
LVMH групп Marc Jacobs брэндийг худалдахаар төлөвлөж байна
Загварын ертөнц дэх өөрчлөлтүүд зөвхөн бүтээлч захирлуудаар хязгаарлагдахгүй бололтой. Тодруулбал дэлхийн хамгийн том тансаг зэрэглэлийн LVMH групп нь Marc Jacobs брэндийг худалдаалах талаар хэлэлцэж эхэлсэн байна хэмээн The Wall Street Journal мэдээлжээ.
LVMH нь 1997 оноос хойш Marc Jacobs брэндийг эзэмшиж байгаа бөгөөд сүүлийн 28 жилийн турш тус брэндийн өсөлт хөгжилд дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Гэвч 2025 оны эхний хагас жилийн байдлаар LVMH группийн үйл ажиллагааны ашиг 15 хувиар буурсан үзүүлэлт гарч, тэд бизнесийн стратегидаа өөрчлөлт оруулахаар шийдсэн байна. Улмаар тус групп нь ашиг багатай жижиг брэндүүдээ цэгцэлж, өндөр ашигтай, гол брэндүүд рүү төвлөрөх бодлого баримталж эхэлсэн хэмээн мэргэжилтнүүд үзжээ.
Одоогийн байдлаар Marc Jacobs брэндийн зах зээлийн үнэлгээ 1 тэрбум ам.долларт (1.4 их наяд төгрөг) хүрсэн бөгөөд Authentic Brands Group, WHP Global, Bluestar Alliance томоохон группүүд тус брэндийг худалдан авахаар сонирхож байгаа гэх мэдээлэл тархаад амжсан байна. Хэдийгээр энэ талаар албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа ч загварын ертөнц дэх томоохон хэлэлцээрүүдийн нэг болоход тун ойрхон байна хэмээн салбарынхан таамаглаж эхэлжээ.