүртэл санал болгодогт оршдог. Чи брэндүүдийнхээ захиалгыг өөрөө хийдэг үү? Хийсэн сонголтын чинь хэдэн хувь нь ирэх улирлын чиг хандлагын судалгаан дээр, хэдэн хувь нь чиний цэвэр мэдрэмж дээр үндэслэсэн байдаг вэ?

Миний хувьд хийх хамгийн дуртай ажил маань захиалга өгөх буюу buying хийх. Premier Tailor, Isaia, âme гээд нийт арваад брэндээс худалдан авалт хийдэг учир маш их цаг, зав шаардагддаг. Мэдээж захиалга өгөх бүртээ брэндийн мэргэжилтнүүдтэй сайтар ярилцаж, улирлын онцлох загваруудтай танилцдаг ч дийлэнх тохиолдолд өөрийн мэдрэмжийг л дагадаг. Мэдрэмж гэдэг нь Монголын худалдан авагчид юу хүсэж байна вэ, энэ бүтээгдэхүүнийг би зарж чадах уу, хэн өмсөх бол гэх мэт олон асуудлаас бүрдэнэ.

âme-ийн үйлчлүүлэгчид аль нэг брэндийн runway дээр харагдсан ховор бүтээгдэхүүний тусгай захиалга өгдөг үү? Ийм захиалга ер нь авдаг уу?

Тэгээсэй гэж би их хүсдэг. Тэгвэл миний ажлыг ч хөнгөвчилнө. Миний хувьд өнөөдөр Celine брэндийн ирэх хавар-зуны загварын шоу болж өнгөрлөө гэхэд маргааш нь шууд runway дээрх загваруудаас нь хүссэн тоо хэмжээгээр захиалга өгөх боломжтой, бүх зүйл нээлттэй байдаг. Би ганцхан төсөвтөө л баригддаг болохоос биш брэндүүд захиалгаа эртнээс аван үйлдвэрлэлээ харин дараан эхлүүлдэг учир тоо хэмжээний хувьд хязгаарлагддаггүй. Гэхдээ одоо мэдээж пандемиктэй холбоотой олон асуудлууд үүсэж байна. Энэ жил олон ч захиалгууд маань цуцлагдлаа, хойшлогдлоо.

“Buro expert” булан: Т.Зориг Mонголд тансаг зэрэглэлийн бизнес эрхлэх талаар ярилаа (фото 4)
“Buro expert” булан: Т.Зориг Mонголд тансаг зэрэглэлийн бизнес эрхлэх талаар ярилаа (фото 5)

Одоогоор захиалгаа виртуал байдлаар л хийж байна уу?

Брэндүүд бүгд виртуал шоурүмтэй болчихсон. Хил хаасан тул захиалгаа онлайнаар л хийж байна. Ийм байдлаар buying хийхийн сул тал нь материалаа тэмтэрч чадахгүй, өмсгөл болон эсгүүрийг бодитоор харж чадахгүй гээд олон ч нөгөөтээгүүр энэ үед дэлгүүрийнхээ бүх зөвлөх нартайгаа хэлэлцэж, зөвхөн миний сонголт биш харин үйлчлүүлэгчидтэйгээ тулж ажилладаг манай зөвлөхүүдийн сонголт ч орж ирж байна. Манай âme дэлгүүрийн нэг онцлог нь зөвлөхүүд маань бүгд мэргэжлийн дизайнер чиглэлээр сурч боловсорсон, мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч, стайлинг хийх чадвартай хүмүүс байдаг.

Covid-19 цар тахлын улмаас бизнесүүд тодорхой хэмжээний хохирол амсаж байгаа ч нөгөөтээгүүр мөн хил хаасантай холбоотойгоор зарим зүйлсийн дотоодын худалдан авалт ихсэж байгаа. Танай бизнесүүдийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

Covid-19 бол загварын салбарт бүр аймшигтайгаар нөлөөлж байгаа. Тэр тусмаа тансаг зэрэглэлийн загвар хамгийн түрүүнд цохилт авдаг. Бидний хувьд хамгийн хүндрэлтэй нь сая тавдугаар сарыг дуустал нийт гурван сарын хугацаанд Франц, Италид үйлдвэрүүд хаасан. Энэ үеэр манай брэндүүдийн үйлдвэрлэл тэр чигтээ зогссон гэсэн үг юм. Үүний улмаас шинэ коллекциос хангалттай их бүтээгдэхүүн авчирч чадаагүй, захиалгууд 30-100% цуцлагдсан, цуцлагдаагүй нь хоцорч ирсэн гээд асуудал их үүссэн. Мөн âme-ийг анх нээхдээ Азидаа манайх үнийн хувьд хямд байх учир жуулчдын зүгээс орлого их орж ирнэ гэсэн найдлагатай байсан ч ингээд хил хаасны улмаас энэ хүлээлт маань хараахан биеллээ олоогүй байна.

Чиний хувьд анх найман жилийн өмнө Монголын загварын салбарт хөл тавьж байх үетэй одоо үеийг харьцуулбал ямар өөрчлөлтүүд гарсан харагдана вэ?

Ер нь л салбар бүхэлдээ маш их өөрчлөгдсөн. Хүмүүсийн загварын мэдлэг тэс ондоо болчихсон. Үүнд мэдээж танайх шиг загварын мэдлэг түгээдэг байгууллагаас эхлээд олон бүтээлчид, компаниуд нөлөөлсөн. Анх Premier Tailor-ийг эхлүүлж байхад тухайн үед made-to-measure үйлчилгээ харьцангуй шинэлэг, Isaia ч Монголчуудын төдийлөн мэддэггүй брэнд байсан тул эхний хэдэн жилд хүндрэлтэй байсан. Одоо харин би өөрийгөө âme дээр харьцангуй амархан ажил хийж байгаа гэж боддог юм. Хүмүүс энэ таван брэндийг сайн мэддэг, үнэлдэг учраас. Гэхдээ мэдээж тансаг зэрэглэлийн бизнес гэдэг бизнесийн үйлчилгээ үзүүлж байгаа бид нараас хамаарах ч, нөгөө талдаа бид нарт итгэж байгаа хөрөнгө оруулагчид маш чухал, энэ бүгдийг ойлгоод бүх боломжуудыг олгож байгаа газар түрээслэгч их чухал, эцэст нь биднийг зах зээлд байлгаж байгаа гол хүчин зүйл болох худалдан авагчид хамгаас чухал. Энэ бүхэн дээр л манай бизнес тогтож байна. Нэг нь л доголдоход бүхэлдээ нурж унах эрсдэлтэй.

“Buro expert” булан: Т.Зориг Mонголд тансаг зэрэглэлийн бизнес эрхлэх талаар ярилаа (фото 6)

Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ? Эхлүүлэх гэж буй шинэ төслүүд бий юу?

Бид Canada Goose брэндтэй албан ёсоор хамтарч, тун удахгүй Шангри-Ла Молл дотор поп-ап дэлгүүр нээх гэж байгаа. Ердөө хэдхэн хоногийн дараа л гэхэд Монголчууд маань Canada Goose брэндийн курткануудыг албан ёсны үнээр нь дотоодоос авах боломжтой болно гэсэн үг. Бид эхний ээлжид поп-ап дэлгүүр нээж байгаа нь Монголын зах зээл дээрх байдлыг ажиглах зорилготой юм. Цаашид амжилттай байвал албан ёсны дэлгүүрийг нь нээх төлөвлөгөөтэй байгаа.


Мөн âme дээр бид саяхан бартендер Авраатай хамтран нэг жилийн ойн баяртаа зориулж дизайнер Кристиан Диорын уух дуртай байсан коктейль, âme-ийн нэрэмжит тусгай найрлагатай коктейль, мөн Итали соёлыг хүндэтгэх үүднээс Негрони зэрэг коктейлуудыг гаргаж, DJ сет тавьж, concept store гэдэг үүднээс үйлчлүүлэгчдэдээ шоппинг хийх онцгой мэдрэмжийг өгөхийг хүссэн. Үүнийгээ ч цаашид âme-ийн соёл болгон үргэлжлүүлэх бөгөөд үйлчлүүлэгчид маань манайхаар түр зогсож алжаалаа тайлах зуураа тааламжтай байдлаар шоппинг хийгээсэй гэж хүсэж байгаа.

Эцэст нь шинээр бизнес эрхлэх гэж буй хүмүүст өөрийн зүгээс ямар зөвлөгөө өгөхийг хүсэж байна вэ?

Мэдээж судалгаа, тооцоогоо сайн хийх хэрэгтэй. Гэхдээ үүний зэрэгцээ өөрийнхөө зөн совинг бас сонсож, 'би бол үүнийг хийж чадна' гэсэн зүйлдээ итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй юм болов уу. Яг үнэнийг хэлэхэд Isaia-г оруулж ирэх санааг гаргах үед гэр бүлээс маань бусад бүх хүн бүтэхгүй гэж харж байсан. Надад харин болчих юм шиг санагдсан, гэрийнхэн маань ч дэмжсэн. Хүн өөрөө харчихсан, бодчихсон, үүнийг ингээд хийчихнэ дээ гээд мэдчихсэн байдаг. Үүнийхээ төлөө өөртөө итгээд үзээрэй гэж зөвлөх байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх