Хайх

Жастин Биберийн стилийн талаар ярилцацгаая

Жастин Биберийн стилийн талаар ярилцацгаая

Scumbro стиль

Text: Ө.Тодгэрэл


"Жастин Бибер биднээр тохуурхаад байна уу, эсвэл тэр гэнэтхэн ямар ч загварын мэдрэмжгүй болчхов уу?" гэх асуултууд олон нийтийн сүлжээнүүдэд хаа сайгүй үзэгдэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ Бибер мэргэжлийн хувийн стилисттэй төдийгүй түүний энэхүү хэдэн өдөр усанд оролгүй өдөржингөө буйдан дээрээ хэвтэж байгаад толинд харалгүй гарч ирсэн мэт хэнэггүй стиль нь загварын салбарт scumbro гэх нэршил аван залуус дунд өргөнөөр дэлгэрч, тэр ч бүү хэл тренд болоод байгааг та мэдэх үү?

Scumbro гэх нэршлийг анх Vanity Fair сэтгүүлийн редактор дэлгэрүүлсэн бөгөөд энэ нь "scummy" буюу "бохир ба замбараагүй" болон "bro" гэх эр хүйстнийг нэрийддэг албан бус хэллэгээс бүрдсэн үг билээ. Scumbro стилиэр хувцаслана гэдэг Supreme, adidas зэрэг брэндүүдийн тренд болоод буй сул эсгүүртэй гудамжны хувцаснуудыг Patagonia, REI зэрэг спорт төрлийн аяны загваруудтай хослуулж, заримдаа Gucci, Versace гэх мэт тансаг зэрэглэлийн брэндүүдийн ганц хоёр чамин зүйлийг төрхдөө нэмэхийг хэлнэ. Мөн tie-dye эффекттэй неон өнгийн хувцаснууд, график зурагтай футболканууд, Crocs гэх зэрэг үзэмжгүй гутал ба углаашнууд, хошин малгайнууд нь энэ стилийн салшгүй нэг хэсэг юм. Тав тухтай байдал, эргэн тойрныхны шүүмжлэлийг үл тоосон хайхрамжгүй хандлага, ёжтой зан чанар нь scumbro төлөөлөгчдийн гол тодорхойлолт болно. Жастин Биберээс гадна Шайа Лабаф, Жона Хилл, Пит Дэвидсон нар танд бодит амьдрал дээрх scumbro стилийг харуулна.

Жастин Биберийн стилийн талаар ярилцацгаая (фото 1)

Өнгөцхөн харахад scumbro стилиэр хувцаслахыг хүсвэл ердөө хэдэн тод өнгийн "томдсон" хувцас цуглуулахад л хангалттай мэт санагдаж болох ч, үнэндээ энэ стилийг бүрдүүлэхэд хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө шаардлагатай байдгийг онцлох нь зүйтэй. Учир нь scumbro төрхийн гол нууц нь хүн бүрт нээлттэй байдаггүй тансаг брэндүүдийн ховор эд зүйлс өмсөхөд оршдог. Supreme, Palace, Gucci, Prada, Versace нь "скамброчуудын" шунадаг брэндүүд юм.

Тэгэхээр нүдээ аниад Supreme-ийн футболка дээр хавай хээтэй цамц давхарлан, доор нь камуфляж хээтэй сул өмд ба Gucci-гийн бүс, adidas-ийн цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн ховор пүүз өмсөж, толгой дээрээ хэнэггүй байдлаар Nike-гийн саравчтай малгай тавьсан нэгнийг төсөөлөөд үз дээ. Төгс scumbro залуу. Тэрээр холоос харахад бүтэн долоо хоног усанд ороогүй их сургуулийн оюутан мэт болов ч, ойртоод ажиглахад бүхэлдээ брэндээр бүрхэгдсэн нууцхан хайпбист юм.

Жастин Биберийн стилийн талаар ярилцацгаая (фото 2)

Мэдээж энэ стилийг тансаг брэндүүдийн тусламжгүйгээр бүрдүүлэх боломж бий. Гэхдээ үүний тулд загвар ба өнгөний тодорхой мэдрэмжтэй байж, хамгийн гол нь эрх чөлөөг мэдэрч, биед эвтэйхэн байдлыг чухалчилж, өөртөө итгэлтэйгээр хувцсаа өмсөх нь чухал. Учир нь scrumbo төрх бүрдүүлэхдээ багахан л алдаа гаргавал та хогийн савнаас гарч ирсэн мэт харагдах өндөр эрсдэлтэй гэдгийг санаарай.

Эцэст нь хэлэхэд энэ стилийг шүүмжлэх хүн олон байх ч, Жастин Бибер өмссөн хувцсандаа тухтай, тайван, аз жаргалтай харагдахгүй байна гэж үү? Загварын гол зорилго үүнд л оршдог шүү дээ.

Жастин Биберийн стилийн талаар ярилцацгаая (фото 3)

Жастин Биберийн стилийн талаар ярилцацгаая (фото 4)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх