Хайх

IELTS шалгалтад бэлдэхэд туслах Youtube сувгууд

IELTS шалгалтад бэлдэхэд туслах Youtube сувгууд

Хүссэн оноогоо авахад тань туслана

Text: Buro.Mongolia


IELTS шалгалтад бие даан бэлдэхээр төлөвлөж буй ч хэрхэн яаж, юунаас эхлэх, яг ямар арга техник чухал хэрэгтэй талаарх ойлголт бага байгаа бол шалгалттай холбоотой зөвлөгөө, мэдээлэл, хичээлүүдийг үнэ төлбөргүй санал болгодог дараах таван Youtube сувгийг тэмдэглээд аваарай. Дэлхийн 140 оронд хүлээн зөвшөөрөгддөг IELTS шалгалтын оноотой болсноор амьдралд тань гарах өөрчлөлтүүдийг толгойдоо буулган, ахин хойшлуулалгүйгээр яг одоогоос эхлэн өөрийгөө сорин, зорилгодоо хүрэх алхмаа зоригтойгоор эхлүүлэхийг уриалж байна.


Ross IELTS Academy

Ross IELTS Academy нь 10 гаруй жилийн туршлагатай IELTS шалгалтад бэлддэг мэргэжлийн институт юм. 100% онлайн дээр суурилдаг энэхүү институт нь Канад, Австрали, Англи, Иран улсын мэргэжлийн багш нараар багаа бүрдүүлсэн бөгөөд өөрсдийн YouTube хуудсаараа дамжуулан маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг үнэ төлбөргүй олгодгоороо алдартай.


IELTS Daily

IELTS Daily нь вебсайт болон YouTube хуудсаар дамжуулан хамгийн богино хугацаанд, үр дүнтэйгээр сонсох, бичих, ярих, унших чадваруудыг сайжруулж, өндөр оноо авах арга техникийг сонирхолтой, хялбар аргаар зааж өгдөг. Өөрсдийн багийг мэдээж маш их туршлагатай, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлсэн байдаг.


English Speaking Success 

IELTS шалгалтад бие даан бэлдэхэд хамгийн хэцүү нь өөрийн ярих чадварыг сайжруулах байдаг. Учир нь бид англи хэлийг өдөр тутмын хэрэглээ болгож, сурсан шинэ үгсээ байнга ашиглаж байж л ярих чадвар сайжрах боломжтой. Тэр дундаа IELTS шалгалтын ярих хэсэг нь шалгуулагчийн үгийн сонголт, дүрэм зэргийг ихээхэн анхаардаг ба энэ бүгдэд English Speaking Success хуудас нь маш сайн суурь мэдлэгийг олгох болно.


TOP IELTS TEST

Хагас сая гаруй дагагчтай TOP IELTS TEST хуудаснаас бодит IELTS-ийн шалгалтын материалууд болон тэдгээрийн хариултыг ч харж болдог учир бие даан шалгалтад бэлдэж буй хүмүүс өөрийгөө хянаад явах бүрэн боломжийг олгодог. Мөн тэдний ieltstester.com вебсайтаар зочлон IELTS шалгалттай холбоотой шинэ үгс, жишээ дасгал, дүрэм зэрэг олон сонирхолтой, хэрэгтэй мэдээллүүдийг ч нэмэлтээр авах боломжтой юм.


BestMyTest

BestMyTest нь мөн л өөрсдийн вебсайт болон YouTube хуудсаар дамжуулан дан ганц IELTS бус TOEFL шалгалттай холбоотой зөвлөгөө, хичээлүүдийг маш дэлгэрэнгүй хүргэдэг. Жишээлбэл, бичих хэсэг дээр график тайлбарлахад хэрэгтэй үгс, сонсох хэсэгт цаг хугацаа, мөн газрын зургийн талаар ярьж буй үед ямар техник ашиглах ёстой зэрэг олон чухал зүйлсийг тайлбарлаж өгөх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх