Хайх

Пикник аялалд явцгаая: Хүнсний сагсандаа юу бэлдэх вэ?

Пикник аялалд явцгаая: Хүнсний сагсандаа юу бэлдэх вэ?

Эрүүл бөгөөд амтархан хүнсний сагс бүрдүүлцгээе

Text: Buro.Mongolia


Урин дулаан цаг ирсэн учир та энэ дэлгэр зуны өдрүүдэд аль болох цэвэр агаарт их цагийг өнгөрөөхийг хичээгээрэй. Удахгүй наадмын амралтын өдрүүд ч тохиох тул гэр бүл, найз нөхөдийн хамт агаарт пикник аялал зохион байгуулж, дурсамж дүүрэн мөчүүдийг бий болгохыг бид зөвлөж байна. Харин пикник аяллын хамгийн гол зүйл бол хүнсний сагс юм. Тийм учраас та дараах сагсандаа хийх хүнсний зөвлөмжүүдээс санаа аваарай.

Пикник зохион байгуулахдаа та голын эрэг, цэцэрлэгт хүрээлэн, зуслангийнхаа гадна гээд л олон агаар салхитай газруудаас сонголтоо хийж болох байна. Мөн машины чимээ шуугиан ихтэй замаас хол газар тухлан суухыг эрмэлзээрэй. Түүнчлэн зөв уур амьсгалыг бүрдүүлэх их чухал юм шүү.

Юуны өмнө хангалттай их уух цэвэр усаа базааж аваарай. Зуны улиралд халууцаж, цангах нь элбэг бөгөөд бид цангах мэдрэмжийг өлсөх мэдрэмжтэй андуурдаг байна. Үүний зэрэгцээ хангалттай ус уух нь хэт идэхээс сэргийлж өгдөг билээ.

Пикник аялалд явцгаая: Хүнсний сагсандаа юу бэлдэх вэ? (фото 1)

Мөн сагсандаа түлхүү тэжээллэг, эслэг болон уураг ихтэй, ургамлын гаралтай, өөх тосоор баялаг хоол хүнс бэлдэхийг бид зөвлөж байна. Ийм төрлийн хоол хүнс нь танд удаан хугацааны турш цатгалан мэдрэмжийг төрүүлж, хэтрүүлэн идэх эрсдэлийг бууруулах бөгөөд найзуудаараа хөгжилдөх эрч хүчийг бэлэглэнэ. Түүнчлэн жижиглэж хэрчсэн лууван, хумус (буурцагны нухаш), төрөл бүрийн самар, тахианы цээж мах болон авокадотой сэндвич зэрэг хоол хүнс нь хийж бэлтгэхэд хялбар байдаг тул та эдгээрийг бас сагсандаа нэмээрэй. Эдгээр хүнс нь маш амттай, тэжээллэг бөгөөд та жин нэмнэ хэмээн айх хэрэггүй юм.

Пикник аялалд явцгаая: Хүнсний сагсандаа юу бэлдэх вэ? (фото 2)

Харин амттаны хувьд жимс жимсгэнэ бэлдэх нь илүү тохиромжтой. Төрөл бүрийн жигнэмэг, шоколад болон бусад амттанууд цусан дахь сахарын хэмжээг огцом дээшлүүлдэг бөгөөд ходоодонд хүнд мэдрэмж өгдөг талтай. Эсрэгээрээ нэрс, аньс, бөөрөлзгөнө зэрэг жимснүүд хүний биед асар их ашиг тустай байдгаас гадна антиоксидантын эх үүсвэрүүд билээ. Харин усан үзэм, гадил жимсийг хэт их хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Учир нь эдгээр жимснүүд илчлэг ихтэй бөгөөд агаарт хоолны дуршил нэмэгддэг тул илчлэг ихтэй хүнсийг сонгоод хэрэггүй юм.

Пикник аялалд явцгаая: Хүнсний сагсандаа юу бэлдэх вэ? (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх