Хайх

Stella Mccartney-гийн \"Байгальд ээлтэй загварлаг ирээдүй\"

Stella Mccartney-гийн "Байгальд ээлтэй загварлаг ирээдүй"

Text: Buro.Mongolia


Зураг:

Байгаль болон нийгэмд ээлтэй гэх нэр томьёог загварын зах зээлд анх таниулсан, цаг үеийнхээ хамгийн хариуцлагатай загвар зохион бүтээгчдийн нэг бол Стелла Маккартни юм. Тэрээр цар тахлаас үүдсэн тусгаарлалтын хугацаанд байхдаа загварын зах зээл ер нь хаашаа чиглэж байгаа болон үүнд хэрхэн өөрийн хувь нэмрээ оруулж, илүү сайжруулах талаар ихэд нухацтай бодсон гэнэ. Тиймээс ч 2021 оны хавар зуны цуглуулгынхаа 65%-ийг байгаль болон нийгэмд ээлтэй материалаар урлаж 'The McCartney A to Z Manifesto' буюу 'Маккартнигийн А-с Z хүртэлх тунхаглал' хэмээн нэрлэжээ. Тэрээр 26 уран бүтээлч найзаасаа Англи хэлний 26 үсгээс аль нэгийг нь сонгоод тухайн үсгээ дүрсэлсэн бүтээл хийж, тэр үсгээрээ эхэлсэн ямар нэгэн эерэг зүйлийг уриалахыг хүсжээ. Түүний найзуудын хийсэн бүтээл аль хэдийнэ брэндийн Instagram хуудсанд нийтлэгдсэн байгааг сонирхоно уу.

Жишээ нь Америкийн уран бүтээлч Синди Шерман E үсгийг сонгосон ба “Elevated” буюу дээд зэргийн атлаа “Effortless” буюу хэтэрхий хичээгээгүй стилиэр Стеллаг тодорхойлсон байна. Харин Рашид Жонсон А үсгийг сонгосон ба “Accountability” буюу хариуцлагатай байдлыг илэрхийлсэн бол Жефф Кунс К үсэг бүтээж “Kind” буюу сайхан сэтгэлтэй байхыг уриалжээ.

Маккартни хэлэхдээ “Дэлхий даяараа зогсолт хийсэн энэ тахлын үед би өөрөөсөө яг юуны төлөө энэ бүгдийг хийгээд байгаагаа асуух болсон. Тэгээд хэрхэн илүү ухамсартай, бүгдэд ээлтэй дэлхийг бүтээх талаар бодож нойргүй хоносон юм. Бидний ирээдүйн зорилго болон загвар гэдэг зүйлийн юунд итгэж, юуг нь хайрладаг талаарх бодлуудаа үг болгон тэмдэглэлдээ буулгаснаар ирээдүй хойч үедээ зориулсан 'The McCartney A to Z Manifesto' коллекцийнхоо санааг олсон. Брэндийнхээ хувьд өөрсдийнхөө хэн гэдгийг, хэн болохыг хүсэж  байгаагаа маш сайн тодорхойлохыг хүссэн. Энэ нь биднийг цаашид хамгийн хариуцлагатай, ухамсартай загварын ордон болоход чиглүүлэх юм” хэмээн коллекцийнхаа гол санааг тодорхойлсон юм.

Stella Mccartney-гийн "Байгальд ээлтэй загварлаг ирээдүй" (фото 1)

Тэрээр цуглуулгынхаа онцлох загварууд болох мини торон даашинзууд болон дугуйчны шортуудаа урлахдаа өмнөх улирлаас үлдсэн хуучин материалуудыг ашигласан байна. Мөн хясааны дүрстэй хослолуудаа байгальд ээлтэй вискозын торгоор хийсэн ба бусад нарийн эсгүүртэй загваруудаа ноос болон байгалийн гаралтай тааран материалаар урлажээ. Дотуур хувцас, усны хувцаснуудаа хуванцар савнаас гаргаж авсан материал болон дахин боловсруулсан нейлон материалаар хийсэн бол углаашнуудаа бас л өмнө нь ашиглаж байсан материалаар бүтээсэн байна. Харин зуны сандаалуудаа амьтны бус гаралтай арьс болон байгальд ээлтэй байдлаар гаргаж авсан модон материал ашиглан хийжээ. Түүнчлэн хулс, био-ацетат зэрэг байгальд амархан задардаг материалуудаар нарны шилнийхээ хүрээг хийж, LVMH группийн дэргэдэх Thélios компанитай хамтран гаргажээ. Ерөнхийд нь дүгнэвэл энэ удаагийн коллекци нь урлаг, байгаль болон сонгодог загварын төгс зохицол болсон гэлтэй.

Stella Mccartney-гийн "Байгальд ээлтэй загварлаг ирээдүй" (фото 2)
Stella Mccartney-гийн "Байгальд ээлтэй загварлаг ирээдүй" (фото 3)

Stella Mccartney-гийн "Байгальд ээлтэй загварлаг ирээдүй" (фото 4)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх