Хайх

Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?

Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?

Эцэг эхчүүд болон оюутан, сурагчдад өгөх зөвлөгөө

Text: Buro.Mongolia


Дүрэмт хувцсаа индүүдэн өлгөөд, цүнхэндээ шинэ дэвтэр, үзэг балаа эмх цэгцтэй гэгч нь хийж тавиад, хичээл орох өглөөг хүлээн хэвтэхэд шөнө дэндүү урт санагддагсан. Ингээд л хонь, ямаа тоолж хэвтсээр арай гэж есөн сарын нэгэн болж багшдаа бэлдсэн жижигхэн бэлгээ тэврээд, ээж аавдаа хөтлүүлэн сургуульдаа яаран очдог байлаа.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл улс орон даяар эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ үеэр шаардлагатай худалдан авалтуудаас гадна хийж амжуулах ажил, өөртөө дадал болгон бэлдэх зүйлс маш их байдаг. Доор та бүхэнд хичээлийн бэлтгэлээ хэрхэн хийх талаарх зөвлөгөөг гурван хэсэгт хуваан хүргэж байна.


Ямар худалдан авалт хийх вэ?

Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ? (фото 1)

Худалдан авалт хийхдээ тооноос илүү чанар дээр анхаарахыг зөвлөж байна. Ядаж л нэг авсан цүнхээ гурван жил, болж өгвөл үүнээс ч удаан хэрэглэдэг байх нь байгальдаа хайртай, хог хаягдал бага гаргадаг иргэний шинж юм. Мэдээж дэвтэр, бал, цагаан цамц гээд хичээлд хэрэглэгддэг ойлгомжтой зүйлсийг дахин сануулах нь илүүц биз. Харин энэ удаагийн худалдан авалтдаа усны сав, гутлын жижиг алчуур, гарын тос, уруулын тос, шинэ маск (олон хүнтэй газар заавал маск зүүгээрэй), хоолны сав, хураагддаг шүхэр, гар ариутгагч, үсний боолт, жижиг сам, шархны наалт, ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэдэг бол түүнийгээ хийх эмийн сав, ариун цэврийн хэрэглэл зэргийг нэмэн авч, ямар ч нөхцөл байдалд бэлэн байхыг хичээгээрэй.


Эцэг эхчүүд юун дээр анхаарах вэ?

Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ? (фото 2)

Унтлагын тогтмол цаг бий болгох

Зуны гурван сар ихэнх хүүхдүүд нойрны буруу хэмнэлд шилждэг. Тэгвэл эцэг эхчүүд хичээл орохоос хамгийн багадаа долоо хоногийн өмнөөс эхлэн хүүхдээ хичээлд явахтай ижил цагт сэрээж, орой тогтмол эрт унтуулж хэвшүүлэхийг зөвлөж байна. Ингэснээр хичээлийн өдөр эрт сэрэх нь хүүхдэд тийм ч хэцүү санагдахгүй байх болно.

Дархлаа дэмжих

Зуны амралтаар агаарт сайн гаргаж дархлааг нь дэмжсэн бол одооноос хоол хүнс болон шаардлагатай нэмэлт витаминуудаар үргэлжлүүлээрэй. Хүүхдийн дархлааг сайн байлгах хамгийн энгийн гурван арга бол нойр, хоол, агаар байдаг. Тэр тусмаа цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүд ханиад томуу ихтэй энэ үед давстай усанд оруулж, тосон иллэг хийх зэргээр нэлээд анхаарал хандуулах шаардлагатай юм.

Зөв хооллолт

Ямар ч ажилтай байсан хүүхдүүддээ өглөөний цайг заавал уулгаж байгаарай. Эрүүл өглөөний цай тогтмол ууж сурах нь олон төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх томоохон арга. Мөн дүүрэн устай усны савыг цүнхэндээ авч явахыг дадал болгох чухал. Ингэснээр хүүхэд чихэр ихтэй ундаа, шүүснээс татгалзаж сурах болно.

Чанартай хувцас

Нэг жил эсвэл нэг улирал өмсөөд л урагддаг, ганддаг хямд, чанар муутай хувцаснаас аль болох татгалзахыг хичээгээрэй. Энэ нь хүүхдийн биед тухгүй байж, ямар нэгэн харшил, өвчлөл үүсгэх магадлалтайгаас гадна маш их хог хаягдал бий болгоно.

Хамт цагийг өнгөрөөх 

Хичээл, ажил ороод эхлэхээр бүгд л өглөө гараад орой цуглардаг хэмнэлтэй болчихдог. Ядаж л орой гэр бүлээрээ цуглараад утас, зурагт, компьютероос холдон хамтдаа хооллож, өдөр болсон зүйлсээ ярилцаж, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом тоглож өнгөрүүлээрэй. Эцэг эхтэйгээ хамт өнгөрөөх цаг хүүхдийн хүмүүжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.


Оюутан, сурагчдад өгөх зөвлөгөө

Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ? (фото 3)

Номын санд суух

Хичээл ормогц шууд л номын санд бүртгүүлэхийг зөвлөж байна. Чимээгүй, сатаарах зүйлгүй газар хичээл хийх нь маш үр дүнтэй арга. Яг маргааш гэж хойшлуулсаар байтал нэг л мэдэхэд хичээлийн жил дуусчихсан байдаг. Өмнө нь бодож байсан ч хийж амждаггүй байсан зүйлсээ өөртөө хатуу зорилго тавин яг одооноос эхлүүлээрэй.

Эрт босох

Өмнөх орой нь хэрэгтэй зүйлсээ бэлдэж тавиад, өглөө шууд аваад гарах нь цаг хэмнэх гайхалтай арга. Ажлыг хэт тулгаж хийх нь замбараагүй байдал бий болгох, хичээлээс хоцроох, бухимдуулах зэрэг олон сул талтай. Ядаж л хичээл эхлэхээс 15 минутын өмнө сургууль дээрээ оччихсон байх нь бүх талаараа зөв цагийн зохицуулалт юм шүү.

Ус уух

Яаж ч яарч байсан өглөөд заавал нэг аяга ус ууж байгаарай. Ус уух нь эрүүл мэндэд хэрэгтэйгээс гадна тухайн өдрийг эрч хүчтэй эхлүүлэхэд тусална. Мөн усны савыг биедээ үргэлж авч явахаа мартуузай.

Утасны хэрэглээг хязгаарлах

Мэдээж хэрэглэж болох ч хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь утасны хэт их хэргэлээ хүний тархи болоод биеийг маш их ядраадаг. Хичээл эхлэхээр хамгийн их хэрэглэдэг аппликэйшнууд дээрээ цагийн хязгаарлалт тавиарай. Ингэснээр өдрийн хэрэглээний хязгаар болмогц тухайн аппликэйшн автоматаар гарах болно. Орой унтахаасаа өмнө утас оролдохоос илүүтэйгээр зөөлөн хөгжим сонсох, ном унших, хөнгөн дасгал хийх зэргээр өөрийгөө амраахыг хичээгээрэй.

Сайн төлөвлөх

Ялангуяа ахлах анги руу дэвшиж эсвэл шинээр оюутан болж байгаа бол төлөвлөгөөгөө нарийн гаргах маш чухал. Ахлах ангийн сурагчид ямар мэргэжлээр, хаана суралцах талаар бодож, цаашлаад бүр шийдвэрээ гаргаад түүндээ бэлдэж эхлэх хэрэгтэй. Гадаад хэлийг гүнзгийрүүлэн судлах, шалгалтын оноотой болох, сайн дурын үйл ажиллагаанд оролцох, улирлын дүнгээ сайн гаргах зэрэг хийх зүйлс дэндүү их учраас хичээл ормогц хугацаа заасан, нарийн төлөвлөгөө гаргаарай. Харин оюутнуудын хувьд мэргэжлийнхээ дагуу дадлага хийх компани олж, мэргэжлийн хичээлүүдээ маш анхааралтай судалж, багш болоод ангийнхантайгаа үргэлж холбоотой ажиллаж, сонгосон мэргэжилдээ эзэн болон төгсөхийг зөвлөж байна.

Мөн шинэ сургуульд шилжин орж байгаа тохиолдолд хичээл эхлэхээс өмнө сургуультайгаа урьдчилж танилцах, багш болон ангийнхантайгаа холбоо тогтоох нь хичээлийн эхний өдрийг илүү хялбар даван туулахад туслах болно.

Бүх дүү нартаа удахгүй болох хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэхийн сацуу сурлага, бүтээлийн өндөр амжилтыг хүсэж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх