Хайх

Жиоржио Армани Италийн хүндэт одонгоор шагнууллаа

Жиоржио Армани Италийн хүндэт одонгоор шагнууллаа

Загвар болон урлагийн салбарт багагүй хувь нэмэр оруулсан дизайнер

Text: Buro.Mongolia


Италийн ерөнхийлөгч Сержо Маттарелла загварын амьд домог гэгддэг загвар зохион бүтээгч Жиоржио Арманиг тус улсын хамгийн хүндэт шагнал болох Их загалмайн одонгоор шагнажээ. Өдгөө 87 настай дизайнер уг шагналыг хүртсэн загварын салбарын гурав дах хүн болж байгаа юм. Өмнө нь, 1986 онд Валентино Гаравани, 2015 онд Миучча Прада Их загалмайн одонгоор шагнуулж байжээ.

Одон гардуулах ёслол төрийн тэргүүний албан ёсны гурван өргөөний нэг болох Ром хотын Палаццо дель Квиринале ордонд болж өнгөрсөн байна. Энэхүү шагналыг утга зохиол, урлаг, эдийн засаг, төрийн алба, нийгэм, буяны болон хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилтыг үнэлж олгодог уламжлалтай билээ. Харин Жиоржио Арманиг загвар болон урлагийн салбарт гаргасан амжилтуудыг нь үнэлж хүндэт одонгоор шагнасан байна. 

“Энэхүү шагнал миний хувьд онцгой утга учиртай. Учир нь энэ нь төрийн тэргүүн төдийгүй зарчимч, илэн далангүй, эелдэг зан чанар нь эргэлзээгүй өндөрт тооцогддог манай ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан шагнал юм. Би Итали улсыг төлөөлж байгаадаа бахархаж байгаа бөгөөд ерөнхийлөгчийн улс орныхоо нэрийн өмнөөс надад гардуулсан энэхүү нэр хүндтэй цолыг хүртсэн нь миний хувьд маш их нэр төрийн хэрэг” хэмээн загвар зохион бүтээгч хуваалцжээ.

Сонирхуулахад, Emporio Armani брэндийн үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан Жиоржио Армани хаврын улирлын цуглуулгаа Миланы Armani / Teatro теарт уламжлал ёсоор толилуулж, мөн Emporio Armani сэтгүүлийн тусгай дугаарыг гаргахаар төлөвлөж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх