Хайх

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Дональд Гловер

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Дональд Гловер

Эв хавгүй гикээс Gucci өмссөн ёжтой эрхэм хүртэлх түүний загварын хувьсал

Text: Buro.Mongolia


Жүжигчин, хөгжимчин, stand-up хошин шогч, кино зохиолч, найруулагч. Дональд Гловер бол Сэргэн Мандалтын үеийн хүн ямар байх ёстойг харуулдаг төгс жишээ юм. Тэрээр зүгээр ч нэг олон талын авьяастай биш, харин хүч сорьсон салбар бүртээ амжилт гаргаж, ажлынхаа чанарыг алдагдуулалгүй эсрэгээрээ алхам бүрдээ дэвшиж байдаг онцгой уран бүтээлч. Анх Youtube тавцан дээрх хөнгөн хошигнолоос эхэлсэн тэрээр саяхан танилцуулсан This is America клипэн дээрх сэдэвчилсэн зохиол хүртэлх замыг туулахдаа эв хавгүй гикээс Gucci өмссөн денди болж хувирсан билээ.

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Дональд Гловер (фото 1)

Дональд өөрийн карьерыг аль 2005 оноос бүтээж эхэлсэн. Тэр үед уран бүтээл туурвих чин хүсэл эрмэлзэлтэй залуухан Дональдын хувьд жийнсэн өмд ба футболка өмсөхөд л хангалттай байж, юуны түрүүнд өөрийгөө биш уран бүтээлээ сурталчлах нь хавьгүй чухал байсан билээ. 2009 оноос тэрээр их сургуулийн хэсэг бүлэг оюутнуудын амьдралыг харуулсан "Community" цувралд тоглож эхэлсэн бөгөөд өдөр тутамдаа цувралынхаа дүр шиг дөрвөлжин хээтэй цамц, хөвөн даавуун цамц ба жийнсэн өмд өмсдөг байсан юм. Дөрвөн улирлын дараа Гловер цувралыг орхихоор шийдэж, өөрийн кино бүтээл болон хөгжмийн салбар дээр төвлөрч эхэлсэн. Хип-хоп уран бүтээлийг тэрээр Childish Gambino нэр доор туурвидаг ба энэхүү зохиомол дүрийг цомог бүрдээ тусгадаг. Түүний анхны цомог хэр үнэ цэнэтэй болсон талаарх маргаан одоо хүртэл явагдаж байгаа бол, хоёр дах «Because the Internet» цомог хүн бүрийг байлдан дагуулсан гэхэд хилсдэхгүй. Энэхүү цомгийнхоо постер зурганд зориулж Дональд хавай маягийн цамц өмссөн байдаг ба тэрээр хэд, хэдэн тоглолтынхоо үеэр энэ хувцаслалтдаа үнэнч үлдсэн. Гэхдээ түүний хөгжимчний дүр төрх бүрэн гүйцэд төлөвшсөн үе бол гурав дах «Awaken, My Love!» цомог юм. Энэ цомгонд 70 ба 80-аад онуудын фанк ба соул урсгал багагүй нөлөөлсөн нь түүний хувцаслалтанд ч тусгалаа олсон. Ингэснээр уран бүтээлч маань сонирхолтой хээ бүхий, баялаг өнгийн, торгон материалтай захтай цамц өмсдөг болсон. Дональдын төрхийг дуурайхыг хүсвэл цамцныхаа дээд товчнуудыг хайхрамжгүй байдлаар товчлолгүй орхиж, алтан гинж зүүх шаардлагатай болно. Мөн баярын ёслолуудад зориулж Дональд тод өнгийн хамба хилэн материалтай хослолыг хилэн лофертой хослуулдаг. Харин түүний энэ төрхийг бүрдүүлэхэд алдартнуудын стилист Илария Урбинати тусалсан байдаг. Өөртөө ёжтой хандаж чаддаг уран бүтээлчийн стилийг Илария ийнхүү тод өнгөнүүдээр илэрхийлэхийг хүсчээ. Сонгодог хэв маяг уйтгартай санагдаж, хэтэрхий хээнцэр хувцаслалт сонирхол татахаа больсон энэ үед ёжтой, хошин байдал ялагчаар тодорч байх шиг ээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх