
Ө.Содгэрэл “The BoF 500” жагсаалтад багтсан анхны Монгол хүн боллоо
“The Business of Fashion”-ээс жил бүр гаргадаг “The BoF 500” жагсаалт нь дэлхийн загварын салбарт нөлөө үзүүлж буй шилдэг удирдагчид, бүтээлчид, бизнес эрхлэгчдийг онцолдог билээ
Монголын загварын салбарын гол дуу хоолой, BURO. Mongolia болон Velin сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, эрхлэгч Өлзийхутагийн Содгэрэл нь “BoF 500 Class of 2025”-д багтсанаар дэлхийн загварын салбарын хамгийн нэр хүндтэй жагсаалтад багтсан анхны Монгол хүн болж байна.
The Business of Fashion буюу BoF нь жил бүр дэлхийн загварын салбарт нөлөө үзүүлж буй 100 хүнийг тодруулж, салбарын чиг хандлагыг тодорхойлдог гол индексэд тооцогддог. Энэ жил Ө.Содгэрэл сонгогдсон нь Монгол орны загварын салбар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, шинэ үеийн хэрэглэгчид болон бүтээлч орон зайд хүчтэй байр суурь эзэлж байгаагийн баталгаа юм.
Тэрээр BURO. Mongolia болон Velin сэтгүүлээр дамжуулан Монголын загвар, урлаг, соёлыг дэлхийтэй холбож, шинэ зах зээл рүү чиглэсэн олон улсын брэндүүдийн гол түнш болж байна. Түүний медиа платформууд нь тансаг хэрэглээний брэндүүдийн Монгол дахь байр суурийг дахин тодорхойлох, шинэ үзэгчдэд хүргэх чухал үүргийг гүйцэтгэж байна.
Ө.Содгэрэл нь “Энэ бол зөвхөн миний хувийн амжилт биш, Монгол орныг дэлхийн загварын тайзан дээр албан ёсоор дуугарч эхэлснийг харуулж буй томоохон алхам юм. Монголын залуу үе, уран бүтээлчид, дизайнерууд дэлхийтэй холбогдож, өөрийн өнгө төрхийг харуулахад илүү их боломж нээгдэнэ гэж итгэж байна” хэмээжээ.
Өлзийхутагийн Содгэрэлийн тухай
Содгэрэл нь 15 настайгаасаа фото моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд сэтгүүл, телевизийн бүтээлч төслүүдийг удирдан, Монголын анхны “Mongolia’s Next Top Model” шоуны эхний улирлын ерөнхий продюсероор ажилласнаас гадна бусад амжилттай хэрэгжиж буй телевизийн төслүүдэд оролцсоор иржээ. Өнөөдөр тэрээр Velin болон BURO. Mongolia сэтгүүлүүдийг 10 дах жилдээ удирдан ажиллаж, монголын загварын салбарыг дэлхийд таниулах үндсэн дуу хоолой болж байна.