Хайх

Lunch with Buro: Дизайнер Niima минимал хэрэглээ, аз жаргал болон өөрийгөө олох талаар ярилаа

Lunch with Buro: Дизайнер Niima минимал хэрэглээ, аз жаргал болон өөрийгөө олох талаар ярилаа

Text: Г.Тэмүүлэн


Зураг: Бат-Очир (BG IC)

Урлаг соёл, загвар, нийгэм гээд салбар, салбарт ажилладаг олны танил хүмүүсийг бид өдрийн хоолонд урин хүссэн сэдвээрээ ярилцдаг Lunch with Buro нэртэй цоо шинэ ярилцлагын буланг эхлүүлж байна. Ярилцлагын зочин бүр уулзах газар болон цагаа өөрөө сонгон товлох бөгөөд зоогийн үеэр өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн бүх сэдвээрээ ярилцаж болно. Шинэхэн булангийн маань анхны зочноор 93//Kidult брэндийн дизайнер М.Нямсүрэн буюу Niima оролцож, брэндийн шинэ цуглуулга хэзээ гарах, минимал амьдарна гэдэг нь түүний хувьд яг юуг илэрхийлдэг, аз жаргал гэж юу болох, ээж болсноор хэрхэн өөрчлөгдсөн зэрэг өөрийн ертөнцийн олон сонирхолтой зүйлсийг бидэнтэй хуваалцлаа.

Богино загвартай өдөн куртка, хар өнгийн хоолойтой цамц, шулуун, хөх жийнс болон Dr.Martens-ийн комбат гутал өмссөн Niima бидний хэлж заншсанаар Хүүхдийн 100-н California рестораны хаалгаар товлосон цагтаа инээмсэглэл цацруулан орж ирсэн юм. Хэрвээ түүнийг танихгүй хүн харсан бол шинэ үеийн авьяаслаг дизайнер гэхээсээ илүүтэй ахлах сургуулийн сурагч эсвэл энгийн л нэг оюутан гэж андуурахаар. Магадгүй түүний энэ энгийн хувцаслалт нь олны анхааралд өртөх дургүй, даруухан зан чанарынх нь илэрхийлэл ч байж болох юм.

Гадаа сэрүүхэн, салхитай бүрхэг өдөр байсан учир бид танхимын нар туссан, хамгийн гэгээтэй хэсгийг сонгон ширээндээ тухалж, халуун цай захиаллаа. Түүнээс өдрийн хоолондоо юу идэхийг нь асуутал тэрээр хоолны цэсийг бараг л нээж харалгүй "тахианы махтай пенне паста" хэмээн итгэл дүүрэн хариуллаа. Тэрээр "California-гийн өглөөний цай нь гоё санагддаг. Би ер нь ресторануудын пенне пастаг туршиж үзэх дуртай. Одоогоор эднийх надад таалагдаад байгаа" хэмээн өөрийн сонголтоо тайлбарласан юм.

Халуун цайгаа ойчин уух зуураа яриа өдөх зорилгоор боловсон харилцааны дүрмийн дагуу цаг агаарын талаар ярилцан түүнийг ажиглатал ядам болон долоовор хуруундаа зүүсэн "Инь янь" тэмдэгтэй, мөн нил ягаан өнгийн чулуутай хоёр жижиг бөгж өөрийн эрхгүй хамгийн түрүүнд анхаарал татлаа. Энэ талаар түүнээс сонирхтол "Хуруу болгон өөрийн гэсэн утга агуулгатай. Ядам хуруу бол уран сэтгэмж, бүтээлч байдлыг илэрхийлдэг. Энэ хуруундаа инь янь тэмдэгтэй бөгж зүүсэн нь тэнцвэрийг илтгэж байгаа. Бүх зүйл хоорондоо хэлхэлдэж явдаг учраас аливаа зүйлийг хүчлэх л юм бол гинж тасарна. Тиймээс уран сэтгэмж бүтээлч байдлаа хэт хүчлэх шаардлагагүй. Хэрвээ надад бүтээлч санаа төрөхгүй бол тэр л биз. Харин ороод ирвэл би хүлээж аваад хэрэгжүүлнэ. Би маш сайн тэнцвэрийг барих ёстой гэдгээ өөртөө сануулж байгаа. Харин долоовор хуруу бол эр зоригийн буюу удирдагч хуруу. Удирдагч хуруундаа өөрийн ордны ивээл чулууг зүүсэн. Энэ бөгжийг зүүснээрээ би өөрийгөө чиглүүлж, өөртөө зориг өгч байгаа. Ер нь бол удирдагч бай, бас тэнцвэрээ хадгал гэсэн санааг илэрхийлж байгаа юм" хэмээн өхөөрдөм загвартай атлаа гүн гүнзгий утга агуулгатай аксесуаруудаа тайлбарлалаа.

Lunch with Buro: Дизайнер Niima минимал хэрэглээ, аз жаргал болон өөрийгөө олох талаар ярилаа (фото 1)
Lunch with Buro: Дизайнер Niima минимал хэрэглээ, аз жаргал болон өөрийгөө олох талаар ярилаа (фото 2)

Ийнхүү бидний яриа аажмаар зурхайн сэдэв рүү хазайж, хувь хүний зан араншин од эрхсийн нөлөөлөлд хэрхэн өөрчлөгддөг талаар яриа өрнүүлэв. Тэрээр миний төрсөн ордыг асуун, зан чанарыг маань шинжихийн зэрэгцээ хүн бүр зөвхөн нэг ордны зан араншинтай хэзээ ч байдаггүйг дурдаж, нөхцөл байдлаасаа шалтгаалан өөр, өөр ордны мөн чанар хүн бүрт илэрч байдгийг надад хэлсэн юм. Niima хонины ордонд төрсөн бөгөөд өдөр тутмын зурхай барагтаа л бол уншдаггүй. Хэрвээ унших бол нарны ордны, мандалт ордны, сарны ордны гээд нийт гурван төрлийн зурхай уншдаг. Тэрээр өөрөө өөрийгөө илүү сайн таньж мэдэн, өөрийнхөө доторх зөрчилдөөнийг ойлгохын тулд зурхай судалж эхэлсэн гэдгээ хуваалцаж "Би ер нь өөрийгөө бүрэн дүүрэн таньж чадаагүй байгаа. Хүн ер нь үхэн үхтлээ л өөрийгөө таньж, сурч, мэдэж авдаг. Ойлгосон зүйл нь хүнийг шүүж, шүүмжилж болохгүй. Үүний оронд хүнийг таньж мэдэж, ойлгох нь чухал юм байна гэдгийг ухаарсан. Ингэх юм бол чи өөрөө өөрийгөө ч таньж мэдэх байх гэж бодсон" гэж хэлсэн нь хүүхдэрхүү гэмээр гэнэн төрхийн ард маш төлөвшсөн хүн байгааг илтгэж байв.

Өдрийн хоолоо идэх зуураа бидний яриа ажил хэргийн өнгө аястай болж, 93//Kidult-ын шинэ цуглуулга, хамгийн сүүлд оролцсон сурталчилгаа зэргээс нь асууж ярилцлаа. Түүний үүсгэн байгуулсан брэндийн хувьд залууст зориулсан streetwear загваруудыг цөөн тоогоор урладаг бөгөөд худалдан авах гэсээр байтал аль хэдийнэ дууссан байдаг тул cool хувцаслахыг хүссэн хүмүүс коллекци бүрийг нь тэсэн ядан хүлээдэг уламжлал тогтжээ. Тэгвэл Niima тун удахгүй цоо шинэ коллекци, бүр тодруулбал байгаль орчин руу чиглэсэн томоохон төсөл танилцуулахаар төлөвлөж байгаа хэмээн бидэнд сайхан мэдээ дуулгасан юм. Хэрвээ анзаарсан бол 93//Kidult брэндийн цуглуулга бүр ямар нэгэн хийсвэр, огт байхгүй зүйлээс урам авахаас илүү бодит байдлаас сэдэвлэгдэж, нийгмийн ямар нэг асуудлуудыг хөндсөн байдаг. Энэ талаар тэрээр хэлэхдээ "Шинэ коллекци 2021 он хүртэл үргэлжилнэ. Эхний ээлжид Part1 гарна. Би ер нь цуглуулгаа бүтээхдээ хийсвэр зүйлээс санаа авахыг хүсдэггүй. Харин бодит байдал, нийгэмд тулгарч байгаа асуудлуудыг хөндөж, үүнд тулгуурлан сэдэл авч ажилладаг. Энэ удаад би цөлжилтийн эсрэг уриатай шинэ коллекци гаргаж байгаа. Цөлжилтийн талаар хувцаснуудаараа дамжуулж залууст мэдээлэл өгөх бодолтой байна" гэсэн юм.

"Ойлгосон зүйл нь хүнийг шүүж, шүүмжилж болохгүй. Үүний оронд хүнийг таньж мэдэж, ойлгох нь чухал юм байна гэдгийг ухаарсан."

"Ойлгосон зүйл нь хүнийг шүүж, шүүмжилж болохгүй. Үүний оронд хүнийг таньж мэдэж, ойлгох нь чухал юм байна гэдгийг ухаарсан."

Ерөнхийдөө бүтээлч ажил хийдэг хүмүүс хаанаас урам зоригоо авдаг бол гэсэн бодол хэзээд хүмүүсийн сонирхлыг татаж ирсэн. Миний хувьд ч мөн ялгаагүй брэндийн нэрийн утга учир, бүтээлч санаа хаанаас ундардаг гэх зэрэг сонирхол татсан асуултууд ярилцлагын үеэр толгойд эргэлдэж байсан бөгөөд нэгэнт бидний яриа энэ сэдэв рүү орсон тул боломж гарсан дээр нь асуухаар шийдэв. Нэрийн хувьд Kid/Adult гэх үгсийг нэгтгэн, хүүхдээрээ том болж, хүсэл мөрөөдлөө орхилгүй харин ч түүнийхээ араас эрч хүчтэй явахын илэрхийлэл болгон Kidult хэмээх нэрийг өгчээ. Харин цуглуулга урлах үйл явцын хувьд түүнд гүн сэтгэгдэл үлдээж, ямар нэг зүйлийг ойлгуулсан зүйлсээс урам зоригоо авдаг байна. "Нийгэмд болж буй асуудлууд, хар бараан зүйлсээс юм хийх хүчээ авдаг. Би тухайн асуудалд сэтгэлээр унах биш харин яаж өөрийн хувь нэмрээ оруулах уу, яаж тусалж чадах уу гэж бодохоор урам зориг авдаг. Дизайн хэдий төсөөллөөр бий болдог ч тулах цэг, зорилго нь намайг зовоодог, шийдэгдэхгүй байгаа зүйлс байдаг. Үүнийг би дизайндаа тусгаж, эргүүлээд өөрийн дуу хоолойг хүргэж, зөв чиглүүлж өгөх нь миний зорилго. Энэ бүхнийг би дотор байдаг гял цал болсон хүнээрээ төлөөлүүлж дизайн болгож гаргадаг" гэж уран бүтээлийнхээ үйл явцыг ярилаа.

Lunch with Buro: Дизайнер Niima минимал хэрэглээ, аз жаргал болон өөрийгөө олох талаар ярилаа (фото 3)

Хувцас дизайнаас гадна тэрээр хамгийн сүүлд Mobicom корпорацын "Минимал горимд шилжье" гэх уриатай "Hybrid" багцын нүүр царайгаар сонгогдон ажилласан байгаа. Орчин үед дэлхий нийтээрээ хэрэгцээгүй хэрэглээгээ танаж, зөвхөн шаардлагатай зүйлсээ худалдан авч, дор бүрнээ минимал амьдрахыг хичээх болсон энэ үед Монголын томоохон үүрэн холбооны оператор компани ч мөн адил хэрэглэгчдэдээ зөвхөн өөрийн хэрэглээнд тохирсон үйлчилгээг сонгох боломжтой шинэ хосолсон төлбөрт үйлчилгээг танилцуулсан юм. Тэгвэл энэ үйлчилгээний шинэхэн нүүр царайгаар сонгогдсон тэрээр "Надад хэрэглээгээ багасгаж амьдаръя гэсэн уриа их таалагддаг. Өдөр тутамдаа ч энэ уриан дор амьдрахыг боддог учраас энэ концепц нь таалагдаж санал тавихад нь шууд л зөвшөөрсөн. Үүний зэрэгцээ видео сурталчилгаа дээр ажиллаж үзэх надад шинэ туршлага болсон. Mobicom корпорацтай хамтарч ажиллахад үнэхээр таатай, гоё байсан" хэмээн хамтын ажиллагааны туршлагаасаа тэрээр бидэнтэй хуваалцсан юм. "Миний хувьд минимализмийг гүн гүнзгий судалдаг, ийм горимд амьдардаг хүн бол биш боловч амьдралдаа үргэлж хэрэгжүүлэхийг хүсдэг. Жишээ нь хувцаслалт, гоо сайхны бүтээгдэхүүний хувьд би маш бага хэрэглээтэй байхыг хүсдэг. Хамгийн гол нь чанартай, цөөхөн эд зүйлстэй байхыг эрмэлздэг бөгөөд энэ нь миний хэрэгжүүлж байгаа минимал амьдралын хэв маяг гэж боддог".

Үнэхээр ч 93//Kidult брэндийг бодолдоо төсөөлөөд, Niima-г харвал хоорондоо маш ондоо. Оверсайз загвар, геометрийн хэлбэр дүрс болон тод өнгөнүүд брэндийн хэв маягт шингэсэн байдаг бол үүнийг урладаг дизайнерын хувьд эсрэгээрээ хар бараан эсвэл саармаг өнгөөр дагнасан энгийн хувцаснуудыг өдөр тутамдаа өмсдөг. Тэрээр "93//Kidult бол миний дотор байдаг хүн. Нэг ёсондоо Kidult-аар дамжуулж дотор байдаг хүнээ, өөрийнхөө төсөөллийн ертөнцийг бий болгодог. Харин гаднах байдал дээрээ хүмүүсийн хараанд өртөхөөргүй нэгэн жигд өнгөөр хувцасладаг. Ингэх нь надад илүү тухтай мэдрэмж төрүүлдэг. Өөрийгөө ил тод харуулах бус жоохон нуугдмал байх дуртай. Саарал, хөх цэнхэр зэрэг аль болох байгалийн өнгөтэй, нэг сул, нэг бариу жийнстэй. Бас хоолойтой цамцыг насан туршдаа өмсөх байхаа. Мөн цагаан футболка. Ер нь иймэрхүү л хэдхэн хувцастай. Гял цал хувцаснуудыг өдөр тутамдаа өмсөж чаддаггүй юм" хэмээн даруухан инээмсэглэн тайлбарласны дараа бидний яриа ажил хэрэг, хувцасны шүүгээнээс гэр бүл, хувийн амьдралын талбар луу шилжсэн юм.

"Чанартай, цөөхөн эд зүйлстэй байхыг эрмэлздэг бөгөөд энэ нь миний хэрэгжүүлж байгаа минимал амьдралын хэв маяг гэж боддог."

"Чанартай, цөөхөн эд зүйлстэй байхыг эрмэлздэг бөгөөд энэ нь миний хэрэгжүүлж байгаа минимал амьдралын хэв маяг гэж боддог."

Түүнээс би цаг заваа хэрхэн зохицуулж байгаа талаар асуутал "Яг үнэнийг хэлэхэд гэр бүл, ажил, өөртөө зориулах цагаа зохицуулж чадахгүй байгаа. Миний мэргэжил ажил маш их цагийг шаарддаг учраас би гэр бүлдээ хангалттай цагийг гаргаж чаддаггүй. Замын түгжрэл гэх зэрэг надаас хамааралгүй зүйлс надад садаа болж, миний цагаас их иддэг. Ажлаа илүү сайн хийгээд, илүү хөгжүүлээд цагаа зохицуулж чадах байх гэж бодож байна. Одоогоор ажилдаа илүү төвлөрч байгаа. Хааяа ууланд гарч, явган аялал хийж өөртөө цаг гаргадаг. Би ер нь алхаж, байгальд гарч бодлоо цэгцлэн амардаг" гэв.

Niima үндсэн мэргэжил болох дизайнераар ажиллаж, хааяа сурталчилгаанд оролцохын зэрэгцээ хүүгээ өсгөдөг. Ээж болсноор тэрээр хувь хүний хувьд маш их өөрчлөгджээ. "Ээж болсноороо би илүү хариуцлагатай, хүлээцтэй, асуудалд тайван ханддаг болж сурсан. Мөн ээж болсноосоо хойш хайрын энерги ялгаруулдаг болсон. Юм болгоныг хайрын нүдээр хардаг, их өрөвч болсон юм уу даа. Ямар нэг зүйлийг өнгөн талаас нь дүгнэж, өнгөцхөн хандаж болохгүй гэдгийг сурсан. Хүмүүст санаа тавьдаг, ээж шиг нь хандаад байдаг болохоор манай найзууд намайг чи яг ээж шиг гээд шоолоод байдаг. Хүнийг хурдан ойлгож, уучилж, өнгөрөөх зүйлийг нь өнгөрөөж сурсан. Би ээж болсондоо маш их баяртай байдаг. Маш олон зүйлсийг сурч авсан. Одооны миний байгаа хүн бол ерөөсөө л тэр шүү дээ" гэж хэлснээр түүнээс ялгарч байгаа зөөлөн, дулаан бараг л халамжтай гэмээр энерги надад хүртэл мэдрэгдэв.

Lunch with Buro: Дизайнер Niima минимал хэрэглээ, аз жаргал болон өөрийгөө олох талаар ярилаа (фото 4)

Бид өдөр тутмын амьдралын талаар ярилцах үед тэрээр бие болоод сэтгэл зүйн хувьд эрч хүчээ сэлбэхийн тулд амрах хамгийн чухал гэдгийг дурдаж байв. "Бие организмын хувьд мэдээж амрах ёстой. Амарч, өөрийгөө тайван байлгах зүйлсийг хийдэг. Угаасаа ядраад ирэхээр цаанаасаа нозоороод юу ч хийж чадахаа больчихдог. Би маш их унтдаг. Сэтгэл санааны хувьд би хүмүүстэй маш их ярилцдаг. Асуудлын шийдэлд хүрэхгүй л бол тайвширч чаддаггүй. Намайг ойлгоно гэсэн хүмүүстэйгээ их ярилцдаг. Хэн нэгэнтэй ярилцахгүйгээр сэтгэл санааны хувьд асуудлаа өөрөө даван туулж чаддаггүй тул шийдэл олтлоо ярилцана. Хүний асуудлыг сонсож, шийдэж өгөхөөрөө бас би өөрөө эдгэрдэг. Харилцаа их чухал юм байна" гэж тэрээр бодолд автан дотроо дүгнэлт хийж байгаа нь анзаарагдаж байлаа.

"Ээж болсноороо би илүү хариуцлагатай, хүлээцтэй, асуудалд тайван ханддаг болж сурсан. Мөн ээж болсноосоо хойш хайрын энерги ялгаруулдаг болсон."

"Ээж болсноороо би илүү хариуцлагатай, хүлээцтэй, асуудалд тайван ханддаг болж сурсан. Мөн ээж болсноосоо хойш хайрын энерги ялгаруулдаг болсон."

Бүх зүйлд амжилт гаргахаас илүүтэй амьдралын жижиг зүйлсийг таашааж аз жаргалтай байх нь өнөө үед илүү чухал болсныг хүн бүр дотроо ухамсарлах болсон биз ээ. Ийм сэдэвтэй постуудыг ч Niima-гийн Instagram-аас харж байсан учраас түүнээс энэ зарчмыг илүү дэлгэрүүлж асуутал "Хүн аз жаргалтай л байвал амжилт тийм ч чухал биш. Заавал амжилтад хүрэх гээд өдөр шөнөгүй хичээгээд байх шаардлагагүй. Хүн аз жаргалтай л байх хэрэгтэй. Аз жаргалтай хором мөч бүрийг таашааж амьдрах ёстой гэж боддог. Тэгж байж л амьдрал аз жаргалтай болдог юм билээ. Өдөр тутамдаа аз жаргалтай хормыг мэдэрснээр хүн эрч хүчийг өөртөө цуглуулдаг. Өөдрөг байснаараа хүмүүс ажлаа ч сайн хийнэ, давхар амжилтад ч хүрнэ. Сайн сайхан харагдах гэж хичээх хэрэггүй. Яг л байгаагаараа байх нь гоё" гэж тэрээр хариулсан юм.

"Хамгийн аз жаргалтай дурсамжаасаа хуваалцвал гэр бүл, аав ээжид ямар нэгэн гоё баярт үйл явдал тохиох, би өөрөө ямар нэг зүйлд ахиц гаргах гээд зөндөө аз жаргалтай мөчүүд бий. Хамгийн их аз жаргал мэдрүүлсэн мөч гэвэл хүүхдээ төрүүлсний дараах мөчийг нэрлэнэ. Удаан хүлээсэн. Бид хоёр гарч ирээд гэртээ ирээд хүүхдийнхээ бүх детальтай танилцдаг тэр үед л би хамгийн аз жаргалтай байсан. Яг бүрэн бүтэн мэдэрсэн. Шинэ амьдрал над дээр ирж байгаа бас би хүнд шинэ амьдрал бэлэглэсэн гэдэг утгаараа хамгийн том аз жаргал байсан. Бас миний хийсэн хамгийн том ажлуудын нэг гэж би боддог. Мөн хүн ямар нэг зүйлийн ард гарахаараа сэтгэл нь тайвшраад үнэхээр их аз жаргалыг мэдэрдэг шүү дээ. Жишээ нь шинэ коллекци гарч, зарлагдаад, дууссаны дараа аз жаргал мэдрэгддэг. Ер нь том ажлын дараа гарсан ямар ч хүн аз жаргалтай болдог" гэж тэрээр ярьж байлаа.

Lunch with Buro: Дизайнер Niima минимал хэрэглээ, аз жаргал болон өөрийгөө олох талаар ярилаа (фото 5)

Ирээдүйн төлөвлөгөөг асуулгүй өнгөрч чадаагүй тул би түүнээс ойрын хугацаанд ямар зүйлс хийж бүтээх гэж байгаа талаар нь лавласан юм. "Би магистраар Монголдоо сурах гэж байгаа. Би түүх, философид их дуртай. Зөндөө удаан бодсоны эцэст үүн дээрээ тулгуурлаад урлаг судлалаар сурах бодолтой байгаа. Яагаад урлаг судлал вэ гэхээр урлагаар дамжуулж олон зүйлсийг тайлбарлаж болдог. Урлаг бүтээгчид юуг зорьж байгаа, юу сэдэл өгсөн зэрэг нь надад маш сонирхолтой санагддаг. Мөн Монгол хүний ялгарах шинж чанар нь юу вэ, Монгол хүн урлагаар дамжуулж хэрхэн өөрийгөө илэрхийлдэг юм гээд цаад утга учрыг нь олохыг хүсэж байгаа. Энэ бүхнийг судалмаар байна. Онцлог шинжийг нь тодорхойлмоор байна. Тийм ч учраас би урлаг судлалаар сурахаар шийдсэн" гэж ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцлаа. Магадгүй дизайнер хүн урлаг судлаачийн мэргэжлээр суралцах нь хэн нэгэнд огцом мэргэжлээ сольж байгаа мэт санагдаж болох ч түүний хэлснээр дизайн бол битүү судалгаа гэнэ.

Эцэст нь Niima "Надад нэг хүний яриа маш их урам зориг өгсөн. Би өмнө нь дизайнер гэж яг хэн юм бэ гэж дотроо их төөрөгдөлтэй байдаг байсан. Би түүний үгийг сонсоод дизайнер гэдгийг өөрөө, өөртөө тодорхойлсон. Дизайнер бол зүгээр аялагч. Аялагч хүн очих цэгээ мэдэхгүй ч урагшаа яваад л байдаг. Очих газраа очиж байж зорилго нь тодорхой болдог. Хамгийн гол зорилго нь шинэ зүйл нээх. Шинэ зүйл бол хөдөлгөх хүч нь байдаг. Дизайнер хүн бол яг л аялагч юм гэдгийг өөртөө тодорхойлсон. Би ч гэсэн яг аялагч шиг байна. Насан туршдаа аялж, үргэлж урагш алхаж явна. Гэхдээ миний очих цэг тодорхой биш ч би юу хийхээ мэднэ. Тэр нь юу вэ гэхээр би үргэлж шинэ зүйлийг зорьж урагшаа алхана" гэж тэрээр итгэл дүүрэн хэлснээр бидний яриа өндөрлөсөн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх