Хайх

Б.Сальма: Амжилттай, зоригтой, өөрийн түүхээ бүтээдэг хүмүүс Porsche сонгодог

Б.Сальма: Амжилттай, зоригтой, өөрийн түүхээ бүтээдэг хүмүүс Porsche сонгодог

Porsche Улаанбаатар төвийн борлуулалт, маркетингийн менежер Б.Сальма Монголын автомашины зах зээлийн талаар ярилаа

Text: Г.Тэмүүлэн


2020 он бидэнд дасал болсон нэгэн хэвийн ертөнцийг бүхэлд нь өөрчилж амьдралд илүү чухал зүйлсийг ойлгуулж, энэ ч утгаараа бүхнийг байх ёстой байранд нь оруулж өгсөн билээ. Хүмүүс онлайн горимд шилжиж, аюулгүй байдлаа нэгдүгээрт тавьж, юм бүхний үнэ цэнийг илүү ойлгож, жижиг гэлтгүй олон зүйлээс баяр баясгалан, эрч хүч авч байснаа ухаарсан биз ээ. Мөн өнгөрсөн онд хийсэн бүтээсэн зүйлсээ дүгнэж, ажилтай байгаадаа баярлаж, шинэ боломжуудаар дүүрсэн ирээдүй рүү улам бүр хүсэл тэмүүлэлтэй алхах хүслийг бадрааж өгсөн тун сонирхолтой нэг жилийг бид ардаа орхиж, амьдралынхаа шинэ хуудсыг эргүүлэхэд бэлэн болоод байна. Тэгвэл яг энэ пандемикийн үеэр бид Монголд Старчэйз Автомотив Лимитд компаниар хаягладаг Porsche Улаанбаатар төвийн борлуулалт, маркетингийн менежер Б.Сальматай уулзан Porsche брэндийн мөн чанар болон үнэт зүйлсийн тухай, цар тахлын үеэр хэрхэн, ямар зорилт тавин ажиллаж байгаа талаар мөн эрчүүд давамгайлсан автомашины зах зээлд хөдөлмөрлөдөг эмэгтэй мэргэжилтний хувьд энэ салбарт ажиллахад эмэгтэйчүүдэд ямар ур чадвар зайлшгүй байх хэрэгтэй гэх зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвүүдээр ярилцаад амжсан юм.

Үүнээс гадна тэрээр харилцагчдадаа ямар шинэ боломжуудыг нээж өгөхөөр шаргуу ажиллаж байгаа талаарх төлөвлөгөөгөө бидэнтэй хуваалцахын зэрэгцээ ойрын хугацаанд Монгол жолооч нар цахилгаан автомашин хөлөглөх мөрөөдөл биеллээ олоход яг юу шаардлагатай мөн үүний төлөө ямар, ямар бодитой ажлууд хийгдэж байгаа гэх зэрэг бидний сонирхсон бүхий л асуултад маш дэлгэрэнгүй хариулсан байгаа.

Хөл хорионы үеэр баримтлах дүрэм журмаа биелүүлэн, төлөвлөсөн хугацаандаа Яармагт байрлах Porsche Улаанбаатар төвийн үзэсгэлэнгийн танхимын хаалгаар нэвтэрмэгц тусгайлан бэлтгэгдсэн ажилтнууд бидний биеийн халууныг хэмжиж, QR код уншуулахыг хүсэж, асуулга бөглүүлэн нэг бүрчлэн дүрмийн дагуу бүртгэн оруулж байлаа. Нэгэнт танил болсон асар том зайтай цэлгэр саруулхан танхимд Porsche брэндийн супер автомашинууд эгнэн зогссон байхыг биширч зогсох зуураа ажилтнууд нь хоорондоо 2-3 м зай барин тун завгүй ажиллаж байгаа нь анзаарагдаж байв. Цаашлаад ярилцлагынхаа зочны өрөөнд ортол амны хаалт зүүсэн ч нүдээрээ инээмсэглэсэн, өөртөө итгэлтэй, ажил хэрэгч бүсгүй биднийг найрсгаар угтан авсан юм. Бид хоорондоо аюулгүй зайгаа баримтлан суудалдаа тухлах зуураа мэдээж хэрэг улс орон даяар нэгэнт үүссэн нөхцөл байдал, уур амьсгалдаа тохируулан ковид тэдэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар асуутал "Дасан зохицоод хичээж л байна" гэж өөдрөг хариулт өгснөөр бидний яриа эхэлсэн билээ.

Германы алдарт Porsche брэнд Монголд албан ёсоор нэвтрээд аль хэдийнэ таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд өөрсдийн гэсэн байр суурийг олж, олон үнэнч хэрэглэгчтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Эргээд дүгнээд харвал Монголын автомашины зах зээл хэрхэн хувьсан өөрчлөгдсөн бэ?

Монголын автомашины зах зээл нь 20-иод жилийн өмнөөс эхэлсэн. Манай компанийн хувьд бол 2015 онд Porsche брэндийн автомашины дилерээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол хоёр жилийн өмнө Jaguar Land Rover брэндийн автомашины дилер болж өргөжсөн юмаа. Тухайн үеийг эргэн харах юм бол энэ салбар их хувьсан өөрчлөгдөж, хэд, хэдэн чухал өөрчлөлтүүд гарсан байгаа. Тухайлбал өрсөлдөөн бий болоод дэлхийн стандартууд ороод ирэхээр үйлчилгээ болон процесс нь илүү мэргэжлийн болж эхэлсэн гэж хэлж болно. Нэг дилер нэмэгдэхэд бусад брэндүүд зах зээлийн боломжийг хараад дилерүүд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Мөн сүүлийн таван жилд бие даасан салбар болж орж ирж байгаа. Одоо бол дилерүүд төлөөлдөг олон улсын брэндүүдийнхээ барилга байгууламж, хэрэглэгчийн үйлчилгээгээ сайжруулахын төлөө ажиллаж байгаа харагдана.

Porsche брэндийн хувьд дилерийн харагдах байдал, мэргэжлийн мэргэшсэн баг хамт олон, үйлчилгээний чанар, стандарт гээд дэлхийн бүх газар ижил байхыг төлөөлөгчдөөсөө шаарддаг. Хэрвээ үүнийг биелүүлж чадахгүй бол дилер болж чадахгүй. Тэгэхээр бид анх орж ирэхдээ яг тэр дэлхийн стандарт, хувьслыг авчирсан гэж хэлж болно. Монголын автомашины салбарын бас нэг өөр хандлага бол шинэ автомашины зах зээл гарч ирж байна. Өөрөөр хэлбэл Монголын хэрэглэгчид маань шинэ машины үнэ цэнэ, хэрэглээг бий болгосноороо зах зээл нь хувьсаж өөрчлөгдөж байна гэж харж байгаа.

Тэгэхээр хэрэглэгчид шинэ автомашин авах хандлагатай болсон гэж ойлгож болох уу?

Хандлагатай болоод нэмэгдээд байгаа гэхээсээ илүү бид өөрсдөө тэр соёлыг бий болгож байгаа юм. Яг манай улсын автомашины зах зээл нь өөрөө том боловч дийлэнх хэсэг нь хуучин автомашины зах зээл байдаг. Жишээ нь 2019 оны байдлаар нийт 70,000 гаруй автомашин импортоор орж ирсэн гэсэн тоо бий. Үүнээс шинэ автомашины эзлэхүүн нь бага буюу 13 дилер нийлээд ердөө 3,000 гаруй л шинэ автомашин худалдаалж байна. Бидний хийж байгаа ажил бол бусад дилерүүдтэй хамтраад шинэ машины зах зээлийг л бий болгох зорилттой ажиллаж байгаа гэсэн үг юм. Шинэ машин авах болон хуучин машин авахын ялгаа нь гэвэл аюулгүй байдал, баталгаа, буцах холбоо, үйлчилгээ, засвар үйлчилгээ, сэлбэг зэрэг хүчин зүйлс яригдана.Тэгэхээр бид нарын хувьд хувьсал гэдэг зүйл нь хуучин машинаас шинэ машин руу шилжихийг хэлж байгаа. Зөвхөн үнэтэй машин худалдаж авах нь гол нь биш. Өнөөдөр үнэ багатай олон сонголт ороод ирсэн. Сүүлийн жилүүдэд энэ сегментдээ шинэ автомашин санал болгодог 2-3 шинэ дилер ороод ирлээ. Яг зөвхөн манай компанийн хувьд гэвэл бид анх үйл ажиллагаа эхлэхдээ trade in буюу машины зөрүүд нь өөр хуучин машин бодож авах тактикаар ажиллаж байсан. Эргээд яг манай брэндийн машины хувьд гэвэл certified pre-owned буюу манайхаар баталгаажсан, үйлдвэрийн баталгаатай автомашин санал болгодог. Өөрөөр хэлбэл баталгаажсан, бүтэн оношилгоо хийгдсэн, бүрэн засварт орсон, ямар ч асуудалгүй яг шинэ машин шиг болгоод хуучин машиныг бид зардаг.

Б.Сальма: Амжилттай, зоригтой, өөрийн түүхээ бүтээдэг хүмүүс Porsche сонгодог (фото 1)
Б.Сальма: Амжилттай, зоригтой, өөрийн түүхээ бүтээдэг хүмүүс Porsche сонгодог (фото 2)

Тэгвэл Монголын зах зээлд тансаг зэрэглэлийн автомашин худалдаалахад тулгардаг хүндрэл бас боломжууд нь юу вэ?

Бидний сегментийн хувьд хэд хэдэн хүндрэлүүд байдаг. Хүн ам бага, зах зээл нь хязгаарлагдмал учраас үүнийгээ дагаад манай зорилтот сегмент нь их жижиг. Монголд дилер нь байгаа, яг ижил үнэтэй автомашинуудыг хүртэл гаднаас их оруулж ирэх хандлагатай байдаг. Мөн манай банкны систем хэрэглээний зээлийн хүү өндөр.Энэ нь зөвхөн автомашины зах зээл гэлтгүй аливаа бүтээгдэхүүний худалдан авах чадамжид маш их нөлөөлдөг. Тиймээс боломжийг бид өөрсдөө бүтээж ажилладаг. Бид олон улсын жишгүүдийг судалж байгаад банкнуудтай хамтарч residual leasing үйлчилгээ буюу лизингээр автомашин худалдан авахад нь тусламж болгох системүүд дээр ажиллаж, худалдан авагчдад илүү их сонголт өгөх гээд байгаа юм. Мөн эргээд тухайн авсан машинаа 3-4 жилийн дараа хүнд дарамт багатайгаар шинэчлэхэд нь тусалж болох шийдлүүдийг санал болгох шинэ гаргалгаа хийж байна.

Яг одоо цар тахлын улмаас дэлхий нийтээрээ тун хүнд цаг үетэй нүүр тулгараад байна. Бүх бизнесүүд тэр дундаа автомашины салбар асар их хохирол амсаж, ерөнхийдөө энэ жил автомашины борлуулалт дэлхий олон улсад хамгийн багадаа 22% буурна (IHS Markit) гэсэн судалгаа гарсан байсан. Tа бүхэнд цар тахлын нөхцөл байдал хэрхэн нөлөөлж байна вэ?

Хил хаалттай гэхээс биш бид ер нь бол дотооддоо тодорхой хэмжээнд өмнөх шигээ амьдрах боломжтой байсан. Шууд нөлөөлөл нь одооноос л мэдрэгдэж байна гэж хэлж болно. Энэ жилийг ерөнхий салбараар нь аваад үзэх юм бол нийт автомашины импорт болон нийт борлуулалтын тоо 18-20% бууралттай байгаа. Гэхдээ дотооддоо аль өвөл эсвэл хавар вирус тархсан бол тэр 20% нь магадгүй 40%, 50% байх магадлалтай байсныг энэ хэмжээнд барьж чадсан. Тэгэхээр дээрх статистиктай ойролцоо буюу олон улсад гарсан таамаг үнэн. Энэхүү бууралтад дотоод зах зээлийн хязгаарлагдмал байдал, үйлдвэрүүдийн зогсолт болон ложистикийн асуудлууд гээд олон хүчин зүйлс нөлөөлсөн.

Мэдээж хэрэг ковидын улмаас та бүхэн үйл ажиллагаандаа тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийх шаардлага гарсан байх?

Цар тахлын нөлөөлөл дээр бид зөвхөн борлуулалт гэж ярьж болохгүй л дээ. Бид шинэ, энгийн хэв маягт шууд шилжиж байгаа. Жишээ нь гэрээсээ ажиллах, дотооддоо эрүүл ахуйн дүрэм журмаа биелүүлэх, шинэ заавар зааварчилгаанууд гаргах, үйл ажиллагаа явуулах процессуудаа илүү дижитал, онлайн болгох гэх зэргээр олон өөрчлөлтүүдийг хийж байна. Мөн засвар үйлчилгээний автомашинуудаа авахдаа болон хүлээлгэж өгөхдөө бүрэн ариутгал хийх, цаг авч үйлчлүүлэх системийг илүү бэхжүүлэх, харилцагчдыг нааш цааш нь явуулахгүй, контакт үүсгэхгүйн тулд автомашиныг нь очиж авах ба засвар үйлчилгээг нь хийгээд буцаагаад хүргэж өгөх, харилцагч байгаа газар нь очиж test drive хийлгэх гээд харилцагчийн үйлчилгээнүүдийг хэрэгжүүлээд байна. Манай компанийн хувьд хамгийн чухал зүйл нь ажилчдын болон харилцагчдын аюулгүй байдал мөн тогтвортой байдал. Өөрөөр хэлбэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулахын тулд анхнаасаа л дүрэм журмын дагуу ажиллаж яг таг биелүүлснээр алдаа бага гаргаж, илүү тогтвортой ажиллах боломж бүрдэнэ.

Хувийн чанартай асуулт тавихад эрчүүд давамгайлсан автомашины бизнест ажилладаг эмэгтэй хүний хувьд энэ салбарт ажиллахын тулд ямар ур чадварыг эзэмшсэн байх ёстой вэ? Ямар нэгэн бэрхшээлүүд тулгардаг уу?

Ер нь зөвхөн Монголд гэлтгүй олон улсын автомашин, техникийн салбарт мэдээж зөндөө эмэгтэй хүмүүс байгаа ч гэсэн яах аргагүй эрчүүд давамгайлдаг салбар. Би өөрөө автомашины салбарт их дуртай. Эмэгтэй хүн энэ салбарт ажиллахын тулд хамгийн түрүүнд мэдээж мэргэжлийн, мэдрэмжтэй, мөн өөртөө итгэлтэй байх ёстой гэж боддог. Өөртөө итгэлтэй байдал бас их чухал. Хэдий би мэдлэгтэй байгаад үүнийгээ ил гаргаж чадахгүй бол миний мэдлэг надтай л үлдэнэ шүү дээ. Хувь хүний хувьд миний зан чанар, логик нь машин техник талдаа. Мөн чанарын хувьд энэ ажлын эрэгтэйлэг байдал нь надад илүү таалагддаг юм болов уу. Тэгэхээр хүний зан араншин их чухал байх. Манай компанийн хувьд засвар үйлчилгээний зөвлөхөөр ажилладаг эмэгтэй бий. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс техникийн, засвар үйлчилгээний зөвлөгөө өгдөг учраас энэ нь бас их шинэлэг зүйл. Цаашлаад манай компанид эмэгтэй механик, засварчин байгаа. Ер нь бол эмэгтэй, эрэгтэй хязгаарлалгүй боломжийг бүгдэд олгодог ийм л ажиллахад урамтай, зорилготой, таатай газар даа. Дурлаж хийдэг ажлынхаа цөөн тооны эмэгтэйчүүдийн төлөөлөл болоод оролцож байдагтаа их бахархдаг шүү.

Б.Сальма: Амжилттай, зоригтой, өөрийн түүхээ бүтээдэг хүмүүс Porsche сонгодог (фото 3)


Тэгвэл яагаад Porsche гэдэг брэндийг сонгон ажиллах болсон бэ?

Porsche бол брэндийнхээ хувьд намайг машин гэдэг зүйлд дурлуулсан гэж хэлж болно. Porsche брэндийн концепци, түүх, үнэт зүйл, арга барил, менежмент гээд энэ бүхэн миний хувьд төгс гэж боддог. Хүнийг яг соронз шиг татаад улам өөртөө дурлуулаад, дэргэдээсээ салгадаггүй брэндүүдийн нэг. Би анх таван жилийн өмнө энэ компанид орж байхдаа гоё машин, гоё брэнд л гэсэн ойлголттой төдий л байсан бол өнөөдөр энэ брэндийн бүх зүйлд нь өдрөөс өдөрт улам бүр татагдаж, гүн гүнзгий оржээ. Гол нь намайг яг энэ автомашины салбарт дурлуулаад, ажиллахад хүргэсэн зүйл нь Porsche брэнд нь өөрөө гэж би хардаг. Тэр ч утгаараа Porsche өөрөө 70 гаруй жилийн хугацаанд дэлхийн автомашины салбарт ийм байр суурьтай өнөөдрийг хүртэл оршин тогтнож байгаа гэж бодож байна. Мөн ажилтан бүр лүү чиглэж "чи чухал хүн", "Porsche-гийн гэр бүлийн гишүүн" гэж мэдрүүлж чаддаг юм шиг надад санагддаг. Мэдээж бидний үр дүн бол борлуулалтын тоо мөн боловч бидний урдаа барьдаг зүйл бол харилцагч. Харилцагчдаа хэрхэн өөрсдийгөө бататгах талаас нь фокуслаж ажилладаг. Энэ талаасаа гаргаж байгаа бүх концепци, алсын хараа бүх зорилго, хувьслаа тодорхойлдог. Одоо 2020 он боловч бидний 2030 оны алсын хараа аль хэдийнэ тодорхой болчихсон байгаа. Энэ бүхэн нь өөрөө брэндийг төлөөлж байгаа миний хувьд зөвхөн борлуулалт, тоо, машин, мөнгө гээд ярих биш бүхэлдээ би нэг том ертөнц рүү орсон мэт мэдрэмж өгч, намайг улам уяж, автуулдаг. Салбараа сольсон ч хүмүүс Porsche-д дурласан хэвээр байдаг. Магадгүй би өөр газар ажиллаж байсан бол ийм урам зоригтой байхгүй байсан ч байж мэднэ. 

Ер нь анх бүх зүйл чиний хувьд юунаас эхэлсэн бэ? Яагаад автомашины бизнест ажиллах болов?

Анх 12 жилийн өмнө оюутан байхдаа буюу төгсөх курсдээ өвлийн дадлага хийх зорилгоор анхны ажлын газраа орж байв. Тухайн байгууллага маань техник, тоног төхөөрөмж, машин зардаг гадны компани байсан юм. Миний хувьд энэ гараа нь их зөв байсан гэж боддог. Нэг сарын үйлдвэрийн дадлагыг цалинтай, нийгмийн даатгалын дэвтрээ нээгээд яг ажилтан шиг эхлүүлж байсан нь тухайн үедээ их цөөхөн тохиолдлуудын нэг яг үнэндээ. Дадлага хийх үедээ би бичиг цаас хэвлэж, кофе цай зөөлгүй яг ажилласан. Надад гурван хоногийн дотор бүх хийх ажлыг зааж өгөөд, үлдсэн гурван долоо хоногт нь би яг дэргэдэх ажилтантай яг адилхан энэ зэрэгцээд л ажиллаж байсан. Тэгээд дадлагын хугацаа дуусахад надад цааш үргэлжлүүлж ажиллах санал ирсэн. Тэгээд л дипломоо бичээд л, сүүлийн семестрээ онлайнаар дуусгаад л (шалгалт өгөх болбол очоод өгчихдөг) шууд л ажиллаад эхэлчихсэн.

Б.Сальма: Амжилттай, зоригтой, өөрийн түүхээ бүтээдэг хүмүүс Porsche сонгодог (фото 4)

Ямар мэргэжлээр сурсан бэ?

Олон улсын бизнес менежмент. Ер нь бол хувирах чадвартай мэргэжил. Оюутнуудын хувьд гараа их чухал. Дадлагаа хаана хийхээс хамаараад л цаашдын карьер хэрхэн эргэж, хөгжих нь тодорхойлогддог. Энэ тал дээр би их азтай байсан. Анхны орсон компани бас дэлхийн том брэндийг төлөөлдөг мундаг байгууллага байсан учраас менежмент, соёл, арга барил, бүх үйл явцыг надад заагаад, хүнийг хүмүүжүүлээд, хөгжүүлээд, бэлдээд өгсөн гэж хэлж болно.

Эргээд автомашины сэдэвтээ орцгооё. Porsche-гийн бүх загвараас чиний хамгийн дуртай модель юу вэ? Бас яагаад?

Энэ их хэцүү асуулт байна (инээв). Porsche-гийн онцлог нь их гоё. Спорт, суудлын, SUV гээд бүх ангиллын автомашины сонголттой. Тэгээд ч болоогүй дотроо бас задарчихдаг. Спорт машин дотроо арай илүү залуучууд руу чиглэсэн нь 718. Өөрийн амжилтандаа шагнал болгон авдаг машин нь 911. Арай жижиг спортлог загвар хэрэгтэй байвал Macan. Cayenne-ны сүүлийн загварын явдал нь их гоё тухтай ба машин нь өөрөө илүү зай талбайтай. Panamera бол тансаг байдал, спортлог гүйцэтгэл болон тав тухыг хослуулсан машин гэх мэтчилэн их өргөн сонголттой. Би өөрөө машин барих үнэхээр дуртай. Маш хариуцлагатай машин барьдаг жолооч нарын нэг ч гишгэх газраа гишгэнэ. Яг энэ талаараа надад спортлог, дэгжин Macan тохиромжтой машин болоод байгаа юм.

Гэхдээ бас нэг юм бий. Би Porsche-гийн сургалтын хүрээнд маш олон уралдааны замууд дээр машин барьж үзсэн. Тэр дундаа бүх супер автомашинуудыг барьж үзэж байсан. Тэр хурд, хүч, үзүүлэлтээр нь олон төрлийн брэндийн олон автомашин унаад явж байхад хамгийн тохиромжтой бөгөөд надад таалагдсан нь 911. Миний хувьд хамгийн хурднаар барьж байхад хамгийн гарт орж надад тухтай байсан нь. Нэг бариад үзсэн байхад яах аргагүй 911 хүний сэтгэлд хоногшихоор автомашин. Хэрвээ өөртөө зорилго тавиад авах машинаа тодорхойлбол 911 гэж хариулна. Porsche 911 загвар нь уралдааны зам дээр ч тэр хурд хүчийг гаргадаг атлаа энгийн зам дээр өдөр тутмынхаа амьдрал дээр унаад явах боломжтой машин гэдгээрээ онцлог. 911 бол найман үеийг дамжаад, 70 гаруй жилийн туршид хувьсан өөрчлөгдөөд, шинэчлэгдээд, батлагдаад, төгс төгөлдөржиж ирсэн. Тэгэхээр хэрвээ чи яг намайг нэг загварыг л сонго гэж байгаа бол 911-ийг сонгоё доо (Инээв).

Porsche брэндийн автомашин хурд, эрч хүч, адал явдал, спорттой үргэлж уялдаж ирсэн. Тиймээс ч барууны орнуудад дунд насныхан хямралд орохоороо эсвэл амжилтад хүрэхээрээ Porsche худалдаж авдаг гэсэн ойлголт тархсан байдаг шүү дээ. Харин манай улсын хувьд Porsche брэндийн автомашиныг ямар насны, ямар зан чанартай хүмүүс худалдан авч байна вэ? 

Энэ асуултад хариулахад их сонирхолтой байна л даа. Тийм насны, тийм хүйсийн, тийм хүмүүс авдаг гээд шууд бол хэлж чадахгүй байна. Яг үүгээрээ бас Монголын зах зээл их өвөрмөц байх. Барууны орнуудын амьдралын хэв маяг нь олон зуун жилийн туршид тодорхойлогдчихсон бол Монголд бид бүх зүйлийг нэгэн зэрэг эдлээд амсаад явж байгаа шүү дээ. Тэр утгаараа би одоо харилцагчдын ангилал гаргалаа гэж бодоход үнэхээр манайд 18 наснаас 60 хүртэлх насны хүмүүс бий. Хүйсийн хувьд гэвэл ерөнхийдөө 50/50 хувьтай. Ажил мэргэжлийн хувьд ер нь бүхэл төрлийн бизнес хийдэг хүмүүс байдаг. Холливүүдийн кинонд дүрүүд нь амжилтад хүрэхээрээ хамгийн түрүүнд Porsche худалдаж авж байгаагаар их гардаг. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр хүн өөрийн гэсэн ололт амжилтад хүрэхээрээ өөртөө шагнал болгож Porsche авдаг байх гэж би бодож байна. Гэхдээ заавал мөнгөн дүнгээр хэмжигдэхүйц шагнал болгоод авч байна уу гэвэл бас үгүй. Өөрийн амжилтаа бий болгож, аливаа зүйлсийг илүү өргөн цар хүрээгээр хардаг, гоё чамин зүйлсийг мэдэрч ойлгодог, зоригтой хүмүүс. Тэр хүмүүс сонголтоо арай өөрөөр хийгээд байна шүү дээ. Porsche брэндийн ард чанар, загварын өргөн сонголт, үнэ цэнэ, түүх, хөгжил, цаашдын бодлого, мэргэшсэн мэргэжилтнүүд гээд цогцоороо бүрэлдсэн байдаг. Тэгэхээр тэр бүхнийг мэдээд, мэдрээд сонголтоо хийж байгаа хүмүүс манай харилцагч нар буюу Porsche гэр бүлийн гишүүд гэж бид хэлдэг.

Хэрвээ маркетингийн төлөвлөгөөнөөсөө хуваалцвал ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

Анх орж ирснээсээ хойш бид өнөөдрийг хүртэл жил бүр өөр, өөр сонирхолтой шинэлэг зүйл хийж, түүнийгээ үргэлж өмнөх жилээсээ давуулан биелүүлнэ гэсэн зарчмыг баримталж ирсэн. 2020 онд харилцагчийн болон жолоодлогын арга хэмжээ төдийлөн хийж чадаагүй ч BURO.-той шинэ контент дээр их гоё хамтарсан гэж бодож байгаа. Цаашдаа ч мэдээж хамтраад явна.

2021 онд бид жолоодлогын арга хэмжээнүүддээ анхааран ажиллана. Яах аргагүй Porsche бол "нэг удаа бариад үз" гэдэг стратегитай байдаг. Яагаад бид test drive-г онцлоод байдаг вэ гэхээр би Porsche-г мянган үгээр тайлбарласнаас илүү та нэг л удаа бариад үзчихэд хангалттай. Хүмүүс яг гоё машин бариад, хурдлаад, даваа даваад явах бүртээ сэтгэл хөдлөл үүсгэдэг. Сэтгэл хөдлөлийг бий болгодог зүйл нь яг энэ жолоодлого, машин барих үйл явц байдаг. Тэгээд мэдээж энэ жилийн туршлага дээр үндэслээд цаашид илүү их дижитал, контентууд гаргана. Зөвхөн бид гэлтгүй ер нь бүгд л үүнийг зорьж чиглэж байна.

Б.Сальма: Амжилттай, зоригтой, өөрийн түүхээ бүтээдэг хүмүүс Porsche сонгодог (фото 5)

Дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй амьдрахыг эрмэлзэж байгаа энэ үед цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд улам бүр эрэлттэй болсоор байна. Манай улсын хувьд бүрэн цахилгаан автомашин хөлөглөх боломж бололцоо нь ямар түвшинд байгаа вэ? Porsche ирээдүйд цахилгаан автомашин оруулж ирэх төлөвлөгөө бий юу?

Цахилгаан автомашин бол яг одоогийн дэлхийн автомашины зах зээлийн тренд. Бүх автомашин үйлдвэрлэгчид тодорхой хэмжээнд e-ready буюу цахилгаан автомашинд бэлэн болчихсон, бүгд бүтээгдэхүүнүүдээ гаргаад эхэлчихсэн байгаа. Гол нь зах зээлүүд бэлэн байна уу л гэдэг асуулт гарч ирээд байгаа юм. Манай улсын хувьд бол засгийн газрын хэмжээнд ч тэр, хэрэглэгчдийн хувьд ч тэр, бидний хувьд ч тэр хамгийн их яригдаж байгаа сэдвүүдийн нэг. Porsche одоо улс орнуудын хувьд E-ready гэж нэг шалгуур, үзүүлэлтүүд тавиад байгаа. Тэр шалгуур, үзүүлэлтийн гол хүчин зүйлсийн нэг нь баттерейг дахин боловсруулах, хадгалах, устгах зэрэг зохицуулалт, журам болон эдгээрийн хэрэгжилт юм. Цахилгаан автомашин нь литий зай хураагуур буюу бүр илүү хор хөнөөл ихтэй, илүү аюултай зүйл ангилалд ордог баттерейг ашигладаг учраас яг бодитойгоор ямар үйлдвэрт, хэрхэн дахин боловсруулах талаар яригдаж байгаа. Үүнээс гадна цахилгаан автомашины хувьд дэд бүтэц их чухал. Дэд бүтэц гэдэг нь олон нийтийн цэнэглэх станцууд, in-house буюу гэртээ цэнэглэх боломжууд, цаашлаад цахилгаан хүчдэлийн тооцоолол гээд явна. Яг үүн дээр бид одоо Автомашины дилерүүдийн ассоциаци холбоо, цаашлаад Америкийн худалдааны танхим, Монголын байгаль орчны яам, Зам тээврийн яам, Хотын захиргаатай хамтраад бид ажлын workshop гаргаад ажиллаж байгаа. Бидэнд зай хураагуураа дахин боловсруулах үйлдвэр нь хэрэгтэй. Бид нар өөрсдөө боловсруулахгүй бол аль нэг орон руу гаргах зохицуулалт байдаг. Гэтэл одоогийн байдлаар бид тэгэх боломжгүй байгаа. Монголын хувьд аваад үзэх юм бол цахилгаан автомашинд үйлдвэрлэгч нар бол бэлэн. Чухам бид өөрсдөө хийх сайжруулах зүйлс их байгаа. Бидний харж буйгаар ойрын таван жилд энэ ажлуудыг төслийн хэмжээнд хийхэд цахилгаан автомашин орж ирэхэд бэрхшээлтэй зүйл бол байхгүй гэж бодож байна. Манай компанийн хувьд бол бид өнгөрсөн жилээс үүнд бэлдээд эхэлчихсэн. Борлуулалт, засвар үйлчилгээний багуудад бүх сургалтыг эхэлчихсэн бөгөөд барилга байгууламжийн хувьд ч мөн бэлдээд анхаараад явж байгаа.

Байгаль орчинд ээлтэй байх зорилгоор цахилгаан автомашинд шилжээд байгаа. Нөгөөтээгүүр цахилгаан автомашины зай хураагуур нь байгаль орчинд асар их хор хөнөөл учруулдаг. Тэгэхээр зарим талаараа зөрчилдөөнтэй харагдаж байна?

Яахав хоёр талтай болчхож байгаа юм. Цахилгаан автомашиныг бид байгальд ээлтэй, эко гэж нэрлээд байгаа боловч нөгөөтээгүүр зай хураагуур нь байгальд хортой болчхож байгаа. Тэгэхээр бид эко зүйлийг амьдралдаа хэрэглэхийн тулд хортой зүйлийг нь шийдэх дүрэм журмыг нь гаргах ёстой. Одоо hybrid автомашины аккумулятор гээд байдаг. Өнөөдөр хаана яаж хаягдаж байгаа бол гэсэн асуулт гараад л байгаа. Аккумулятораас ялгарч байгаа хортой бодис нь доошоо хөрс рүү ороод их хор уршиг үзүүлэх аюултай. Тэгэхээр бид Эко байлгахын тулд дахин боловсруулалт хийх, үгүй бол устгалд оруулах ёстой. Аль нь ч байсан зориулалтын мэргэжлийн үйлдвэр хэрэгтэй. Эргээд бид үүнийг зөв хийх гээд л workshop байгуулж, олон талын оролцогчийг оролцуулаад, зөв бодлого л хийх зорилт тавин ажиллаж байна. Хэрвээ бид энэ асуудлаа шийдэж чадвал байгальд ээлтэй шийдэл болон хувирч болно.

Б.Сальма: Амжилттай, зоригтой, өөрийн түүхээ бүтээдэг хүмүүс Porsche сонгодог (фото 6)

Саяхан Их Британийн Brand Finance консалтинг компанийн хийсэн судалгаагаар Porsche дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийн жагсаалтыг тэргүүлсэн байсан. Тэгвэл өөрийн тань бодлоор Porsche брэндийн энэхүү үнэ цэнэ нь юунд оршиж байгаа вэ?

Миний харж байгаагаар Porsche-гийн үнэ цэнэ нь өөрийнх нь түүх, концепци, уламжлал болон ирээдүй рүү чиглэсэн дэвшилтэд техник технологийн гайхалтай хослол, машины дизайн, гүйцэтгэл болон Porsche эзэмшигч төвтэй үйлчилгээ зэрэгт оршдог. Бид өнгөрсөн зүйлсээ хэзээ ч орхилгүй түүх, уламжлалаа хамтад нь аваад хөгжиж явдаг. Вайсихт байрлаж буй хөгжлийн төвд цоо шинэ бүтээгдэхүүн гаргахад 50 сар орчмыг зарцуулдаг. Porsche хангалттай цаг хугацааг технологи, дэвшил, инновацид зориулж, зохиох явцдаа чанартай, хариуцлагатай хандсанаар эцэст нь инженерийн төгс бүтээл гаргадаг. Porsche автомашины концепци нь, хэлбэр нь, хөдөлгүүрийнх нь чимээ нь жолоодлого гээд амин сүнс нь хүний сэтгэлийг хөдөлгөж, догдлуулж чаддаг.

Мөн Porsche төвүүдийг харахад маш их хөрөнгө оруулалт шаардсан брэнд гэдэг нь харагдана. Porsche-гийн өөрсдийн хөрөнгө оруулалтаас гадна дилерүүдийн автомашиныг зарах гэж хийж байгаа бүхий л хөрөнгө оруулалт зэрэг нь нийлээд үнэ цэнийг бий болгож байгаа. Цаашлаад мэдээж автомашины гүйцэтгэл буюу performance яригдана. Одоогоор 72 жил уралдааны зам дээр гарч байгаа спорт автомашины брэнд ба энэ хугацаанд олон ялалт, амжилтыг бий болгож ирсэн. Хэзээ ч хоцрогддоггүй, үргэлж шинэчлэгдэж, хамгийн шилдэг үзүүлэлтүүдээ гаргаж улам ирээдүй рүүгээ чиглэдэг.

Porsche classic буюу сонгодог 1940, 1950, 1960-аад оны загварууд байгаа. Тэдгээр автомашинууд өнөөдрийг хүртэл дуудлага худалдаагаар зарагддаг. Үнэтэй машины цуглуулгад ордог. Эдгээр загваруудын сэлбэг нь хүртэл одоог хүртэл үйлдвэрлэгддэг. Эндээс Porsche өөрийнхөө хийсэн зүйлдээ өнөөдрийг хүртэл үнэнчээр хөрөнгө оруулалт хийсээр, хөгжүүлсээр, улам төгсжүүлсээр байгаа нь харагдана. Эргээд харахад анхны бий болсон концепци, дундын процесс, ирээдүйн алсын хараа энэ бүхэн хаа нэгэн газраа доголдохгүй тасралтгүй явж байдаг. Тэгэхээр бүхэлдээ энэ 70 гаруй жил өөрөө үнэ цэнэ болж байгаа юм болов уу гэж боддог.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх