Хайх

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ?

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ?

Мэргэжилтнүүд зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Нүдээр харсан ч, дотор нь ороод амьдарсан ч өндөр гоо зүй, тав тух мэдрүүлэх тэрхүү интерьер дизайныг гаргахын тулд дан ганц амьдралын хэв маяг, сонирхолдоо хөтлөгдөхөөс гадна мэргэжлийн зөвлөгөө, тус салбарын онолын ухааныг харгалзаж үзэх шаардлагатай билээ. Тиймдээ ч эхэндээ шалихгүй зүйл шиг санагдаж, хэрэгжүүлээгүй алгассан деталь бүр эцсийн үр дүнд нөлөөлөх боломжтойг мэргэжилтнүүд анхааруулдаг юм. Тэгвэл сэтгэлд бүрэн нийцсэн интерьер дизайныг гаргахын тулд юунд анхаарах ёстой вэ?

Гэрэлтүүлгийн ач холбогдлыг дутуу үнэлэхгүй байх

Тухайн орчинг хэрхэн хүлээж авах нь өрөөний гэрэлтүүлгээс ихэд хамаардаг. Гэрлээс шалтгаалан хана, тавилгын өнгө хувирдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санаанд нөлөөлдөг билээ. Тус сэдвийн дагуу Nicole Hollis Inc. компанийн дизайнер Николь Холлис “Гэрлийг мэргэжлийн хүний тусламжтай байршуулах хэрэгтэй. Харин бие даан хийх гэж байгаа тохиолдолд таазны гэрэл, босоо гэрэл болон ширээний гэрэл гэсэн гурван гэрэлтүүлгийг байршуулаарай” хэмээн зөвлөжээ.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 1)

Хэт том эсвэл хэт жижиг тавилга сонгохгүй байх

Ерөнхийдөө, тавилга эсвэл декорын хэмжээ тухайн орон зайн гоо зүй болон зориулалтыг эвдэхгүй байх шаардлагатай юм. Жишээ нь, хэрэв та аварга том буйдан авсан ч доор нь тавих хивс стандарт 200x300 хэмжээтэй бол энэ нь яг л захидал дээр наасан шуудангийн марк шиг хэмжээний хувьд зохимжгүй харагдах болно. Тиймээс буйдан тавьсан ч дөрвөн талдаа дор хаяж 30см илүү зай гарах хивсийг сонгоорой. 

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 2)

Уран зургийг зөв байршуулах

Гэрийн орчинг илүү амьд, үзэсгэлэнтэй болгодог декоруудын нэг болох уран зургийг хэт өндөрт биш, харин харааны түвшинтэй ижил өндөрт байршуулахад тохиромжтой. Ингэснээр уран зураг дан ганц гэрийн тань ханыг чимээд зогсохгүй сэтгэл санааг дээшлүүлэх дулаан хэсэг нь болдог. Үүнээс гадна интерьерийг хэт энгийн, уйтгартай болгохгүйн тулд уран зургийг нэг хананд хэт олноор нь өлгөхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулдаг билээ. 

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 3)

Нэг газарт хэт их декор байршуулахгүй байх

Аливаа декор, тавилгыг их хэмжээгээр эсвэл зай, завсаргүй шахаж байршуулах нь интерьер дизайныг нураадаг бас нэгэн хүчин зүйл юм. Тухайлбал, нэг том ширээний оронд гурван жижиг ширээ тавьж эсвэл тавиур дээр хэт их жаазтай зураг байршуулахаас зайлсхийгээрэй.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 4)

Бүх тавилгуудаа хананд нааж тавихгүй байх

Бүх тавилгуудаа ханатай ойрхон байршуулах нь гэрийн уур амьсгалыг маш уйтгартай болгодог бөгөөд илүү сонирхолтой орчныг бүрдүүлэхийн тулд гэрийнхээ орон зайг боломжоороо ашиглах шаардлагатай. “Тавилгуудаа шууд байршуулж эхлэхээсээ өмнө цаасан дээр санаануудаа буулгаад ерөнхий төсөөллөө бий болгосон нь дээр. Хэрэв та юу ч бодож олж чадаагүй бол өрөөний төв хэсэгт хэд хэдэн сандал тавих арга байдаг” хэмээн Young Huh Interior Design компанийн захирал Янг Ха зөвлөсөн байна.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх