Хайх

Мэттью Уильямс Givenchy брэндийн бүтээлч захирлаар томилогдлоо

Мэттью Уильямс Givenchy брэндийн бүтээлч захирлаар томилогдлоо

Орчин үеийн залуусын тейстмейкэр хэмээн тодорхойлогддог дизайнер алдарт кутюр брэндийг хариуцан ажиллана

Text: Buro.Mongolia


1017 ALYX 9SM брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Мэттью Уильямс Givenchy брэндийн бүтээлч захирлаар томилогдлоо. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Givenchy загварын ордныг удирдан ажиллаж байсан Клэр Уэйт Келлер албан тушаалаа орхиж буйгаа мэдэгдсэн ба тэрээр брэндийг гурван жилийн турш хариуцан ажилласан билээ.

"Givenchy брэндийг удирдан ажиллах болсондоо маш их талархаж байна. Энэхүү байр сууринд томилогдоно гэдэг миний хувьд мөрөөдөл байсан билээ. Өнгөрсөн 15 жилийн турш өдөр бүр энэ л өндөрлөгт хүрэхийн төлөө ажилласаар ирсэн. Хэдий бид хэцүү цаг үетэй нүүр тулаад байгаа ч уран бүтээлийнхээ ачаар итгэл найдвар, эерэг өөрчлөлтийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна" хэмээн Мэттью Уильямс мэдэгдсэн юм.

 

 

Дизайнер Мэттью Уильямс 2015 онд 1017 ALYX 9SM тансаг зэрэглэлийн streetwear брэндээ үүсгэн байгуулсан ба индастриал хэв маягтай загваруудаараа дэлхий дахинаа танигдсан юм. Түүнийг Виржил Абло, Херон Престон, Жастин Саундерс нартай хамтран Been Trill хэмээх бүтээлч нэгдэлд ажиллаж байх хугацаандаа хувцас загварын салбар дахь амжилтын гараагаа эхлүүлсэн гэж үздэг. 1017 ALYX 9SM брэндээрээ дамжуулан Nike, Moncler, Stüssy, Mackintosh зэрэг брэндүүдтэй хамтран хэд хэдэн цуглуулгыг амжилттай бүтээсэн бөгөөд түүнийг орчин үеийн залуусын тейстмейкэр хэмээн тодорхойлдог билээ.

Givenchy брэндийг эзэмшигч LVMH группын захирал Сидни Толедано дизайнер Мэттью Уильямстай хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн тэрээр LVMH нэрэмжит шагналыг хүртэж байсан Мэттью Уильямсыг өнгөрсөн хугацаанд хөгжиж дэвшихийг харах таатай байсныг мэдэгдэлдээ дурджээ.

 

цааш үзэх