Хайх

Ерөнхийлөгчийн зоогийн ширээнээс эхлээд Met Gala үдэшлэгийг чимсэн Lenox брэнд

Ерөнхийлөгчийн зоогийн ширээнээс эхлээд Met Gala үдэшлэгийг чимсэн Lenox брэнд

130 нас хүрлээ

Text: Buro.Mongolia


Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдсэн оройн зоог, найз нөхдөөрөө цуглан хөгжилдөх коктейль үдэшлэг, албан ёсны дресс кодтой хүлээн авалт гээд онцгой хором мөч бүрт зоогийн ширээг чимэглэн, хормын зуур цэмцгэр, тансаг уур амьсгал бүрдүүлдэг шаазан эдлэлийг төсөөлөхөд үргэлж Lenox гэх нэр хамгийн түрүүнд бодолд орж ирдэг. Өдгөө 130 жилийн баялаг түүхтэй Lenox брэнд Монголд албан ёсоор танилцуулагдаад яг гурван жил болж байна. Тус брэндийн албан ёсны дистрибьютор Lenox Mongolia нь 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн аяга тавагны цуглуулгаар хязгаарлагдахгүй тансаг шилэн болон болор эдлэл, хамгийн сайн чанарын халбага сэрээний иж бүрдэл, гэрийн дотоод чимэглэл, бэлэг дурсгал зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг Монгол хэрэглэгчдэд санал болгож байгаа билээ.

Цаас шиг нимгэн атлаа гадны нөлөөнд тэсвэртэй тус брэндийн гангар шаазан эдлэлүүд нь үе дамжин өвлөгдөх үнэ цэнэтэй бүтээлд тооцогддог нь учиртай. Нарийн хийц болон гоёмсог дизайныг хослуулан урласан сүү мэт тунгалаг гангар шаазангаараа 130 жилийн турш гайхагдаж буй Lenox брэндийн амжилтын түүхийг эргэн сөхөж, хэрхэн үеэс үед гэр бүл болон найз нөхдийн тэмдэглэлт мөчүүдэд хамт байж, нандин дурсамжуудыг нь хуваалцдаг тэргүүлэгч гэр ахуйн эдлэлийн брэнд болсныг харцгаая.

Ерөнхийлөгчийн зоогийн ширээнээс эхлээд Met Gala үдэшлэгийг чимсэн Lenox брэнд (фото 1)

Уолтер Скотт Ленокс, Керамик эдлэлийн студи

Цаг хугацааг ухраан харвал тэртээх 1889 онд дэлхийн ирээдүйн шилдэг шаазан үйлдвэрлэгч Уолтер Скотт Ленокс дээд зэргийн чанартай атлаа гоо үзэмжтэй шаазан эдлэл урлах цорын ганц зорилго тээн керамик эдлэлийн студи нээснээр одоогийн Lenox брэндийн түүх эхэлжээ. XX зууны эхээр Америк гэрийн эзэгтэй нарын дунд зоогийн ширээг үнэтэй, гоёмсог, олон хүнд зориулсан шаазан эдлэлээр чимэглэх тренд дэлгэрч байсан бөгөөд Ленокс үүнийг анзаарч, боломжит зах зээл байгааг олж харсан бөгөөд ийнхүү тэрээр 1902 онд хэрэглэгчдэд гар аргаар зурсан гоёмсог зургуудтай гангар шаазан аяга таваг санал болгож эхэлжээ. Lenox-ын шаазан эдлэлүүдийг тухайн үед нэр алдар нь мандаж байсан уран бүтээлч Уильям Морли чимэглэж байсан нь хүмүүст бүр ч ихээр таалагдаж байв. Түүний бизнес санаа нүдээ олж, тун удалгүй Lenox Нью-Жерси дахь жижиг керамик студиэс Америк даяар дурладаг шаазан эдлэлийн брэнд болон хувирав. Он цаг улиран одох тусам Lenox брэнд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмж, шаазан эдлэлийнхээ чанарыг сайжруулсаар ирсэн нь тэдний нэр хүнд өсөж, цар хүрээгээ улам бүр тэлэхэд хүргэсэн юм. Өнөөдөр Lenox брэндийн шаазан эдлэлийн цуглуулгууд дэлхийн олон орны хүмүүсийн хэрэглээ болоод зогсохгүй Америкийн архитектурын институтийн хэд, хэдэн шагнал хүртэж, Франц дахь Керамик урлалын үндэсний музейн үзмэр болоод амжжээ.

Гангар шаазан гэж юу вэ? Энэ нь бусад шаазангуудаас ямар онцлогтой вэ?

"Bone China" буюу гангар шаазан (ясан шаазан ч гэж нэрлэдэг) нь хамгийн анх Тан улсын үед зохион бүтээгдсэн гэгддэг бөгөөд тухайн үедээ "өндөгний хальс" хэмээн нэрлэгддэг байжээ. Үнэхээр ч энэхүү шаазан нь хальс шиг нимгэн, сүү шиг тунгалаг, нэвт гэрэлтдэг, маш нарийн хийцтэй тул маш үнэ цэнэтэй, ховор нандин эдлэлд тооцогддог байв. Ясан шаазан нь гаднаасаа эмзэг, хэврэг харагдах авч үнэн хэрэгтээ хамгийн бат бөх шаазан юм. Учир нь ясан шаазанг үхэр эсвэл гахайн ясны үнс, кальцийн фосфат, нарийн цагаан шавар (каолин) зэргийг ашиглан бүтээдэг учраас бусад шаазан эдлэлтэй харьцуулахад маш бат бөх, эдэлгээ сайтай болдог байна.

Ерөнхийлөгчийн зоогийн ширээнээс эхлээд Met Gala үдэшлэгийг чимсэн Lenox брэнд (фото 2)

Lenox брэнд нь АНУ дахь цорын ганц гангар шаазан үйлдвэрлэгч компани юм. Lenox-ын Хойд Каролина дахь Кинстон хотын шаазан эдлэлийн үйлдвэр нь байж болох хамгийн өндөр стандарт бүхий олон шат дамжлагатай технологи ашиглан гангар шаазан эдлэлүүдээ бүтээдэг. Тухайлбал бүтээгдэхүүн бүр 20 удаа чанарын сорилд ордог бөгөөд зургаан удаа дахин шалгагдсаны дараа үйлдвэрээс гардаг. Мөн Lenox брэнд нь орчин үеийн амьдралын хэв маягт тохируулан олон жилийн туршлага дээр суурилсан дэвшилтэт технологийг ашиглан 100% угаалгын машины хамгаалалттай, шарах шүүгээ болон түргэн халаагчинд тэсвэртэй гангар шаазан бүтээдгээрээ онцлогтой.

Урлагийн бүтээл мэт дизайн

Lenox брэнд гангар шаазан эдлэлээ олон жилийн турш уламжлагдан ирсэн техникийн дагуу урладаг ч гаднах дизайн нь үргэлж шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Абстракт урлаг, ар-деко, сонгодог, контемпорари, винтэж зэрэг олон хэв маяг бүхий хээтэй, алт, платинум зэрэг төрөл бүрийн үнэт металлуудаар чимэглэсэн гээд дизайнеруудын дундаршгүй уран сэтгэмжээр бүтээгдсэн гангар шаазангийн цуглуулгууд нь зоогийн ширээг чимэглээд зогсохгүй шаазан цуглуулагчдын дунд өндрөөр үнэлэгдэж ирсэн юм.

130 жилийн турш үргэлжилж буй инноваци

Хамгийн анх Lenox брэнд 1910 онд "Belleek" гэх зөөлөн цайвар өнгийн шавраар хийсэн, гадаргуу дээрээ цэцгэн хээтэй гоёмсог аяга тавагны цуглуулга гаргаж байжээ. Үүний дараа 1917 онд тэд чулуун бараар хэвлэсэн өнгөт хээ угалзаар шаазан эдлэлүүдээ чимэглэн туршилт хийсэн бөгөөд шинэлэг элементтэй "Mandarin" ба "Ming" гэх анхны загваруудаа танилцуулсан нь асар их амжилт олж, 50 жилийн турш өндөр эрэлттэй хэвээр байсан юм. Харин тэд 1918 он гэхэд паалангаар цэгэн толбо тавих техник нэвтрүүлснээр илүү баялаг детальтай, гоёмсог хээ урлах боломжтой болсон байдаг. Улмаар тэд зааны ясан өнгөтэй шаазанг орлох цасан цагаан шаазан (1963), Temperware гэх хөлдөөгч, зууханд тэсвэртэй шаазан (1972), богино долгионы зууханд тэсвэртэй, металлик чимэглэлүүдтэй (2002) шаазан аяга тавагны цуглуулгуудыг тус, тус урлаж дэлхий даяар хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн юм. Гайхалтай нь дээрх загварууд нь одоог хүртэл эрэлттэй хэвээр байгаа билээ.

Тэргүүн хатагтайн зоогийн ширээнээс Met Gala-гийн үдэшлэг хүртэл

1918 онд АНУ-ын 28 дах ерөнхийлөгч Вудро Вильсоны хүсэлтээр Цагаан ордноос 1,700 ширхэг шаазан эдлэл захиалснаар Lenox брэнд нь ерөнхийлөгчийн зоогийн ширээнд заларсан анхны шаазан эдлэлийн компани болсон юм. Үүнээс хойш брэндийн цуглуулгууд нь Франклин Д. Рузвельт, Харри С. Труман, Рональд Рейган, Жорж Уокер Буш, Билл Клинтон гээд АНУ-ын Цагаан ордонд ажиллаж амьдарч байсан үе, үеийн зургаан ерөнхийлөгч ба тэдний гэр бүлийн өдөр тутмын хэрэглээнд болон төрийн тусгай үйлчилгээнд хэрэглэгдэж иржээ. Ингэж Lenox брэнд гар аргаар урласан олон янзын хээ, шигтгэмэл дүрс бүхий давтагдашгүй загварууд болон гайхалтай чанараараа дэлхийн тэргүүлэгч гангар шаазан эдлэлийн брэнд гэх нэр хүндийг дэлхийн нөлөө бүхий эрхмүүдээс эхлээд энгийн ард иргэдийн дунд олж авч чадсан юм. Ингээд ч зогсохгүй тэд Donna Karan, Marchesa, Kate Spade зэрэг дэлхийн тансаг зэрэглэлийн загварын орднуудтай хамтран давтагдашгүй бүтээлүүд туурвисаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Lenox брэндийн Marchesa ордонтой хамтран урласан 24 каратын алтан чимэглэлтэй, цэцгэн хээтэй, зөөлөн ягаан өнгийн шаазан эдлэлийн цуглуулга Метрополитен урлагийн музейгээс жил бүр зохион байгуулдаг Met Gala 2019 үдэшлэгийн зоогийн ширээг чимэглэн, загвар, урлаг соёлын нөлөө бүхий төлөөлөгчдийн таашаалыг хүртсэн билээ.

Lenox Mongolia
Хаяг: Зайсан Скуэр төвийн 3-р давхарт. Утас: 7555-2424
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх