Хайх

Кара Делевинь хорт зуршилтайгаа хэрхэн тэмцэж байгаа талаараа ярилаа

Кара Делевинь хорт зуршилтайгаа хэрхэн тэмцэж байгаа талаараа ярилаа

Text: Buro.Mongolia


Зураг: Vogue

Ердөө 10 насандаа анх загварын салбарт хөл тавьсан Кара Делевиныг бид өтгөн хөмсөг, нүүр дүүрэн инээмсэглэлээр нь андахгүй. Тэрээр 18 нас хүрэхтэйгээ зэрэгцэн Burberry загварын ордны нүүр царайгаар тодорч, цаашлаад салбарынхаа шилдэг моделиудын нэг болтлоо ахисан төдийгүй “Paper Towns”, “Suicide Squad” дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан. Карагийн карьерын өсөлт 2014 онд оргил цэгтээ хүрж, саяхныг хүртэл хэсэг намжаад байсан юм. Гэвч өнгөрсөн жилийн есдүгээр сард Лос-Анжелесын онгоцны буудал дээр түүний эрүүл бусаар биеэ авч явж байгаа зураг, бичлэг цахим орчинд тархсанаар Делевиньд санаа зовсон, түүнийг буруутгасан, мөн өмөөрсөн хүмүүсийн сэтгэгдлийн нурангид олон нийтийн сүлжээ дарагдсан билээ.

Энэхүү үйл явдлаас улбаалан Кара өөрийн нүүр тулж буй сэтгэлзүйн асуудал, хорт зуршил болон одоо эдгээрийг хэрхэн даван туулж байгаа талаараа Vogue сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт чин сэтгэлийн яриа өрнүүлжээ.

Кара Делевинь хорт зуршилтайгаа хэрхэн тэмцэж байгаа талаараа ярилаа (фото 1)

Кара Делевиний бага нас

Тэрээр Английн үл хөдлөх хөрөнгийн магнат Чарльс Делевинь болон тансаг зэрэглэлийн Selfridges дэлгүүрт хувийн худалдан авагчаар ажилладаг төдийгүй Уэльсийн гүнжийн гадна төрхийг бүрдүүлэхэд тусалдаг байсан Пандора Делевиний гэр бүлд бага охин нь болон өсөж торнижээ. Харин түүний өвөө тухайн үед Queens нэртэй байсан одоогийн Harper’s Bazaar сэтгүүлийн эзэмшигч, эмээ нь II Элизабет хатан хааны дүү Маргарет гүнжийн туслах гэсэн хүндтэй алба хашдаг байв.

Язгууртан, сэхээтний гэр бүлээр хүрээлүүлдэг Караг амандаа алтан халбага зууж төрсөн, давуу эрхтэйгээр одоогийн карьертаа хүрсэн хэмээн тодорхойлох нь элбэг. Делевинь ч үүнтэй сөргөөлцөлдөх хүсэлгүй бөгөөд өөрт нь бусдаас илүү боломж байсныг үгүйсгэдэггүй. Гэвч тэрээр гэр бүл нь тийм ч төгс биш байсан, ээжийнхээ асуудлаас шалтгаалан сэтгэлзүйн хувьд тогтворгүй болсноо хуваалцжээ.

Түүний ээж Пандора Делевинь хоёр туйлт эмгэг болон херроины хамааралтай байснаа олон нийтэд зарлаж байсан юм. “Удаан хугацааны турш би ээжийнхээ оронд өөрийгөө тавьж үзээгүй. Надад зүйгээр л уураа гаргах хүн хэрэгтэй байсан, гэхдээ энэ бол түүний буруу биш… Тэрхүү донтолт ээжийг минь надаас булааж байгаа нь маш харгис хэрцгий санагддаг” хэмээн Кара Делевинь өгүүлжээ.

Кара 10 настайдаа нойргүйдэлтэй тулгарч, үсэрч дэвхцэн хөгжилдөх насан дээрээ аль хэдийнээ эмчийн жороор нойрны эм хэрэглэж эхлэв. Цаашлаад 15 насандаа сэтгэлийн хямралын эсрэг эм уудаг болов. Өнгөрснөө дүгнэхдээ Кара тэр бүх эмийн эмчилгээ гүн гүнзгий дотор нь нуугдсан буглааг бүрэн тайлж чадаагүй ба одоогоос л зөв голдиролдоо аажмаар орж байгаагаа хэлсэн байна. 

Кара Делевинь хорт зуршилтайгаа хэрхэн тэмцэж байгаа талаараа ярилаа (фото 2)

Хөл хорионы үеэрх сэтгэлзүй

Кара 2020 оны дөрөвдүгээр сард хоёр орчим жил үерхсэн найз охин Эшли Бенсоноос харилцаагаа тасалж байжээ. Тухайн үед цар тахлаас шалтгаалсан хөл хорионы үе эхэлснээр Делевинь маш их ганцаардал мэдрэв. Түүнчлэн Карагийн хувийн зан чанар, үнэлэх үнэлэмж эрхэлдэг ажилтай нь шууд холбоотой байсан нь яваандаа түүнд сөргөөр нөлөөллөө. Өөрөөр хэлбэл гэрээс гаралгүй ажлаасаа завсарлага авсан Кара оршихуйн хямралд өртөж, урдаа тавьсан зорилго зорилтууд нь замхран алга болжээ. “Тухайн үед би шинэ зүйлд суралцахад цаг гаргахын оронд зовлон зүдүүртээ живж, наргиж цэнгэж өнгөрөөсөн”.

Кара Делевинь хорт зуршилтайгаа хэрхэн тэмцэж байгаа талаараа ярилаа (фото 3)

Өөрөөсөө зугтаах нь бүх асуудлын эх үүсвэр

Кара Делевинь өөрийн тоглосон “Planet Sex” нэртэй зургаан ангитай баримтат цувралыг түүний дотоод сэтгэлийн толь болж чадсан хэмээн дурслаа. Тэрээр өөрийгөө “асуудлаа шийдэхийг хүсдэггүй, өөрөөсөө зугтахдаа сайн” хэмээн тодорхойлох бөгөөд түүнд бодит амьдрал дээр ч тэр, кинонд тоглохдоо ч тэр жинхэнэ сэтгэл хөдлөлөө бүрэн гаргах эрхгүй мэт санагддаг байна. Харин “Planet Sex” баримтат цуврал Карагийн жинхэнэ амьдрал дээр туулж буй асуудалтай дэндүү ойр байсан нь түүнийг маш их тавгүйтэж, сандрахад хүргэжээ. “Камерын өмнө тоглох эхний мөчөөс л надад тухгүй байсан. Учир нь ‘Өө үгүй ээ, би жинхэнэ өөрийнхөөрөө байх хэрэгтэй болох нь’ гэж бодсон” хэмээв.

Кара Делевинь хорт зуршилтайгаа хэрхэн тэмцэж байгаа талаараа ярилаа (фото 4)

Өөрчлөлтийн цэг

20-иод насаа Кара наргиж цэнгэж үдэхээр төлөвлөн Ибиза арлыг найзуудын хамт зорьжээ. Түүний хувьд 30 нас хүрч байгаа нь амьдралыхаа нэг хэсэгт цэг тавьж байгаа мэт санагдав. Яг л энэ үед Карагийн мансуурсан байдалтай онгоцны буудал дээр зогсож буй зураг, бичлэг цахим орчинд тархсан байна. Кара Делевинь энэхүү үйл явдлын дараа асуудлаа хүлээн зөвшөөрч, ямар нэг арга хэмжээ авах цаг нь ирсэн хэмээн боджээ. 

Тэрээр яг одоо 12 шатлалт донтолтын эсрэг урт хугацааны эмчилгээнд хамрагдаж согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй дөрөв дэх сардаа орж байна. Өмнө нь Кара сэтгэлзүйн гэмтэл эмчлэх богино хугацааны хөтөлбөрүүдэд хамрагдаж, тэрхэн хугацаанд ахиц дэвшил мэдэрч байсан ч энэ нь асуудлын гол цөмийг анагаахад дутмаг болохыг хуваалцсан юм.

“Мэдээж хэрэг уналт босолт байгаа ч би маш их зүйлийг ойлгосон байна. Хүмүүс надаас яг л кинон дээр гардаг шиг ‘За хардаа, би донтогч байсан ч одоо хорт зуршлаа эмчилсэн, гүйцээ’ гэдэг хариулт хүсдэг. Гэхдээ энэ тийм ч амар зүйл биш. Ганцхан шөнийн дотор би эмчлэгдэхгүй. Мэдээж хэрэг аль болох хурдан үр дүнд хүрэхийг хүсэж байна. Тэр дундаа бидний үеийнхэн нөхцөл байдлыг маш хурднаар шийдэхийг хүсдэг болсон. Харин надад өөрийгөө гүн гүнзгий өнцгөөс таних нь чухал” хэмээн тэрээр ярьжээ.

Кара Делевинь хорт зуршилтайгаа хэрхэн тэмцэж байгаа талаараа ярилаа (фото 5)
Кара Делевинь хорт зуршилтайгаа хэрхэн тэмцэж байгаа талаараа ярилаа (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх