Хайх

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ?

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ?

Text: Buro.Mongolia


Энэ дэлхийн хамгийн гэгээлэг баяр болох Хүүхдийн баяр болоход хэдхэн өдөр үлдлээ! Хүүхэд бэлгээ хүлээн авах мөчид тэдний царайд гэрэл тодрох агшин юутай ч зүйрлэшгүй. Гэхдээ хэрэв та тэдний Өвлийн өвгөнд бичсэн захидал, найзуудтайгаа бичсэн чат эсвэл өдрийн тэмдэглэлийг нь нууцаар уншаагүй л бол яг ямар бэлэг авахыг хүсэж байгааг нь таахад бэрх байх болно. Үүнээс гадна орчин үеийн хүүхдүүд илүү догь, хөгжингүй болсон тул тэдэнд ч бас хамгийн "cool" бэлэгнүүдийг сонгох хэрэгтэй. Тиймээс бид таны ажлыг хөнгөвчлөх зорилгоор таны шоппинг жагсаалтад байгаа нас, насны хүүхдүүдэд таалагдах эд зүйлсийг нэг дор цуглууллаа.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу товчхондоо Хүүхдийн баяр нь бидэнд өхөөрдөм бяцхан үрсээ хамгаалахын зэрэгцээ тэднийг хайрлаж, энхрийлж, сонсож, ойлгож, баярлуулах нь бидний үүрэг гэдгийг жил бүр сануулдаг билээ. Амьдралын утга учир, аз жаргал болсон энхрий үрсдээ Хүүхдийн баярын мэнд хүргэе!

Өсвөр насныханд


Tivoo-Max ухаалаг спикер

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 1)

 

Хүчирхэг атлаа авсаархан энэхүү ухаалаг спикерийг гэртээ, аялал, зугаалгад, хичээлийн завсарлагаар гээд хаа сайгүй биедээ авч явж болно. Хонг Конгийн Divoom брэндийн хамгийн сүүлд танилцуулагдсан энэхүү ухаалаг спикер нь 40 ваттын, 2.1 стерео аудио системтэй бөгөөд 20 ваттын дуу өсгөгчтэй. Мөн Tivoo-Max спикерээр зөвхөн дуу хөгжим сонсоод зогсохгүй тоглоом тоглож, сэрүүлэг тавьж, ямар нэг тэмцээний оноо тэмдэглэх гээд нэгэн зэрэг олон үйлдэл хийж болно. Өөрөөр хэлбэл өөрийгөө хүндэлдэг өсвөр насныхан бүрт заавал байх ёстой төхөөрөмж юм.

 

Forest Concert Labubu Blindbox тоглоом

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 2)

BTS болон Backstreet Boys хамтлагууд болгоомжтой байгаарай! Учир нь Шидэт ойн дуучин, төгөлдөр хуурч, хийлч, бөмбөрчин, гитарчин, бүрээчин гээд нийт 12 хөгжимчдөөс бүрдсэн өхөөрдөм хамтлаг хүн бүхний сэтгэлийг татаж байна. Хонг Конг гаралтай Бельгийн уран бүтээлч, дизайнер Кэйсинг Лунгийн POP Mart брэндтэй хамтран гаргасан Forest Concert гэх дизайнерын тоглоомын цувралд багтсан гайхалтай бяцхан хөгжимчдийг цуглуулж, хамтлаг бүрдүүлээрэй. Азийн цуглуулгын тоглоомын зах зээлийг аль хэдийнэ байлдан дагуулсан POP Mart брэндийн төрөл бүрийн баатруудаас бүрдсэн цувралууд Монгол хүүхдүүдэд ч таалагдана гэдэгт бид итгэлтэй байна.

 

Тэрбумтан тоглоом

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 3)

Технологийн "мэргэжилтнүүд" гэж хэлж болох орчин үеийн өсвөр насныханд хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдээс гадна, оюун ухааныг нь хөгжүүлж, амьдралд хэрэгцээтэй мэдээлэл олгох интерактив тоглоом сайхан сонголт болно. Монголын шилдэг 100 ААН-ийн зах зээлд эзлэх байр суурийг уялдуулан бүтээсэн Тэрбумтан хөлөгт тоглоом нь эдийн засгийн анхан шатны мэдлэг олгож, бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, мөнгөтэй харьцах зөв хандлагыг төлөвшүүлэх зэрэг амьдралд хэрэгтэй олон ур чадварыг нээж өгнө. Жишээ нь компани худалдан авч, үүнийгээ корпорац болгон өргөжүүлж, хувьцаа, бонд зэрэг үнэт цааснаас ашиг хүртэж, бизнесийн хүчирхэг эзэнт гүрэн байгуулж тоглоно. Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэх зуураа санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх сайхан боломж байх болно.

 

iTunes бэлэгний карт

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 4)

Apple Music дээрх 50 сая дуу, App Store-ын олон сая апп, Apple Books-ийн шилдэг номууд, мөн хамгийн сүүлийн үеийн кино ба телевизийн цуврал гээд хүүхэд тань энэхүү шидэт бэлэгний картыг ашиглан хүссэн контентоо ашиглах боломжтой. Мөн $25, $50, $100 долларын үнийн сонголттой бэлэгний картыг цахим шуудангаар, зурвасын хамт илгээж болно.

 

Woom унадаг дугуй

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 5)

Woom брэндийн энэхүү шинэ загвар нь маш хөнгөн жинтэй бөгөөд өдөр тутам унахад зориулагдсан энгийн үйлдэлтэй гэдгээрээ давуу талтай. Зохион бүтээгчид хөнгөн жин, уян хатан чанарыг нэгтгэн хүндийн төвийг тэнцвэржүүлж өгсөн тул засмал замаас эхлээд бартаат зам хүртэлх төрөл бүрийн гадаргуу дээр саадгүй давхих боломжийг хүүхдүүдэд олгоно. Woom унадаг дугуйг 140-165 см өндөртэй хүүхдүүд унахад тохиромжтой.

 

Marvel-ын жижиг баатрууд

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 6)

Хүүхдүүд төдийгүй томчууд бидний анхаарлын төвд байгаа Marvel-ын ертөнцтэй холбоотой бүхэн супер бэлэг болно гэдэгт итгэлтэй байж болно. Жишээ нь цуглуулах зориулалттай Marvel-ын жижиг баатруудыг их хотын олон дэлгүүрээс олох боломжтой юм.

 

Бага насныханд

 

Avdar Тoys хүүхдийн модон спорт комплекс

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 7)

Та хүүхэд насандаа сандал, ширээгээ бүтээлгээр бүтээж байшин болгон тоглож эсвэл байрны гадаах өвөрмөц хэлбэр дүрстэй төмөр тоглоомууд дээр авирч, зүүгдэн хөгжилддөг байснаа санаж байна уу? Хүүхэд бүр ингэж тоглосноор сэтгэл зүйн хувьд тусгаар хүн гэдгээ мэдэрч, бие бялдраа хөгжүүлдэг байна. Avdar Toys брэндийн энэхүү модон спорт комплекс нь 1,5-7 настай хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжих, оюун ухаан болон сэтгэл зүйн хэрэгцээг нь хангах зорилгоор зохион бүтээгдсэн бөгөөд хүүхдэд өөрийн гэсэн орон зай бүрдүүлж, бүтээлч байдлаар тоглоход нь туслах болно. Гулсуур, савлуур, модон цагиргаас бүрдэх 1,2 м2 хэмжээтэй модон спорт комплексыг гэртээ, зуслангийн байшиндаа байршуулан, бяцхан үрсдээ авсаархан хүүхдийн тоглоомын талбай (1,5 м2 талбайтай) байгуулж өгөөрэй!

 

Avdar Toys Бяцхан архитектор блок сет

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 8)

Тоглоом энгийн байх тусмаа хамгийн их нөлөөтэй бас хамгийн хэрэгцээтэй байдаг. Avdar Toys-ын Бяцхан архитектор тоглоом нь олон төрлийн тоглоомыг орлож, хүүхдийн бүтээлч байдлыг өдөөж өгдөг бөгөөд тодорхой тоглох арга барил зааж, хязгаарладаггүй давуу талтай. Өөрөөр хэлбэл хүүхэд уран сэтгэмж, бүтээлч байдлаа ашиглан хүссэнээрээ бүтээж, туурвиж болно гэсэн үг юм. Нийт 37 ширхэг сонирхолтой модон дүрснүүдийг хүүхэд хүссэнээрээ өрж, байшин байгууламж барихаас гадна усан онгоц, машин, пуужин зэрэг төрөл бүрийн эд зүйлсийг бүтээх боломжтой. Мөн Германы эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй усан будгаар будаж, гар аргаар урласан энэхүү эко тоглоом нь модны хээ угалз болон гарт өгөх мэдрэмжийг будгаар далдлаагүй гэдгээрээ онцлогтой.

 

Beanie Boos зөөлөн тоглоом

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 9)

Асар том нүдтэй, өнгө, өнгийн өхөөрдөм Beanie Boos чихмэл тоглоомууд 2009 оноос эхлэн дэлхийн хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж эхэлсэн билээ. Дэлхийн хамгийн том чихмэл тоглоом үйлдвэрлэгч Америкийн Ty нэртэй компанийн бүтээсэн энэхүү цувралд бамбарууш, гөлөг, матар, сармагчин, зааны тугал, анааш, пони гээд янз бүрийн өнгө, хэмжээтэй, төрөл бүрийн амьтад багтдаг. Таны хүүхэд Beanie Boos зөөлөн тоглоомыг харсан цагаасаа эхлэн гараасаа бараг л салгахгүй бөгөөд хаа сайгүй тэвэрч явдаг үүрдийн сайн найз нь болно гэдэгт итгэлтэй байна.

 

Poopsie слайм

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 10)

Өхөөрдөм ганц эвэртийг хооллосны дараа түүнээс слайм бүхий гэнэтийн бэлэг хүлээн аваарай! Слайм дээр төрөл бүрийн саа цацаж, будаг оруулан хүссэн хэлбэрт оруулан тоглож болно. Эсвэл тусгай орц найрлагыг нь устай хольж өөрийн гараар слайм бүтээгээрэй. Түүнчлэн слайм бүрт өхөөрдөм амьтан дагалдаж ирдэг. Яг л амттан шиг үнэртэй слайм нь хүүхдийн гар хурууны хөдөлгөөний эв дүйг сайжруулахаас гадна уран сэтгэмжийг нь хөгжүүлнэ.

 

Nerf Gun тоглоомон буу

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 11)

Бид хөвгүүдэд өгч болох шилдэг бэлгийг оллоо! Тусгай хөөсөн материалаар бүтээгдсэн зөөлөн сумнууд, технологийн дэвшилтэт эх бие бүхий Nerf буу нь хэн нэгнийг гэмтээж эсвэл хөршийнхөө цонхыг хагална гэж эмээлгүйгээр хүссэнээрээ дайтах боломжийг олгоно. Асар хурдан, хөнгөн үйлдэлтэй хүчирхэг бууг ашиглан найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ байлдаж хөгжилдөөрэй.

 

Hoverboard буюу нисдэг тавцан

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 12)

Hoverboard буюу нисдэг тавцан одоог хүртэл хүүхдүүдийн дурладаг, эрэлт өндөртэй төхөөрөмжүүдийн нэг хэвээр байна. Тэр дундаа илүү хурдан, аккумулятор нь хэт их халдаггүй LED гэрэлтэй Hoverzon S, хэрэглэлгүй орхисны 10 минутын дараа автоматаар унтарч цэнэгээ 2.5 цаг барьдаг Veeko, хүүхдүүдийн сонирхлыг ихэд татдаг футуристик загвартай Tomoloo зэрэг загварууд одоогоор шилдэгт нэрлэгдэж байна.

 

Трамполин

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 13)

Гэрийнхээ хашаанд хүссэнээрээ үсэрч, дэвхцэн найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгох трамполинтай байна гэдэг хүүхэд бүрийн бяцхан мөрөөдөл биз ээ. Хүүхдэд зориулсан трамполин нь маш олон төрлийн хэмжээ, өнгө ба үнийн сонголттой байдаг тул заавал том хашаанд тохирох том хэмжээтэй гэлтгүй өөрт тохирсон хувилбараа олох бүрэн боломжтой.

 

L.O.L Surprise хүүхэлдэй

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 14)

L.O.L Surprise хүүхэлдэйнүүд жинхэнэ гоц үзэгдэл болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ нийтлэлийг уншиж байгаа та ч мөн энэ хүүхэлдэйн талаар дуулсан байх. L.O.L Surprise хүүхэлдэй нийт долоон давхарга баглаа боодлоос бүрдэх бөмбөг хэлбэрийн сав дотор нуугдсан байдаг тул хүүхдүүдийн хувьд ямар хүүхэлдэй гарч ирэх нь хүлээлт үүсгэж, цаашид цувралын бүх хүүхэлдэйг цуглуулан бүрдүүлэх хүслийг бадраадаг. Өөрийн гэсэн өнгө төрх, стильтэй хүүхэлдэй бүр нь өхөөрдөм том нүдтэй, бондгор биетэй тул харах төдийд л хайр хүрнэ. Үүгээр ч зогсохгүй хүүхэлдэйнүүд олдцын хувьд түгээмэл, ховор, маш ховор гэх ангиллуудад хуваагддаг бөгөөд ховор ангиллын хүүхэлдэйнүүд усанд үснийхээ өнгийг хувиргадаг, ундаа уудаг зэрэг онцгой чадваруудтай байдаг юм.

 

Lego-гийн Unikitty цуврал

Хүүхдийн баярын бэлэгний хөтөч: Орчин үеийн хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ? (фото 15)

Cartoon Network сувгаар гардаг Unikitty цуврал нь ижил нэртэй ганц эвэрт муур гүнжийн тухай өгүүлдэг бөгөөд яг одоо хүүхдүүдийн хайртай цувралуудын нэг болоод байна. Ийм ч учраас Unikitty-гийн ертөнцийг харуулсан Lego тоглоом нь бяцхан хүүхдүүдийг хязгааргүй их баярлуулах нь гарцаагүй.

цааш үзэх