Хайх

Танилцана уу, Миучча Прадагийн хүү – эко стартапуудыг дэмждэг раллигийн уралдаанч

Танилцана уу, Миучча Прадагийн хүү – эко стартапуудыг дэмждэг раллигийн уралдаанч

Лоренцо Бертелли

Text: Buro.Mongolia


Зураг:

Түүнийг Лоренцо Бертелли гэдэг ба тэрээр 31 настай. Олон нийт түүнийг Миучча Прадагийн том хүү гэхээс илүүтэйгээр раллигийн уралдаанч гэдгээр нь сайн мэднэ. Раллигийн дэлхийн аваргад Лоренцо 2011 оноос эхлэн оролцож байгаа юм.

Танилцана уу, Миучча Прадагийн хүү – эко стартапуудыг дэмждэг раллигийн уралдаанч (фото 1)

Миуччи Прада ба Патрицио Бертелли нарын хүү тэрээр 2014 онд раллигийн дэлхийн аваргад гуравдугаар байрыг эзлэн томоохон амжилт үзүүлснээс гадна тэмцээний албан ёсны вебсайт түүний машиныг хамгийн загварлаг нь хэмээн шалгаруулсан байдаг. Гэхдээ хоёр жилийн өмнө Лоренцо уралдаанчийн карьераа дуусгаж гэр бүлийнхээ бизнест нэгдэхээр болсноо мэдэгдсэн юм. Одоо тэрээр Prada Group-ийн маркетинг ба харилцан холбооны албыг удирдаж, зөвхөн чөлөөт цагаараа л раллигийн тэмцээнд оролцож байна. Лоренцо Бертелли хоёр жил завсарласны эцэст энэ оны тавдугаар сард Чилийн раллигийн тэмцээнд оролцсон билээ.

Prada Group-д нэгдэхээсээ өмнө Лоренцо гэр бүлийнхээ бизнесийн рестораны сегментийг хариуцаж ажилладаг байсан юм. 2014 онд Prada Миланы хамгийн эртний кафе гэгддэг, 200 гаруй жилийн түүхтэй Marchesi гэх газрыг худалдан авч олон улсын сүлжээ кафе болгон хөгжүүлсэн билээ. Энэ оны тавдугаар сард л гэхэд Marchesi-гийн салбар Лондонгийн Маунт гудамжинд нээгдсэн байгаа.

Танилцана уу, Миучча Прадагийн хүү – эко стартапуудыг дэмждэг раллигийн уралдаанч (фото 2)

Лоренцо маркетинг болон харилцан холбооны албаны тэргүүнээр томилогдсон даруйдаа Startupbootcamp Fashion Tech гэх загварын акселератортой хамтарч эхэлсэн. Ингэснээр Prada Group 2022 оныг хүртэл жил бүр 10 стартап сонгон тэтгэлэг олгож, тус бүрийг нь 13 долоо хоног үргэлжлэх хөгжлийн хөтөлбөрт хамруулах юм. Уг хөтөлбөрийн хүрээнд тухайн стартапууд ирээдүйн хамтрагчид ба хөрөнгө оруулагчидтай танилцаж, хиймэл оюун ухааны талаар мэргэжилтнээс хичээл авч, робототехникийн талаар суралцаж, интернет орчин болон бодит амьдралыг хэрхэн хослуулах талаар үнэтэй зөвлөгөөнүүдийг авах болно. Хамгийн гол нь Prada Group стартап бүрт 20 мянган ам.доллар олгож бизнесээ босгоход нь туслах юм.

"Би багаасаа л гоёмсог хийцтэй зүйлсийг хайрлаж өссөн. Гэр бүл минь надад жижиг деталиудад анхаарал тавьж, ажлаа сайн хийхийг зааж өгсөн"

Өнөөдрийн байдлаар Лоренцогийн хамгийн гол төсөл бол Re-Nylon цуглуулга юм. Энэ төслийн хүрээнд 2021 он гэхэд Prada-гийн нейлон гар цүнхнүүд бүгд дахин боловсруулагдсан материалаар хийгдэх болно. Prada үүний тулд Aquafil гэх компанитай хамтран далайн хог хаягдлыг дахин боловсруулах байдлаар Econyl® эко нейлоныг гаргаж авах билээ.

Танилцана уу, Миучча Прадагийн хүү – эко стартапуудыг дэмждэг раллигийн уралдаанч (фото 3)

2021 он гэхэд Prada жил бүрийн үйлдвэрлэлтэд ашигладаг 700 000 метр нейлоныг бүхэлд нь Econyl нейлоноор орлуулах болно. "Би багаасаа л гоёмсог хийцтэй зүйлсийг хайрлаж өссөн. Гэр бүл минь надад жижиг деталиудад анхаарал тавьж, ажлаа сайн хийхийг зааж өгсөн" хэмээн Лоренцо Бертелли хуваалцсан байдаг.

цааш үзэх