Хайх

Яагаад сүйт бүсгүйчүүд Vivienne Westwood-ийн хуримын даашинзыг сонгодог вэ?

Яагаад сүйт бүсгүйчүүд Vivienne Westwood-ийн хуримын даашинзыг сонгодог вэ?

Text: Buro.Mongolia


Их Британийн төдийгүй дэлхийн загварын шүтээнүүдийн нэгт тооцогддог Вивьен Вествүүд панк урсгалын дизайн туурвидаг байснаараа алдартай. Тэрээр 1971 оноос эхлэн загвар зохион бүтээх болсон бөгөөд абстракт хээ угалзтай, анархизмыг дэлгэрүүлсэн уриа лоозонтой, үдээс болон гинжин оруулгатай, тэгш бус хэмтэй хувцас урлаж олонхыг дагаж биш эрх чөлөөтэй, өөрийн дураар хувцаслахыг сурталчилдаг байсан. Мөн Вивьен Вествүүдийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зогсдог нийгмийн идэвхтэн гэдгээр нь мэддэг. Тэрээр загварын шоугаараа дамжуулан хүмүүсийн анхаарлыг тогтвортой хөгжлийн асуудал руу хандуулдаг байснаар зогсохгүй Cool Earth, Environmental Justice Foundation, Friends of the Earth, Greenpeace гэхчлэн байгаль хамгааллын сангуудад идэвхтэй хандив өргөдөг байсан юм. Эдгээрээс гадна Вествүүдийн бас нэгэн нэрийн хуудас бол түүний урладаг хуримын даашинзнууд нь билээ. Хуримын ёслолоо төлөвлөж буй сүйт бүсгүйчүүдээс эхлэн загварын салбарыг зах зухаас нь гадарладаг хүмүүс хүртэл Вествүүдийн хуримын даашинзны талаар сонсож байсан гэдэг итгэлтэй байна. Маш их эмэгтэйчүүд амьдралынхаа хамгийн нандин мөчүүдийн нэгийг түүний загвартай хамт үдэхийг хүсдэг бөгөөд Vivienne Westwood брэндийг нэгэн хэвийн байдлаас уйдсан, шинэлэг зүйлийг эрэлхийлэгчид хараандаа авдаг билээ.

Яагаад сүйт бүсгүйчүүд Vivienne Westwood-ийн хуримын даашинзыг сонгодог вэ? (фото 1)

Вивьений хуримын даашинзнуудын дийлэнх нь корсеттой байдгаараа онцлог. Корсетыг XVI-XX дугаар зууны үед идэвхтэй өмсдөг байсан ч гарал үүсэл нь МЭӨ 1600 оноос эхлэлтэй хэмээн түүхчид үздэг. Тус загвар нь энэ урт хугацааг туулахдаа магтаал, эсэргүүцлийн дунд хавчигдаж одоог хэр нь хүмүүсийн дунд санал зөрөлдөөнийг дагуулсаар байгаа юм. Үүнийг эмэгтэй хүний биеийг хэвшмэл стандартад нийцүүлэхийн тулд ашигладаг балар эртний хэрцгий хувцас гэж тодорхойлох нэг нь байдаг бол Вивьен Вествүүд тэдэнтэй санал нийлдэггүй. Дизайнерын үүднээс корсет бол эмэгтэй хүний галбирыг магтан дуулах, улам тодотгох хэрэглүүр юм. Үүгээр дамжуулан тэрээр бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэл бэлэглэх эрхэм зорилготой. Мөн Вивьен Вествүүдийн корсетод өгдөг анхаарлыг түүний XVIII болон XIX зууны хэв маягийг цуглуулгадаа шингээж загварын түүхийг модерн элементтэй хослуулдаг байсан арга барилтай нь холбож ойлгодог билээ.

Дизайнерын хуримын даашинзнууд тун авангард хэр нь хээнцэр, мөн цаг хугацааны эрхэнд хуучрахгүй сонгодог байж чаддаг. Загварын сэтгүүлч Элли Робертсон “Миний бодлоор түүний загварууд цаг үеэ олсон хэр нь удаан хугацааны турш хуучрахгүй байдаг нь Вествүүдийн эмэгтэй хүний биеийг үнэлдэг, юу хүсдэгийг нь зөн совингоороо мэдэрдэг чадвартай нь холбоотой” хэмээн тодорхойлжээ.


Vivienne Wesтwood-ийн даашинзаар гоёсон сүйт бүсгүйчүүдийн сэтгэгдэл

Сабрина Шимура, Toteme брэндийн PR хариуцсан захирал

Тэрээр Vivienne Westwood-ийн нарийн утсан мөртэй торгомсог даашинзыг 2021 онд зохион байгуулагдсан хуримын ёслолдоо өмсөж байжээ. Энэ нь түүний хуримын бэлтгэлийнхээ үеэр өмссөн анхны бөгөөд сүүлийн даашинз нь юм. Сабринад тус загварын хүзүүний хэлбэрийг үзэсгэлэнтэй харагдуулдаг энгэрийн ухлаадас болоод орчин үеийн хэв маяг нь таалагдсан байна. 

Яагаад сүйт бүсгүйчүүд Vivienne Westwood-ийн хуримын даашинзыг сонгодог вэ? (фото 2)

Анна Шаффер, жүжигчин

Анна Шафферын Vivienne Westwood-ийг сонгосон тэргүүлэх шалтгаан бол дийлэнх хуримын даашинзнууд хэт чамин, эсвэл хангалттай чамин биш байдагт оршино. Вествүүд эмэгтэй хүний мэдрэмтгий болоод секси шинж чанарыг хээнцэр бөгөөд турьхан загвараар биш, харин хүч чадлыг бэлгэдсэн хурц хэлбэр дүрс, силуэтээр дамжуулан илэрхийлдэг нь Шафферын үнэт зүйлтэй нийцжээ.

Яагаад сүйт бүсгүйчүүд Vivienne Westwood-ийн хуримын даашинзыг сонгодог вэ? (фото 3)

Элли Робертсон, Net-a-Porter-ын зураг авалт хариуцсан захирал

Элли Робертсон эмэгтэйлэг хэр нь панк, секси боловч хээнцэр, онцгой хэр нь ялдам биш тийм л даашинзны эрэлд гарснаар Vivienne Westwood-ийг олсон байна. Тэрээр хуримын ёслолдоо брэндийн Oriana загварыг өмссөн бөгөөд даашинзны хэлбэр, бүтэц урлагийн сор бүтээл мэт байсныг онцолсон юм.

Яагаад сүйт бүсгүйчүүд Vivienne Westwood-ийн хуримын даашинзыг сонгодог вэ? (фото 4)

Кэрри Брэдшоу болон Vivienne Westwood

2008 онд гарч байсан Sex and the City кинон дээрх Vivienne Westwood-ийн хуримын даашинзаар гоёсон Кэрри Брэдшоугийн төрхийг санаж байна уу? Энэхүү гоёл нь алдарт цувралын үргэлжлэл болох And Just Like That... бүтээл дээр ч мөн мөнхлөгдөн үлдсэн билээ. Тэгвэл тус даашинз нь Vivienne Westwood-ийн намар-өвөл 2007 улирлын Wake Up Cave Girl нэртэй цуглуулгад багтаж байсан юм. Үүнийг очир алмазыг зүсэж өнгөлөх гоёл чимэглэлийн техникээс урамшин бүтээж байжээ. Алдарт хуримын даашинзыг бүтэн 15 жилийн дараа And Just Like That... цуврал дээр дахин өмссөн ч эрэлтээс гараагүй, онцгой хэвээр байгаа нь Вивьений ур чадварын тусгал болсныг загварынхан онцолж байгаа юм.

Яагаад сүйт бүсгүйчүүд Vivienne Westwood-ийн хуримын даашинзыг сонгодог вэ? (фото 5)

Кинон дээр энэхүү гоёлыг Кэррид дизайнер Вивьен Вествүүд бэлэглэж байгаагаар гардаг бол бодит амьдрал дээр тийм үйл явдал тохиогоогүй байна. Үнэн хэрэгтээ цувралын стилист, дизайнераар ажилласан Патриша Филд Кэрри болон Big нарын ээдрээт харилцаанаас улбаалан хуримын өдөр Zac Posen брэндийн хар өнгийн даашинзыг өмсүүлэхээр бэлдсэн байсан гэнэ. Гэсэн ч эцсийн дүндээ Vivienne Westwood-ийн гоёл тодорч байжээ. Тухайн үед уг даашинзны коктейль загвар Net-A-Porter платформ дээр тавигдаж байсан бөгөөд хэдхэн цагийн дотор зарагдаж дууссанд Кэрригийн нөлөө ихээхэн байгааг онцолдог билээ.


Vivenne Westwood-ийн даашинзыг хуримдаа сонгосон алдартнууд

Хэйли Бибер

Хэйли Бибер хуримынхаа оройн зоогийн хүлээн авалт дээр Vivenne Westwood-ийн өөрт нь зориулж урласан мини даашинзаар гоёж байв.

Яагаад сүйт бүсгүйчүүд Vivienne Westwood-ийн хуримын даашинзыг сонгодог вэ? (фото 6)

Барбара Палвин

Барбара Палвины хурим түүний эцэг эхийн Унгар дахь эдлэн газарт зохион байгуулагдсан билээ. Сүйт бүсгүй сонгодог бөгөөд цаг хугацааны эрхшээлд хуучрахгүй даашинз өмсөхөөр Vivienne Westwood-ийг сонгосон байна.

Яагаад сүйт бүсгүйчүүд Vivienne Westwood-ийн хуримын даашинзыг сонгодог вэ? (фото 7)

Викториа Бекхэм

Викториа 1999 онд болсон хуримын ёслолдоо тус брэндийн даашинзыг сонгосон бөгөөд 2018 онд Английн Vogue сэтгүүлийн зураг авалтад дахин өмсөж камерын дуранд мөнхөлсөн удаатай.

Яагаад сүйт бүсгүйчүүд Vivienne Westwood-ийн хуримын даашинзыг сонгодог вэ? (фото 8)

Дита вон Тиз

Хуримын ёслолд дан ганц цагаан даашинз өмсөх албагүйг Дита вон Тиз харуулж байлаа. Түүний өмссөн энэхүү загвар нь нил ягаан өнгөтэйгөөр зогсохгүй готик, рок өнгө аястай байснаараа тухайн үед шуугиан тарьж байсан юм.

Яагаад сүйт бүсгүйчүүд Vivienne Westwood-ийн хуримын даашинзыг сонгодог вэ? (фото 9)

Жоржиа Фаулер

Victoria's Secret-ийн модель Жоржиа Фаулерын Австрали дахь романтик хурим өнгөрсөн жилийн цуутай арга хэмжээнүүдийн нэг байсан. Хурим болсон газар, засал чимэглэл гээд жижиг деталь бүр нь хүмүүсийн харцыг булааснаас гадна сүйт бүсгүйн өмссөн Vivienne Westwood-ийн даашинз олны анхаарлыг татсан юм. Тус загвар нь Вивьений амьд ахуйдаа туурвисан сүүлийн хуримын цуглуулгад багтсан гэдгээрээ үнэ цэнтэй билээ.

Яагаад сүйт бүсгүйчүүд Vivienne Westwood-ийн хуримын даашинзыг сонгодог вэ? (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх