Хайх

2021 оны 6 супер хүнс: Манжин, ашваганда, хулууны үр болон бусад

2021 оны 6 супер хүнс: Манжин, ашваганда, хулууны үр болон бусад

Text: Buro.Mongolia


Исгэсэн хүнсний бүтээгдэхүүн

2021 оны 6 супер хүнс: Манжин, ашваганда, хулууны үр болон бусад (фото 1)

Бидний биеийн ерөнхий эрүүл мэнд ходоод гэдэсний эрүүл мэндээс шууд шалтгаалдаг тул энэ жил ашигтай бактериар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд эргээд анхаарлын төвд байх болно. Сауэркраут (Германы уламжлалт даршилсан байцаа), темпе (Индонезоос гаралтай исгэсэн шар буурцгийн шошоор хийгддэг хүнс), комбуча, кимчи зэрэг исгэсэн бүтээгдэхүүнүүдэд их хэмжээний ашигтай бактери агуулагддаг бөгөөд эдгээр нь хоол боловсруулах эрхтний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, цаашлаад дархлаа дэмжих ач тустай билээ. Дэлхий нийтийг цочроогоод буй энэ хүнд нөхцөлд нэн түрүүнд дархлаагаа дэмжихийг уриалж байна.

Гарал үүсэл: Улс орон болгон өөрсдийн гэсэн исгэсэн хоолны бүтээгдэхүүнтэй байдгаараа онцлог.

Хоолны жор: Ашигтай бактериудаар баялаг атлаа бэлтгэхэд амархан салат бол даршилсан байцаа юм. Орцод ердөө л 2ш дунд хэмжээтэй байцаа, 1 цайны халбага сахар болон 45г давс орно. Сахар, давсны хольцтой нарийн хэрчиж бэлтгэсэн байцаагаа шилэн савандаа дүүртэл нь хийгээд (сав дүүрээгүй тохиолдолд байцаанаас ялгарах шүүс бага байдаг) тасалгааны температурт (хэрэв тасалгаа 19 С градусаас бага тохиолдолд шүүс удаан ялгардаг бөгөөд үнийг идэвхжүүлэхийн тулд хагас стакан ус нэмж болно) дор хаяж 3 хонуулахад эрүүл бөгөөд амттай салат бэлэн болно.

Breadfruit буюу Талхан жимс

2021 оны 6 супер хүнс: Манжин, ашваганда, хулууны үр болон бусад (фото 2)

Энэхүү жимс гэхээсээ илүү хүнсний ногоо нь халуун орны болон Номхон далайн өмнөд хэсэгт амьдардаг хүмүүсийн хоолны соёлд эртнээс хэрэглэгдэж ирсэн ч дэлхийн хоол, хүнсний мэргэжилтнүүдийн хараанд саяхнаас өртөж эхэлжээ. Учир нь тус ногоо нь цавуулаггүй бөгөөд нүүрс ус, антиоксидант, кальци, зэс, хүнсний эслэг, төмөр, магни, омега 3, омега 6, фосфор, кали, тиамин, витамин А болон витамин С зэргээр баялаг юм. Мөн талхан жимсний уургийн агууламж өндөр тул махнаас татгалзсан, цагаан хоолны дэглэм рүү шилжих гэж буй хүмүүс хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Үүнээс гадна breadfruit нь арьсыг гэрэлтсэн, цайвар, толигор харагдуулдаг витамин С-р баялаг гэдгийг онцлох хэрэгтэй.

Гарал үүсэл: Шинэ Гвиней, Индонез, Малайз, Филиппин

Хоолны жор: Талхан жимсийг халуун орны төмс гэж тодорхойлдог (төмснөөс шим тэжээлийн хувьд хэд дахин илүү). Тиймээс тус хүнсийг жигнэж, чанаж, шарах боломжтой бөгөөд бүх төрлийн шөлтэй хоол, хуурга, талх болон салатанд хийж болно.

Манжин

2021 оны 6 супер хүнс: Манжин, ашваганда, хулууны үр болон бусад (фото 3)

Дасгал хийж фитнессийн танхимд цагаа өнгөрүүлдэг хүмүүсийн дурлаж хэрэглэдэг хүнсний ногоонуудын нэг бол манжин юм. Учир нь манжин нь ус, эслэгээр баялаг, илчлэг багатай бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд жингээ хасах зорилготой хүнд нэн тохиромжтой. Түүнчлэн хүнсний нитратаар баялаг энэхүү ногоо нь хүний биед ороод азотын исэл болон хувирдаг байна. Харин тус молекул нь цусны даралтыг бууруулж, тархины үйл ажиллагааг сайжруулан дасгал хөдөлгөөнийг дэмждэг чухал ач холбогдолтой. Гэвч нитратын орцтой л бол эрүүл мэндэд тустай гэж бодож болохгүй юм. Учир нь хүнсний бүтээгдэхүүний бичил орчны өсөлтийг зогсоох замаар хадгалах хугацааг уртасгадаг нитратын орцтой гахайн мах, хиам зэргийг хэрэглэх нь урт хугацаандаа хавдрын эс үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг билээ.

Гарал үүсэл: Эртний Египет, Грек, Ром

Хоолны жор: 130г сүү, 220г манжин эсвэл 2х.х манжингийн нунтаг, 50г хөлдөөсөн манго, 50г хөлдөөсөн нэрс, 130г бууцай, 1х.х чиа үрийг нийлүүлэн блэндэр машинд хийж холиорой. Ингээд шим тэжээлээр баялаг смүүти бэлэн болно.

Ашваганда

2021 оны 6 супер хүнс: Манжин, ашваганда, хулууны үр болон бусад (фото 4)

Ашваганда нь Энэтхэг улсаас гаралтай бөгөөд Аюурведа буюу тус улсын уламжлалт анагаах ухааны гол ургамлуудын нэг юм. Түүнчлэн ашвагандаг адаптоген буюу байгалийн “эрч хүчний ундаа” гэж нэрлэдэг. Тус ургамал нь түгшүүр, стресс, сэтгэл гутралыг анагаахад тустайн сацуу цусны даралтыг бууруулж, тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, ой санамжийг сайжруулдаг билээ. Мөн багагүй судалгаануудад ашваганданы антиоксидантаар баялаг, үрэвслийн эсрэг үйлчилгээг нь онцолсон байдаг бөгөөд Туретт синдром, араг яс, булчингийн өвдөлт, үений үрэвслийн оноштой хүмүүст хэрэглэхийг зөвлөдөг.

Гарал үүсэл: Энэтхэг

Хоолны жор: 480г самрын тос (дурын самар), 65г буталсан шоколад, 30г чиа үр, 30г зөгийн бал, 65г синнамон, 65г дурын хатаасан жимс болон 30г ашваганданы нунтгийг холин жижиг бөмбөлгөн хэлбэрт оруулж наргил модны самрын үйрмэгт өнхрүүлээд 1 цагийн турш хөргөгчид байлгаснаар эрүүл мэндэд тустай амттан бэлэн болно. Мөн ашвагандаг хэрэглэх хамгийн амархан аргуудын нэг бол кофендоо нэмэлтээр оруулах юм. Энэхүү ургамлын гашуун амтыг чихэрлэг зүйлээр дархаасаа илүү амтны хувьд төстэй кофетой холих нь тохиромжтой.

Chickpeas буюу ангаахай шош

2021 оны 6 супер хүнс: Манжин, ашваганда, хулууны үр болон бусад (фото 5)

Витамин, минерал, эслэг болон бусад бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүний нэгт яахын аргагүй ангаахай шош тооцогддог. Ердөө 130г ангаахай шошид насанд хүрсэн хүний өдрийн хэрэгцээний 1/3 хэсгийг хангах хэмжээний уураг байдаг төдийгүй антиоксидантаар баялаг гэдгээрээ онцлог. Түүнчлэн хагас аяга (65г) ангаахай шошид 6-7г эслэг агуулагддаг нь хоол боловсруулах системийг дэмжиж, LDL буюу “муу” холестеролын түвшинг тэнцвэржүүлж, зүрх, судасны өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. Өдөр тутмын хэрэглээндээ 100г ангаахай шошийг нэвтрүүлснээр зүрхний шигдээсийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ хэтрүүлэн идэх, амин чухал эрхтний өөхлөлт болон жин нэмэхээс сэргийлдэг байна.

Гарал үүсэл: Турк, Грек, Сири

Хоолны жор: Ангаахай шошийг маш олон янзаар хоол, хүнсэндээ хэрэглэх боломжтой. 220 С градусын шарах шүүгээнд 20-30 минутын турш алтан шаргал өнгөтэй болтол нь шарж уургаар баялаг зуушаа бэлдээрэй. Мөн шарах шүүгээнд болгосон шошоо үрлэн улаан лооль, өргөст хэмх, ямааны бяслагтай холин бага зэрэг лимоны шүүсээр амталснаар хөнгөн зууш бэлэн болно.

Хулууны үр

2021 оны 6 супер хүнс: Манжин, ашваганда, хулууны үр болон бусад (фото 6)

Та яг одоо шим тэжээлийн “уурхай” гэж тодорхойлогддог хүнсний бүтээгдэхүүний талаар унших гэж байна. Ямар ч төрлийн самраас их уураг, антиоксидант, ясны эрүүл байдлыг хангадаг магни, ханаагүй өөх болон өөх тосны хүчил агуулдаг хулууны үр нь гипогликемийн болон паразитын эсрэг шинж чанартай юм. Өдөр тутамдаа тогтмол хэрэглэх нь зүрх, давсаг, түрүү булчирхайн үйл ажиллагааг сайжруулна. Түүнчлэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тогтоосноор эмэгтэйчүүдийн 80% нь цайрын дутагдалтай байдаг бөгөөд энэ нь жирэмсний эхэн үед ялгарах дааврын түвшинг тогтворгүй болгодог байна.

Харин энэхүү асуудлыг шийдэх төгс бүтээгдэхүүн бол 100г бүрт 7.99г цайр агуулдаг хулууны үр юм. Мөн хулууны үр нь эслэгээр баялаг тул таргалалт, чихрийн шижингээр өвчлөхөөс сэргийлдэг билээ. Илчлэгийн хувьд өндөрт (100 граммд 446 ккал) тооцогддог учраас өдрийн хэрэглээгээ 30 граммаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Гарал үүсэл: Өмнөд болон Хойд Америк

Хоолны жор: Хулууны үрийг шарах шүүгээнд болгож эсвэл түүхийгээр нь шууд хэрэглэж болно. Дангаар нь идэхээс гадна смүүти, тараг, йогурт, зууш, бүх төрлийн шөл, болон гурилан бүтээгдэхүүнд нэмэлтээр хэрэглэх боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх